Ээлжит бус чуулган хуралдахгүй байх нь хэнд ашигтай вэ

Ээлжит бус чуулган хуралдахгүй байх нь хэнд ашигтай вэ

Эсрэг тэсрэг байр суурь

Д.Хаянхярваа: Ээлжит бус чуулганыг хуралдуулахад гишүүдийн ирц хүрэхгүй байна

/УИХ дахь МАН-ын бүлгийн дарга/

-Засгийн газар төслөө боловсруулаад дууссан, ирэх долоо хоногт өргөн барина гэсэн мэдээлэлтэй байна. Энэ долоо хоногт ирцийн судалгаа хийж үзлээ. Ээлжит бус чуулганыг хуралдуулахад гишүүдийн ирц төдийлөн сайн биш байна. Ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудал чухал учраас гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх ёстой. Тийм учраас хаврын ээлжит чуулганаа эхлэнгүүт төсвийн тодотголоо хэлэлцээд явахад буруудах зүйл байхгүй. Олон Улсын Валютын сангийн хөтөлбөрт орох асуудлын тухайд бид албан ёсоор тохиролцсон. Нэн түрүүнд шийдвэрлэх ёстой байсан асуудал бол 580 сая ам.долларын евро бондын өр байсан. Энэ асуудлыг Засгийн газар шийдвэрлэчихлээ. Гадаад талдаа ч гэсэн Валютын сангийн тодорхой хөтөлбөрт хамрагдах болсон учраас евро бондын асуудлыг шийдэхэд нөлөө үзүүлсэн гэж ойлгож байгаа. Тиймээс дөрөвдүгээр сарын 05-нд чуулган эхлэнгүүт төсвийн тодотголоо хийгээд явах цаг хугацааны хувьд боломжтой гэж үзэж байгаа. Олон Улсын Валютын сангийн хөтөлбөрт орох уу, орохгүй юу гэдэг дээр МАН-ын зарим гишүүд санал нэгдэхгүй байгаа. Учир нь энэ хөтөлбөрт орвол МАН-ын мөрийн хөтөлбөр биелэхэд хүндрэлтэй болно. Тийм ч учраас Засгийн газар төсвийн тодотголоо оруулж ирэхгүй байна гэх зэрэг дэл сул мэдээлэл сонссон. Олон Улсын Валютын сангийн хөтөлбөрт орохгүйгээр цаашаа явах гээд үзье. Бидэнд үнэхээр гарц байхгүй. Монгол Улсыг нэг номерт тавих уу, намын бодлогоо нэг номерт тавих уу гэдэг асуудал байна. Сангийн сайд Б.Чойжилсүрэн төрийн ажлаа нэгдүгээрт тавьж, намын ажлаа хоёрдугаарт тавьсан гэж ярилцлага өгсөн байна билээ. Тэгэхээр ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаараа мөрийн хөтөлбөр хэрэгжихгүй юм байна. Олон төрлийн татвар нэмэгдэх юм байна. Ардын намын дэвшүүлсэн гол гол зүйлүүд унах юм байна гэх мэдээллүүд яваад байна. Тийм биш ээ. Эргэлзэхгүй байж болно. Эдийн засгийг эрүүлжүүлэх, санхүүгийн сахилга батыг сайжруулах тал руу, олон жил яригдаж байгаа хавтгайрсан халамж үйлчилгээг олон улсын жишигт нийцүүлэх, амьдралд ойртуулах, нийгмийн даатгал, тэтгэврийн сантай холбогдсон асуудлыг зөв шийдэх тал руу нь явья гэвэл ОУВС-ийн шаардлагуудад төсвийн болон эдийн засгийн бодлогыг нийцүүлж явах нь чухал байгаа.
 

