О.Цогтгэрэл: АН Монгол Улсын хөгжлийн төлөөх сөрөг хүчин болж ажиллана

О.Цогтгэрэл: АН Монгол Улсын хөгжлийн төлөөх сөрөг хүчин болж ажиллана

Энэ сарын 5-нд Онц Их хурлаа хийсэн АН-ын удирдлагууд мэдээлэл хийлээ. Тус намын даргаар сонгогдсон УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "АН-ын дотоод маргаанд цэг тавилаа гэж үзэж байна. Намын гишүүдийн оролцоо бүрэн дүүрэн хангагдлаа. Одоо АН дотоод асуудлаа ярихгүй. Монгол Улсын хөгжлийн төлөөх сөрөг хүчин болж ажиллана. Сөрөхийн тулд сөрдөг сөрөг хүчин болж ажилладаг уламжлалт хандлагыг халж ажиллана гэсэн бодолтой байна. Мөн УИХ, Засгийн газрын гишүүн асан Л.Гантөмөр, Х.Тэмүүжин гээд өөрөөсөө илүү хүмүүстэй хамтарч ажиллах болсондоо баяртай байна. Бид нэгдэж асуудлыг хүч түрж явна гэхгүй. Нөгөө талд байгаа нөхдөө урьж байна. Үүд хаалга үргэлж нээлттэй учраас хүч чадлаа нэгтгэж олон зүйл дээр хамтарч ажиллах нь чухал" гэлээ. АН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон Л.Гантөмөр "2024 оны УИХ-ын сонгууль хаяанд ирсэн гэхэд болно. УИХ-ын дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацаа бараг талдаа орж байна. Улс төрийн намууд сонгуулийн маргааш дараагийнхаа сонгуульд бэлтгэж эхэлдэг. Эрх баригч МАН 2020 оны сонгуулийн дараа дараагийнхаа сонгуульд бэлтгэж эхэлсэн. Манай намын хувьд бүтэн хоёр жилийг алдчихаад байна. Бид араас нь явна. АН ажил хэрэгч улс төрийн хүчин байх болно. Судалгааны байгууллагуудтай хамтарч ажиллана. Бид олон зүйлийг судлах хэрэгтэй. Бид УИХ дахь АН-ын бүлгээ дэмжиж ажиллана. УИХ-д суугаа гишүүд маань өнөөгийн амьдралыг өөрчлөх чухал шаардлагатай хуулийн төслүүдийг боловсруулж өргөн барих ёстой. Үүний тулд бодлогын судалгаа, дүн шинжилгээ хийдэг, түүндээ тулгуурлан бодлого боловсруулдаг болох хэрэгтэй. Тиймээс АН энэ долоо хоногтоо багтаагаад Стратеги хөгжлийн хүрээлэн байгуулна. Мөн сөрөг хүчний байр сууринд байгаа бүх улс төрийн хүчинтэй, шударга ёсны төлөө иргэдийн дуу хоолой болж байгаа иргэдтэйгээ хамтран ажиллана" гэв.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.