Ц.Сэргэлэн: Хилийн хуулийг хэрэгжүүлэхэд хүнийг халах, шилжүүлэх асуудал байхгүй

Ц.Сэргэлэн: Хилийн хуулийг хэрэгжүүлэхэд хүнийг халах, шилжүүлэх асуудал байхгүй
УИХ-ын Хууль зүйн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороод хамтран хуралдаж, эхлээд Монгол Улсын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан асуулт асууж тодруулсан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Л.Болд, Б.Пүрэвдорж нарын асуултад ажлын хэсгийн ахлагч болон Хууль зүй, дотоод хэргийн сайд нар хариулт өгсөн юм.
 
Ингээд дэгийн хуулийн холбогдох заалтын дагуу ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахад Байнгын хороодын хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи нь дэмжлээ. Тухайлбал, хуулийн дагаж мөрдөх хугацааг зохицуулсан төслийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсгийг "2017 оны хоёрдугаар сарын 01-ний өдрөөс" гэж өөрчлөн найруулахыг дэмжлээ. Энэ саналтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хуулийн дагаж мөрдөх хугацаа хэт тулгамдуу байгаа юм биш үү, үүний цаана хүний асуудал яригдах учраас дөрөвдүгээр сарын 01 болгох шаардлагатай гэсэн байр суурьтай байгаагаа хэлж байв. Харин энэ талаар төрийн холбогдох байгууллагын удирдлагуудын байр суурийг тодруулахад Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хошууч генерал Ц.Сэргэлэн "Энэ хуулийг хэрэгжүүлэхэд хүнийг халах, шилжүүлэх асуудал байхгүй. Хууль хүчин төгөлдөр болох үед хил хамгаалах байгууллагад буцаж ирэх хүмүүст Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу цэргийн цол олгож, зохих албан тушаалд нь ажиллууллна"гэлээ. Харин Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн "Хилийн боомтын тухай хуультай холбогдож 400 орчим орон тоо манай байгууллагад шилжиж ирсэн, одоо 200 гаруй ажилтны асуудал бий. Тэдгээр албан хаагчдыг нэр устай нь, цалингийн сантай нь шилжүүлэх юм" гэсэн хариулт өгөв.
 
Мөн УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг төслийн 48.5 дахь хэсгийг хил хамгаалах байгууллагын хамгаалалтад байгаа обьектод хүч хэрэглэн халдсан, хүч хэрэглэхээр завдсан тохиолдолд галт зэвсэг хэрэглэх агуулгаар өөрчлөн найруулах зарчмын зөрүүтэй санал гаргасан нь хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхийн дэмжлэг авлаа. Харин хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ё.Баатарбилэг, Ц.Гарамжав, Ж.Энхбаяр, О.Батнасан нарын гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол дэмжигдсэнгүй. Ингээд Монгол Улсын хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төслийг дагалдаж өргөн баригдсан бусад хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах санал хураалтыг хуулийн төсөл тус бүрээр явуулахад Байнгын хороодын хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи нь дэмжсэн юм.
 
Байнгын хорооны хамтарсан хуралдаанаас уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гарган 77.3 хувиар дэмжиж, төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтлоо.
 
АН-ын бүлэг хууль тогтоомжийн төслүүдээс завсарлага авлаа
 
Байнгын хороодын хамтарсан хуралдааны дараа Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо дангаараа үргэлжлүүлэн хуралдаж, Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцэв. Засгийн газраас энэ сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн талаархи төсөл санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил танилцуулсан юм.
 