 

З.Нарантуяа: Засаг нь ажиллах гээд зүтгэж байхад, МАН-ын бүлэг нь дэмжихгүй байна

/УИХ-ын гишүүн/

-Сангийн сайд төсвийн тодотголыг өргөн барина хэмээн мэдэгдэж байсан ч одоогоор өргөн бариагүй байна. Төсвийн тодотголоо өргөн бариагүй тул ээлжит бус чуулган зарлагдсангүй. Гишүүд ээлжит бус чуулган зарлагдана гэсэн хүлээлттэй байсан ч МАН-ын бүлгийн даргын хэлснээр төсвийн тодотголыг энэ сард хэлэлцэхгүй нь ойлгомжтой боллоо. Тиймээс хаврын чуулганд шилжиж байх шиг байна.Ямар шалтгаанаар төсвийн тодотголоо өргөн бариагүйг мэдэхгүй. Цаана нь өөр учир шалтгаан байх шиг байна. Уг нь  Засгийн газар төсвийн тодотголоо яаралтай өргөн барьж хаврын чуулганы эхний өдрүүдийн хуралдаанаар хэлэлцэх байх гэж найдаж байгаа. Засгийн газар санаачилгатай, хурдан ажиллахгүй байна. Эдийн засгийн нөхцөл байдал биднийг хүлээхгүй. Хэрвээ 2017оны төсвийн тодотголоо яаралтай өргөн барьж хэлэлцүүлэн, Олон улсын валютын сантай хийсэн хэлэлцээрээ хэрэгжүүлэхгүй бол эдийн засгийн нөхцөл байдал хүндэрнэ.

Цаг хугацаатай уралдаж ажиллах шаардлагатай. ОУВС-ийн Захирлуудын зөвлөлийн хурлыг дөрөвдүгээр сарын 10-нд хуралдуулахаар төлөвлөж байгаа бөгөөд хурлаас тав хоногийн өмнө Монгол Улсын Засгийн газар нэгдүгээрт, 2017 оны төсвийн тодотгол, дагалдах хуулиудаа баталсан байх, хоёрдугаарт, банкуудын үйл үйл ажиллагаанд хөндлөнгийн дүгнэлт гаргах аудитын байгууллагаа сонгосон байх, гуравдугаарт, Монголбанк төсвийн шинжтэй аливаа санхүүжилтийг гаргахгүй гэдэг баталгаагаа гаргаж, хөтөлбөрт хамрагдах хүсэлт захиагаа Засгийн газарт хүргүүлсэн байх тохиролцоотой гэдгийг хэлсэн. Тиймээс цаг хугацааны хувьд нилээд шахуу болсон байна.

Гэхдээ би Засгийн газрыг удаан ажиллаж байна гэж их шүүмжилдэг. Харин сүүлийн үед энэ бодол өөрчлөгдөж байгаа. Засаг нь ажиллах гээд зүтгэж байхад бүлэг нь дэмжихгүй унагаж буй олон асуудал гарлаа. Сая л гэхэд Сангийн сайд төсвийн тодотгол бэлэн, Засгийн газар дэмжсэн, одоо УИХ-ын асуудал гэсэн боловч чуулган зарлагдсангүй. Тиймээс асуудал Засгийн газартаа биш бүлэгтээ байгаа юм уу гэсэн бодол төрөх болсон.

     

Сэтгүүлчийн дүгнэлт

УЛС ОРОН НЬ “ҮХЭХ, СЭХЭХ”-ЭЭ ШИЙДЭХ ГЭЖ БАЙХАД ГИШҮҮД НЬ “ЗУГААЛСААР” БАЙХ УУ

Монгол Улсын Засгийн газар Олон улсын валютын сантай хэлэлцээр хийснээр Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөрт хамрагдах тохиролцоонд хүрсэн. Уг хөтөлбөрт хамрагдахын тулд Засгийн газар долоон төрлийн татвар нэмэгдүүлэх шаардлагатай болоод байгаа. Тиймээс ч  УИХ эцсийн шийдвэр гаргах ёстой болсон. Энэ талаар Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Засгийн газар ОУВС-тай хэлэлцээр хийсний дүнд долоон төрлийн татвар нэмэх тохиролцоонд хүрсэн. Эцсийн шийдлийг УИХ гаргана, тодорхой зохицуулалт хийж болно. Гэхдээ үүнийг хийхгүйгээр хөтөлбөр хэрэгжих боломжгүй” гээд байгаа. Өөрөөр хэлбэл,  УИХ-аар Монгол Улсын 2017 оны төсвийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл, мөн татвартай холбогдох төслүүдийг хэлэлцэн баталсны дараа Олон улсын валютын сангийн захирлуудын зөвлөл хуралдаж, өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдах эсэхийг шийдэх ёстой юм.

