Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн баасан гарагт Хүүхдийн зохиолч Ж.Дашдондогт Төрийн соёрхол хүртээв. Ж.Дашдондог 1941 онд Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт төрсөн. 1963 онд МУИС-ийн монгол хэл, уран зохиолын анги төгсч хүүхэд залуучуудын байгууллагын төв хэвлэл, “Залуучуудын үнэн”, “Пионерийн үнэн” сонин, “Залуу үе”, “Залгамжлагч” сэтгүүлийн ерөнхий эрхлэгчээр ажиллаж хүүхэд, залуучуудын утга зохиолыг хөгжүүлэхэд багагүй үүрэг гүйцэтгэжээ. 10 жилийн сурагч байхдаа “Аргагүй хүү” номоо улсын хэвлэлээр хэвлүүлснээс хойш 40 шахам ном туурвижээ. Гадаадад түүний арав гаруй ном олон хувиар хэвлэгдсэн бөгөөд дэлхийн хүүхдийн шилдэг зохиолч С.Маршак, К.Чуковский, А.Барто, С.Михалков, И.Тургенев нарын зохиолоос монгол хэлнээ орчуулж, 30 гаруй ном гаргажээ.
“Гурван нөхөр, гурван дайсан” 1990, “Тэмүжин” 1991, “Модон могой” 1991, “Алаг бяруу” 1994, “Гэсэр” 1997 зэрэг жүжиг, дуурь, киноны зохиол туурвин бяцхан уншигчдын хүртээл болгожээ. 1972 онд “Ар тайгын хүү”, “Аав, ээж, би” номоороо МЗЭ-ийн шагнал, 1998 онд “Аранзал зээрд” номоороо Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал, “Долоон бөхтэй тэмээ” номоороо МЗЭ-ийн Алтан өд шагнал, 2005 онд Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртжээ. Мөн олон улсын хүүхдийн уран бүтээлийн шагналыг гурван удаа авсан байна.
Хүүхдийн зохиолч Ж.Дашдондогийг шагнал гардах үеийнх нь сэтгэгдлийг сонслоо.
-Төрийн соёрхол хэмээх эрхэм хүндтэй шагналаар энгэрээ мялаалгалаа. Сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Морин цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Төрийн дээд шагнал гардуулж өгөхөд их олон зүйл бодогддог юм байна. Юуны өмнө 17 настай байхад миний анхны номыг улсын хэвлэлээр гаргаж, шүлгийн моринд мордуулсан Дамдинцоогийн Содномдорж гэдэг хүн маань дурсагдаж байна. Мөн Есөнбулгаас миний анхны номын тухай захиа бичиж, урмын сайхан үг хайрласан Лодонгийн Түдэв гуай дурсагдаж байна.
Өнөөдрийн Төрийн шагналын номын жагсаалтад миний “Аав, ээж, би” гэдэг ном орсон байна. Энэ номыг би аав, ээж, дүүтэйгээ хамтарч зохиосон. Энэ бол гэр бүлийн ном юм. Гэр бүлийн ном маань Монголын олон айл, гэр бүлийн ном болж өргөжсөнд баяртай байна. Жаахан гутруу явахад ээж минь надад нэг удаа хэлж байсан л даа. “Миний хүү хэзээ нэгэн цагт Төрийн шагнал авна” гэж. Тэр нь биелж байна.
Ямар холыг хараа вэ гэж аав, ээжийгээ бодож зогсоно. Надад их том урам зориг өглөө. Цаана нь уран бүтээлийн өндөрлөг байна гэж бодож байна. Төрөөс өгсөн энэ сайхан урам зоригоор шүлгийн номоо нэг сайн гуядаж аваад, “Морьтой үлгэр”-ээ хөтлөөд, шинэ уран бүтээлийн замдаа гарья гэсэн бодолтой байна. Төрдөө баярлалаа, Монгол Улсын Ерөнхийлөгч танд баярлалаа, хүүхдүүддээ баярлалаа. Би хүүхдүүдтэй хамт энэ шагналыг авлаа. Миний зохиолыг уншиж, надад олон жил урам өгсөн Монголын хөөрхөн хүүхдүүд дээ их баярлалаа.
-Та олон сайхан хүүхдийн зохиол бүтээл туурвижээ. Өнгөрсөн хугацаанд нийтдээ хэчнээн ном хэвлүүлэв?
-Өнгөрсөн хугацаанд нийтдээ 100 орчим ном бичсэн. Гэхдээ хүүхдийн зохиол хутганы ир шиг нимгэн юм шүү дээ. Гадаадад 30 орчим ном хэвлэгдсэн. Үүнээс Солонгост долоо, Японд таван ном хэвлэгдсэн. Английн сурах бичигт миний “Есөгчин” гэдэг үлгэр орсон. Би түүнд их баярлаж явдаг юм. Өвөрмонголын сурах бичигт бас нэлээд орсон байдаг юм байна. Халимагийн сурах бичигт шүлгүүд маань орсныг би телевизээр харж байлаа.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.