Орхоны хөндийд “Шинэ Хархорум” хот байгуулах тухай Улсын Их Хурлын 2023 оны 07 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах, бүтээн байгуулалтыг дэмжих үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр (2024.12.16) Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны үйл ажиллагаатай танилцлаа.
“Шинэ Хархорум” хотыг байгуулахад шаардлагатай төлөвлөлт, бүтээн байгуулалт болон эрхзүй, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын орчинг бүрдүүлэх ажлыг зохион байгуулалт, менежментээр хангах үүрэг бүхий тус захиргаа Засгийн газрын шийдвэрээр 2023 оны хоёрдугаар сард 30 орон тоотойгоор байгуулагдсан бөгөөд эдүгээ нийт 27 хүн ажиллаж байна. Энэ хугацаанд “Шинэ Хархорум” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөлтөд шаардлагатай суурь судалгаанууд, тэр дундаа хүн амын унд ахуйн зориулалттай усны хайгуул, инженер-геологийн болон байр зүйн судалгаа, байгаль орчны үнэлгээ, археологи, палеонтологийн судалгаануудын нэгдсэн дүгнэлтийг хийж дуусгаад байгааг тус захиргааны дарга Н.Нацагдорж танилцууллаа.
Энэ оны гуравдугаар сард “Шинэ Хархорум” хотын алсын хараа, хөгжлийн тэргүүлэх чиглэл, хот төлөвлөлтийн зарчим, дүр төрхийг тодорхойлох зорилгоор ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал /концепц/-ыг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, үүнд 54 улсын 426 баг бүртгүүлснээс 76 баг бүтээлээ ирүүлсэн байна. Тэдгээрээс хоёрдугаар шатанд 18 улсын 36 багийн бүтээлийг шалгаруулан хотын төлөвлөлтөд ашиглаж байгаа ажээ.
Орхоны хөндий нь эртний төрт улс болох Хүннү гүрний Луут хотоос эхлэн, Жужаны Мумо хот, Уйгурын Хар балгас, Түрэгийн хаад, ноёдын тахилын онгон, Их Монгол улсын “Хархорум” хот байрлаж байсан манай улсын түүх, соёл, төрт ёсны голомт нутаг юм. Иймд “Шинэ Хархорум” хотын ерөнхий төлөвлөлтийг соёл, аялал жуулчлал, өндөр технологийн үйлдвэрлэлийн төв болгон байгаль орчинд ээлтэй, ногоон хөгжилд тулгуурласан, ухаалаг, эко хот байхаар хийж байгаа аж. Нийтдээ 189 363 га талбай бүхий тус хот 500 мянган хүн амтай байх бөгөөд суурьшлын бүсийн 50 хувь нь ногоон байгууламж байх юм.
“Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтыг дэмжих үүрэг бүхий ажлын хэсэг Улсын Их Хурлын даргын 2024 оны 12 дугаар захирамжаар багуулагдсан юм. Тус ажлын хэсгийн ахлагч, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг, Г.Лувсанжамц, Д.Пүрэвдаваа, Б.Пунсалмаа, Н.Батсүмбэрэл нар “Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны үйл ажиллагаа, хотын ерөнхий төлөвлөлттэй танилцахын зэрэгцээ Хархорин хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.