Монгол Улсын эдийн засаг ийм хүнд байхад хугацаа хожих нь эдийн засагтаа л нэмэртэй баймаар. Гэтэл 65 суудал авч үнэмлэхүй ялалт байгуулсан эрх баригч нам гишүүдээ цуглуулж, ээлжит бус чуулганаа ч зарлаж чадахгүй байна гэхээр зүгээр л эмгэнэл гэлтэй. Тэгээд ч  бүлгийн дарга нь ард түмнээсээ ичихгүй бүдүүн зүрх гаргаад “Ээлжит бус чуулганыг хуралдуулахад гишүүдийн ирц төдийлөн сайн биш байна. Ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудал чухал учраас гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх ёстой” гээд тайлбар хийгээд сууж байх жишээтэй.

Уг нь УИХ-ын намрын чуулган завсарлахын өмнө Сангийн сайд төсвийн тодотголыг өргөн барина хэмээн мэдэгдчихсэн байсан. Тиймээс гишүүд төсвийн тодотголоо хэлэлцэхийн тулд ээлжит бус чуулган зарлагдана гэсэн хүлээлттэй байх ёстой. Гэтэл гишүүд нь бөөн бөөнөөрөө гадагшаа явж “зугаалцгааж” байна. Төсвөөс зардал гарган урилга нэртэй зугаалганд ихэнх гишүүд нь явчихаад байгаа нь худлаа биш. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, А.Сүхбат, Б.Батзориг нар Польш руу явчихаад ирсэн. УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, Б.Саранчимэг, Н.Оюундарь, М.Оюунчимэг нар Унгар улсад туршлага судалж, суралцаж яваа гэнэ. Улс орон нь эдийн засгийн хямралд орчихоод арай гэж Олон улсын валютын сангаас тусламж авахаар болоод ёстой л нөгөө “үхэх, сэхэх” нь  шийдэгдэх гэж байхад эрхэм гишүүд нь “зугаалаад” завгүй байх ч гэж дээ. Эсвэл нөгөө дургүйд хүчгүй гэдэг нь болоод байна уу. Уг нь Сангийн сайд Б.Чойжилсүрэн төрийн ажлаа нэгдүгээрт тавьж, намын ажлаа хоёрдугаарт тавьсан гэж хэлж байсан. Гэтэл ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаараа МАН-ын мөрийн хөтөлбөр хэрэгжихгүй, олон төрлийн татвар нэмэгдэх зэргээр МАН-ын дэвшүүлсэн гол гол зүйлүүд унах юм. Тиймээс төсвийн тодотголыг хэлэлцэхгүй гишүүд нь боловсон “зугаалга” хийж явааг бодвол Ерөнхийлөгчийн сонгуулийг угтчихав уу гэж хардаж болохоор байна.

УИХ 2017 оны төсвийн төслийг хэлэлцээгүй цагт Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдах асуудал ч хойшлогдох нь ойлгомжтой. Тиймээс эрх баригчид хэзээ төсвийн тодотголоо хийж, эдийн засгаа эрүүлжүүлэх бодлого руугаа орчихыг хэлж мэдэхгүй юм. Гэхдээ улс орны бүхэл бүтэн 65 суудал авч ард түмний нүсэр их итгэлийг хүлээсэн гэдгээ ухамсарлаж, сонгуулийн үр дүнг бодолгүй Сангийн сайдын хэлсэнчлэн улсаа нэгдүгээрт тавьж чадах байлгүй дээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.