Дипломат албаны тухай хуулийг 2000 онд баталсан. Дипломат албаны бодит нөхцөл байдлыг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2014 оны зургадугаар сард хэлэлцэж, энэ талаар хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулж, өргөн мэдүүлэх үүргийг Засгийн газарт өгсөн байна. Энэ дагуу Засгийн газраас Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Дөрвөн зүйл бүхий уг хуулийн төсөлд төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг сайжруулах зорилгоор төрийн болон нутгийн захиргааны байгууллагууд хилийн чанадад төлөөлөгчийн газраа нээх, төлөөлөгч томилохыг хязгаарлах; Дипломат төлөөлөгчийн газарт томилогдох томилолтын хугацаа гурван жил байсныг дөрвөн жил болгож өөрчлөх, Дипломат төлөөлөгчийн газарт ажиллагсдын нийгмийн баталгааг сайжруулах шаардлагыг харгалзан хилийн чанадад ажиллагсдын цалин хөлсийг гурван жил тутамд Засгийн газраас шинэчлэн тогтоож байх, хүүхдийн цэцэрлэгийн төлбөрийг төрөөс хариуцах, эхнэр буюу нөхөр нь төрийн албан хаагч бол ажлын байрыг нь хадгалах зэрэг зохицуулалтыг тусгасныг салбарын сайд танилцуулгадаа дурдав.Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан үг хэлсэн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж гадаад харилцааны чиглэлээр сүүлийн үед яригдаж байгаа асуудлаар Гадаад харилцааны сайдаас мэдээлэл авах шаардлагатай гэж намын бүлгийн хурлаас шийдвэрлэсэн тул Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, мөн байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн "Монгол Улсын зарим Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газрыг татан буулгах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлаас УИХ дахь АН-ын бүлэг ажлын таван өдрийн завсарлага авах хүсэлт гаргасан юм. Харин байнгын хорооны дарга Ж.Энхбаяр УИХ дахь АН-ын бүлгийн хүсэлтийн дагуу намын тус намын бүлэгт ажлын таван өдрийн завсарлага өгч байгаа, түүнчлэн Байнгын хорооны ирэх оны эхний хурал­даанаар эдгээр хууль тог­тоом­жийн төслүүдийн хэлэл­цэх эсэх асуудлыг үргэлж­лүүлэн хэлэлцэхээс гадна сүүлийн үед яригдаж байгаа асуулалтай холбогдуулан Гадаад харилцааны сайдын мэдээллийг сонсоно гэдгийг мэдэгдлээ.
 
Хөгжлийн банкны талаар авах арга хэмжээний тухай төслийг дэмжлээ
 
Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан боллоо. Хуралдаанаар Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдааны үеэр “Засгийн газар Хөгжлийн банк хооронд улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй үүссэн 3.2 их наяд төгрөгийн тооцоог 2016 оны арванхоёрдугаар сарын 31-нээр тасалбар болгож байгаа нь ямар учиртай. Зээлийн эргэн төлөлтийг аж ахуй нэгжээс нэхэж авах юм уу” эсэх асуудлыг нэлээд олон гишүүд сонирхож асуусан. Уг асуудалд ажлын хэсгийн төлөөлөгч “УИХ-аас батлахаар яригдаж буй тогтоолын төслийн нэгдүгээр заалтан дээр Засгийн газар, Хөгжлийн банк хоёрын хоорондох өглөг, авлагын тооцоог нийлүүлэхээр тусгаж өгсөн байгаа. Өөрөөр хэлбэл, Засгийн газар өөрийнхөө нэрийн өмнөөс гадаад зах зээл дээр гаргасан бондын нийт дүн 2.6 их наяд хүрсэн. Энэ мөнгөө Хөгжлийн банкаар дамжуулж, дэд бүтэц, зам барих, үйлдвэрлэлийг дэмжих гэсэн гурван үндсэн чиглэлээр тодорхой төслүүдэд санхүүжилт хийсэн. Нөгөө талд, Хөгжлийн банкны эх үүсвэрийг Засгийн газар зээлэх замаар санхүүжүүлсэн төслүүд бий. Эдгээр төслүүдийн мөнгийг Засгийн газар төсвөөс нөхөн төлөх хэлбэрээр өглөгөө барагдуулахаар зохиуцуулалт хийгдэх юм. Ингээд тооцохоор Хөгжлийн банк Засгийн газарт 2.6 их наяд төгрөгийн өглөгтэй, 3.2 их наяд төгрөгийн авлагатай байгаа юм. Энэ хоёр байгууллага авлага, өглөгөө тооцоолж, блансаа цэвэрлэх зорилгоор УИХ-аас тогтоолын төсөл батлахаар ажиллаж байна” хэмээн хариуллаа. Ингээд зарчмын зөрүүтэй гурван асуудлаар санал хураалт явуулж, хуулийн төслийг дэмжлээ.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.