Монголын анхны өвлийн спортын ордны нээлт боллоо

Монголын анхны өвлийн спортын ордны нээлт боллоо

“Степпе Арена” ХХК-ийн хэрэгжүүлсэн “Мөрөөдөл биелэх-Мөсөн өргөө” төслийн бүтээн байгуулалтын ажил дуусаж, Монголын анхны өвлийн спортын битүү дээвэртэй ордны нээлт боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээлтийн ёслолд оролцож, Олон улсын олимпын хорооны стандартад нийцсэн мөсөн гулгуурын талбай бүхий Мөсөн өргөөний бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.

Тус ордны шав тавих ёслол 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр болсон бөгөөд үндэсний аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтээр 2,600-3,600 хүний багтаамж бүхий битүү дээвэртэй спортын ордон ийнхүү баригдаж, өнөөдрөөс ашиглалтад орж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ Шадар сайдаар болон Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа тус төслийн явцтай танилцаж байсан талаараа дурдаж, энэ түүхэн өдрийн гэрч нь болж байгаадаа туйлын баяртай байгаагаа илэрхийллээ. Төслийг санаачилсан, санхүүжүүлсэн, хамтран хэрэгжүүлсэн үндэсний компаниуд нийгмийн хариуцлага гэж юу байдгийг үлгэрлэн харуулсан болохыг онцолж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар нийгмийн сайн сайхны төлөө хийж байгаа хувийн хэвшлийнхний ажлыг дэмжин ажиллахаа хэлэв.  Мөн дөрвөн улиралд дураар гулгах энэ ордны мөсөн дэвжээнээс Монголын анхны өвлийн олимпын медальтнууд, аваргууд төрөн гарна гэдэгт эргэлзэхгүй байна гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч үг хэлснийхээ дараа төслийг санхүүжүүлэн амжилттай хэрэгжүүлсэн “Ачит Ихт” ХХК, “Юнайтед Прожектс Корпорэйшн” компани, “Монголын алт” корпорац, “Степпелинк Холдинг” компанийн удирдлагуудад Талархал, “Степпе Арена” ХХК-ийн удирдлагад Дурсгалын цом гардуулав.

Тодруулбал, “Ачит Ихт” ХХК төслийн гол санхүүжүүлэгчээр оролцож, “Юнайтед Прожектс Корпорэйшн” компани барилгын зураг, газар, дэд бүтцийн асуудлыг хариуцаж, “Монголын алт” корпорац өөрийн үйлдвэрийн бүтээгдэхүүнүүдийг нийлүүлж, “Степпелинк Холдинг” дуу авиа, гэрэл сүүдэр, дүрс бичлэгийн орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглох мэдээллийн технологийн ухаалаг шийдэлтэй ордон болгох ажлыг тус тус гүйцэтгэсэн байна.

Монголын анхны өвлийн спортын ордны нээлтийн үеэр “Степпе Арена” ХХК-ийн ТУЗ-ийн дарга П.Цагаан Монгол Улсын Ерөнхийлөгч Мөсөн өргөөний нээлтэд хүрэлцэн ирж, бүтээн байгуулсан хүмүүст урам хайрласан үг хэлсэнд талархал илэрхийлэв. Мөн мөсөн гулгуурын талбайн салхийг хагалсан шайбыг үндэсний шигшээ багийн 06 дугаартай өмсгөлийн хамтаар Монгол Улсын Ерөнхийлөгчид гардууллаа. Үүний дараа уран гулгалт, хоккейн үзүүлэн тоглолт болсноор нээлтийн үйл ажиллагаа өндөрлөсөн юм.

Монгол Улсад анх удаа цоо шинэ инженеринг, техник технологийг нутагшуулсан, спортын төдийгүй соёл, барилгын салбарын онцлох бүтээн байгуулалтад үндэсний 95, гадаадын 6 компани, нийт 1600 барилгачин, инженер техникийн ажилтнууд оролцжээ.

“Мөсөн ордон”-той болсноор мэргэжлийн хоккей, уран гулгалт зэрэг өвлийн спортын төрлүүдийг Монгол Улсад хөгжүүлэх бааз суурьтай болж, тив, дэлхий, бүсийн хэмжээний спортын тэмцээн, уралдааныг эх орондоо хүлээн авах, соёл, урлагийн болон хурал, зөвлөгөөн зэрэг бусад үйл ажиллагааг зохион байгуулах боломж нээгдэж байна. Улмаар Монгол Улсын үндэсний шигшээ багуудын өрсөлдөх чадвар сайжрах, амжилтаа ахиулах, ялангуяа, өвлийн спортыг амжилттай хөгжүүлэх ач холбогдолтой гэж Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц энэ үеэр хэлж байлаа.

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.