Түрүү бөхийг шинэ загварын Ланд 200 машинаар шагнана

Түрүү бөхийг шинэ загварын Ланд 200 машинаар шагнана
Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооны ажлын хэсгийн дарга М.Отгонбаяраас зарим зүйлийг тодрууллаа. 
 
-“Тоёота мотор” корпораци энэ жилийн наадмын түрүү бөхөд Ланд 200 маркийн машин бэлэглэнэ гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?
 
-Тоёота мотор корпораци Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороотой хамтарч, албан ёсны түншээр нь ажилладаг. Энэ хүрээнд улсын наадмын үндэсний бөхийн барилдаанд уран мэхээ уралдуулан барилдаж,  түрүүлсэн бөхийг тус корпораци Ланд 200 маркийн машинаар шагнадаг уламжлал тогтоод эдүгээ гурав дахь жилтэйгээ золгож байна. Энэ жил ч гэсэн 2016 оны шинэ загварын Ланд 200 машинаар түрүүлсэн бөхийг шагнаж урамшуулна. Ерөнхийдөө энэ сарын 13-нд 10:30 цагаас тулгар төр байгуулагдсаны 2225, их Монгол улс байгуулагдсаны 810, ардын хувьсгалын 95 жилийн ойн баярын үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн түрүү бөхөд шагналыг нь  гардуулах үйл ажиллагаа болно. 
 
-Чингисийн талбайд Тоёота корпораци тусгайлан тайз зассан байгаа харагдсан. Энэ ямар учиртай юм бол?
 
-Чингисийн талбайд Тоёота корпорацийн мэдээллийн төв ажиллаж байгаа. Долдугаар сарын 14-нийг дуустал нийслэлчүүд Монгол дахь Тоёота корпорацийн төлөөлөгчийн газрын үйл ажиллагаа хийгээд  шинэ загварын Тоёота маркийн автомашинуудтай танилцаж, үзэж сонирхох боломжтой. 
 
-Тоёота корпораци түрүү бөхийг Ланд Крузер машинаар шагнах юм байна. Улсаас яаж урамшуулах вэ?
 
-Баяр наадмын түрүү бөхийн бай шагнал Засгийн газрын тогтоолоор батлагдсан байдаг. Үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн бөх 15 сая төгрөгийн бай авдаг юм. Үүн дээрээ нэмээд Ланд 200 машинтай болно гэсэн үг. Харин үзүүрлэсэн бөхийг 10 сая төгрөгөөр байлдаг. 
 
-Зөвхөн  үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн бөхийг л машинаар шагнана гэсэн үг үү?
 
-Тийм ээ. Ер нь гурав дахь жилдээ түрүү бөхийг Ланд 200 машинаар шагнах гэж байна. Үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн бөхөд л очно. 
 
-Тусгайлан тайз засч, урлаг соёлын үйл ажиллагааг зохион байгуулна гэж тус корпорацийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал ярьсан байсан. Энэ талаар тодруулахгүй юу?
 
-Одоогоор Чингисийн талбайд тусгай тайз засч, тэндээ түрүү бөхөд очих машиныг байрлуулчихсан байгаа. Тус тайз дээрх лед дэлгэцээр Үндэсний баяр наадмыг шууд дамжуулна. Мөн наадамчин олонд зориулсан урлаг уран сайхны тоглолт зохион байгуулагдах юм. 
 
-Энэ жил 1024 хүчит бөх хурд хүчээ сорино. Онцлог нь юу байх вэ?
 
-Энэ жилийн хувьд гурван тэгш ой тохиосон баяр наадам болж байгаа. 1024 бөх барилдах бөгөөд  10 даваатай байна. Хамгийн гол онцлог нь энэ. Бөхийн барилдаан сайхан болох байх аа. Улсын цолд хүрэх зорилго тавьсан шинэ залуу бөхчүүд бэлтгэлдээ гарчихсан байгаа. Тэд маань сайн барилдаж, үзэгч олноо баясгах байх. 
 
-АСЕМ-тай холбогдуулан сум, аймгийн наадам Үндэсний баяр наадмын дараа болж байгаа. Тиймээс барилддаг бүхий л бөхчүүд улсын наадамд зодоглохоор бэлтгэлээ базааж буй байх. Бөхийн барилдаанд оролцох бөхчүүдийг бүртгэхдээ шалгуур тавьж байгаа юу?
 
-Үндэсний бөхийн салбар хороо долдугаар сарын 9-нөөс бөхийн барилдаанд оролцох бөхчүүдээ бүртгэж эхлэх юм билээ. Шалгуур харьцангуй гайгүй байх болов уу. АСЕМ-ыг зохион байгуулж байгаатай холбоотойгоор аймгийн наадмуудыг долдугаар сарын 15-25-ны хооронд зохион байгуулахаар тогтоосон. Наадам давхцахгүй болохоор Үндэсний баяр наадамдаа залуу бөхчүүд түлхүү барилдах байх. Энэ жил 1024 бөх барилдах учир олон цолтон төрөх болов уу гэж таамаглаж байна. 
 
-Ер нь энэ жилийн наадмын зохион байгуулалтад хэчнээн төгрөг төсөвлөсөн бэ? 
 
-Наадмын зохион байгуулалтад хоёр тэрбум гаруй төгрөг төсөвлөсөн. Үүнээс соёл урлагийн салбарт хамгийн их буюу нэг тэрбум орчмыг зарцууллаа. Дараагаар нь тохижилтод 600 орчим саяыг, бусад салбарт үлдсэнийг зарцуулсан. 
 
-Баяр наадмын өдрүүдэд цаг агаар 30 хэм хүрнэ гэж байгаа. Энэ талд хэрхэн анхаарч байна вэ? 
 
-Төв цэнгэлдэх хүрээлэнд 18 секц байдаг. Үүний тал нь сүүдрэвчтэй. Энэ жилийн баяр наадмын өдрүүдэд цаг агаар нэлээн халах төлөвтэйг цаг уурын байгууллагаас мэдээлсэн. Тиймээс ус, ундаагаар хангахад онцгой анхаарч байгаа. Хүй долоон худагт орчны усалгааг тасралтгүй хийхээр төлөвлөсөн. Ялангуяа соёл урлагийн талбайд усалгааны системийг тавьсан. Ингэснээр иргэдэд сэрүүхэн сайхан байх болов уу гэж бодож байна.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.