Чанаргүй зээлд даатгалын тогтолцоо чухал

Чанаргүй зээлд даатгалын тогтолцоо чухал

Ц.МЯГМАРБАЯР

 

Банкнаас 17 жилийн өмнө авсан нэг тэрбум төгрөгийн чанаргүй зээл явсаар энэ жил төлөгдсөн тухай сонсоод хэн хүнд нэг зүйл бодогдох байх. Мэдээж 17 жилийн өмнөх нэг тэрбум төгрөгийг өнөөдрийн өртөгтэй харьцуулбал том ялгаа бий. Тэгэхээр чанаргүй зээл шүүхийн өмнө очоод хүү нь зогсдог  хууль эрх зүйн тогтолцоог өөрчлөх шаардлага байгааг энэ жишээ харуулж буй юм. Нөгөө талд банк тухайн зээлийн эрсдэлийг 17 жил үүрч зардал нь тэр хэрээр өссөн. Банкны зээлийн зардал өснө гэдэг нь зээлийн хүү  нэмэгдэхэд нөлөөлдөг хүчин зүйлийн нэг. Магадгүй энэ зээл тодорхой сангаас санхүүжсэн хөтөлбөрийн зээл  байсан бол яах вэ. 

Засгийн газрын сангуудын зээлийн 70 хувь нь энэ мэт чанаргүй ангилалд орсон муу "туршлага" их олон бий. Тэгвэл одоо хэрэгжих хөтөлбөрүүдэд чанаргүй зээлийн хязгаарлалт тавих шаардлагатай. Жишээлбэл, хоршоо, хөдөлгөөний зээлийн багцын 10 хувь нь чанаргүй болбол зээлийг зогсоох. Мөн хөтөлбөрийн зээлийн эрсдэлийг хуваалцах механизм руу шилжих хэрэгтэй хэмээн эдийн засагчид хэлж байна. Өөрөөр хэлбэл, хөнгөлөлттэй зээл чадамж муутай аж ахуйн нэгжүүдэд олгогддог учраас зээлээ төлж чадахгүй  бол  чанаргүй ангилалд орох магадлал өндөр. Ийм тохиолдолд тухайн зээлдэгч байгаа хөрөнгөө хураалгах уу эсвэл банк тэрхүү чанаргүй зээлийг барагдуулахад зардал их гаргах уу гэх зэргээр хоёр талд өндөр эрсдэлтэй нүүр тулна. Энэ тохиолдолд зээлийн даатгалын тогтолцоог хөгжүүлэх шаардлага үүсдэг байна. Энэ систем рүү орохгүй бол нэг талдаа хэтэрхий их эрсдэл хуримтлагдах нөхцөл үүссэн байна. Зээлийн эрсдэлийг талууд ижил тэнцүү үүрэх шаардлага байгааг ч мэргэжилтнүүд хэлж байна. Мөн зээлийн хөшүүргүүдийг ил тод болгох хэрэгтэй аж. Саяхан Засгийн газраас хэрэгжүүлсэн “Шинэ хоршоо” хөтөлбөрийн зээлийн ард магадгүй жилийн дараагаас чанаргүй зээлийн эрсдэл үүсэх магадлал өндөр байгаа нь банкны салбарынхны санааг зовоож буй бололтой. Өнөөдрийн байдлаар арилжааны банкууд малчид нэгдээд очихоор  хүсэлтүүдийг хүлээж авахаа больсон гэсэн мэдээлэл бий. Тэгвэл Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын ирэх дөрвөн жилийн хөтөлбөрийг танилцуулах үеэр “Шинэ хоршоо-Чинээлэг малчин хөтөлбөр цаашид үргэлжлэх заалт Засгийн газрын хөтөлбөрт тодорхой туссан. Засгийн газраас оруулж ирсэн төсвийн тодотголд ХХААХҮ-ийн сайдын багцад 123 тэрбум төгрөг тусгагдсан. Мөн  ирэх 2025 оны төсөв дээр тодорхой хэмжээний санхүүжилт үргэлжлэн тусна. Тиймээс арилжааны банкууд энэ төсөл дээр итгэлтэй бэлтгэл ажлаа хангаад явж байх хэрэгтэй” хэмээн  онцолсон.

 

120 их наяд төгрөгийн хөтөлбөрт тогтвортой санхүүжилтийн шалгуур тавих нь зүйтэй

 

Эдийн засгийн таатай нөхцөл байдал нь төсөвт тодорхой хэмжээгээр нөлөөлөхөөр байна. Төлбөрийн тэнцэл энэ оны эхний хагас жилийн байдлаар ашигтай гарч  валютын нөөц нэмэгдсэн. Тэгвэл одоо энэ хэрээр буцаад гарах импортын бараа бүтээгдэхүүний татан авалт нэмэгдэж зардлыг өсгөхөөр байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт 2024-2028 онд нийт дүнгээр 120 их наяд төгрөгийн 149 хөтөлбөр хэрэгжүүлэхээр байгаа. Үүнээс 35 их наяд төгрөгийн үйл ажиллагааг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэхээр болсон. Харин 20 их наяд төгрөгийн ажил үйлчилгээг Засгийн газар өрөө нэмэгдүүлэх байдлаар хийхээр төлөвлөжээ. Тэгэхээр хувийн хэвшлүүд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд голлох байдлаар оролцох учраас тэдний оролцоо санал чухал. Хөтөлбөрийн дийлэнх нь бүсчилсэн хөгжилд тулгуурласан эрчим хүч, зам, тээврийн салбарт шинэчлэл хийхээр байгаа. Эдгээр хөтөлбөрийг хөнгөлөлттэй хүүтэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх юм. Мэдээж эдгээр зээлүүд банкаар дамжиж гарах нь тодорхой.Тухайлбал,  Шинэ хоршоо хөтөлбөрийг  банкны системээр дамжиж хүүний татаас хөнгөлөлттэй санхүүжилтээр хэрэгжүүлж байна.Тэгэхээр эдгээрт тогтвортой санхүүжилтийн  шалгуурыг банк болон Засгийн газраас хамтарч тавибал хөтөлбөр тогтвортойгоор үргэлжлэх боломжтой гэдгийг банкны салбарын экспертүүд хэлж байна. Өөрөөр хэлбэл, ийм шалгуур тавьснаар зээлийн эрсдэлийг банк, Засгийн газар давхар үүрэх юм.

Хөтөлбөрт тогтвортой санхүүжилтийн шаардлага тавиагүйгээс зээлийн эрсдэлийг банк болон санхүүгийн салбарынхан дангаараа үүрэхээр байгаа нь банкны салбарын нийт активт сөргөөр нөлөөлнө гэдгийг экспертүүд онцолж байна.  Өмнөх Засгийн газар 90 орчим их наяд төгрөгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төсөвлөсөн ч үүний тайлан одоогоор гараагүй байна. Харин энэ удаад 120 их наяд төгрөг бүхий хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Энэ нь  ДНБ-тэй харьцуулахад даруй 40 орчим хувиар илүү том мөнгөн дүн юм. 2030 он гэхэд банкууд нийт зээлийн багцынхаа 10 хувийг тогтвортой санхүүжилтэд зориулна гэдэг зорилттой. Тиймээс дээрх шаардлагыг тавивал бусад зорилтуудад хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад хүрэх боломж бий аж. Тогтвортой санхүүжилтийн талаарх ойлголт, ханалт, шалгуур үзүүлэлтүүдийг хамтдаа боловсруулж таниулах нь хаа хаанаа чухал юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 4. ЛХАГВА ГАРАГ. № 171 (7415)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