Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Өвөг дээдсээ уламжлалт ёс заншлаар нь үдэж, хойдын буянд нь зориулсан ном хурж, оршуулгын зан үйлийг гүйцээх нь зөвхөн шашны итгэл үнэмшил төдийгүй ар гэрийнхний сэтгэл санааны амар амгалантай холбоотой ажээ.

Эрт дээр үеэс монголчууд өвөг дээдэс, эцэг эхийнхээ амьдралын сүүлчийн мөчийг урьдчилан мэдэрч, үр хүүхэд, ойр дотнынхондоо захиж хэлдэг ёс байжээ. “Хөгшин аав нь, хөгшин ээж нь, жаажаа нь удахгүй хадан гэртээ очих байх. Тэр үед лам залж, хонх, дамрын дуу хангинуулаарай” хэмээн захидаг байсныг тэр үеийн хүүхэд, томчууд санаж байгаа биз ээ.

 

Сүнс амарлиулах зан үйлийг дахин үйлдэхийн ач тус

Энэ нь зөвхөн үхэл хагацлыг зөнгөөрөө мэдэрсэн хэрэг бус, тухайн цаг үеийн нийгмийн нөхцөл байдал, төрийн бодлого, шашны зан үйлд тавьж байсан хязгаарлалттай ч холбоотой байж болох юм. Ялангуяа социализмын үед монголчуудын оршуулгын уламжлалт зан үйл төрийн бодлогоор өөрчлөгдөж, олон үе дамжин уламжилсан бурхны шашны зан үйлийг бүрэн гүйцэд үйлдэх боломж хязгаарлагдаж байжээ. Өөрөөр хэлбэл, талийгаачийг уламжлалт ёс заншлаар нь үдэж, сүнсийг нь амарлиулах зан үйлийг бүрэн гүйцэтгэж чадаагүй тохиолдол цөөнгүй байсан гэсэн үг. Үүнээс үүдэн зан үйл дутуу үйлдсэн бол ар гэрийнхэнд нь гай зовлон тохиолддог гэх шашин, уламжлалт итгэл үнэмшил ч үе дамжин яригдсаар ирсэн байдаг.

Францын антропологич Грегори Делаплас 2011 онд хэвлүүлсэн “Burying, Submerging, Forgetting: Inventing and Subverting the Memory of the Dead in Mongolia” хэмээх судалгаандаа Монголын оршуулгын зан үйл, түүний нийгэм, улс төрийн өөрчлөлтийн талаар нэлээд тодорхой өгүүлжээ.

Түүний судалгаанд дурдсанаар, 1955 оны есдүгээр сарын 1-нээс талийгаачийг газарт булж оршуулах журмыг нийтээр мөрдүүлэхээр болсон байна. Төрийн бодлогын гол зорилго нь ил тавьж оршуулах уламжлалыг халж, оршуулгын газрыг төвлөрүүлэн, булж оршуулах шинэ журмыг тогтоох явдал байжээ. Харин тухайн үеийн хууль, журмуудад талийгаачийг хэрхэн оршуулахыг заасан боловч оршуулгын дараа ямар шашны зан үйл үйлдэх талаар нарийвчлан тусгаагүйг судлаач онцолсон байна.

 

Дахин оршоох нь оршуулгын зан үйлтэй ижил ёс горим мөрдөнө

Уг нь монголчуудын уламжлалт оршуулгын ёс нь зөвхөн шарилыг нутаглуулах төдий үйл ажиллагаа биш байжээ. Талийгаачийн сүнсийг биеэс нь салгах, хойд төрөлд нь сайн зам мөр заах, хойдын буянд нь зориулан ном хурж, ар гэрийнхнийг нь хагацал, гуниг зовлонгоос сэтгэл санааны хувьд тайван салгахад чиглэсэн олон талын утга агуулгатай аж.

Мэдээж, зан үйлийг дутуу хийснээс ар гэрийнхэнд нь гай зовлон тохиолддог гэх ойлголт нь шашин,  соёлын итгэл үнэмшил бөгөөд шинжлэх ухаанаар батлагдсан шалтгаан, үр дагаврын холбоо биш юм. Гэхдээ  олон жил болсон шарилыг дахин сэргээж, чандарлан хөрсөнд болон суваргад оршоох нь бурхан болоочийн ар гэрийнхний сэтгэл санааг амар, амгаланд аваачих нэн тустай хэмээн үздэг байна.

 Өдрийн сайныг шинжин хүлээсэн Намрын адаг сарын шинийн 22-ны билигт сайн өдөр буюу энэ сарын 1-нд Далан давхар буюу Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэнд хонх, дамрын дуу хангинаж Улаанбаатар буян ХХК-ийн Зүүн буяны цогцолборын тэргүүн хамба Н.Цэдэвдорж тэргүүтэй лам нар энд нойрсож буй бурхан болоочид тэдний ар гэрийнхэнд  “Ясны чог” хэмээх номыг айлдаж улмаар оршоон залах ёслол болсон юм.

Энэ үеэр Улаанбаатар буян ХХК-ийн Зүүн буяны цогцолборын тэргүүн хамба Н.Цэдэвдорж айлдсан номынхоо тухай ярихдаа “ Яасны чог” хэмээх ном маань бурхны шашны өв уламжлалд өөд болсон хүмүүсийнхээ хойноос уншдаг ариун сахил буяны ном юм. Энэ номыг яагаад уншдаг юм бэ гэвэл хүмүүн энэ хорвоод төрөхдөө санаатай, санамсаргүй үйлдсэн хилэнц нүглийг амарлиулж “Ясны чог” уншдаг.Улаан цагаан зандан тэргүүтэй есөн төрлийн зай хийгээд шүншиг арвай өргөж булшнаас гаргасан чандраа харс буюу суваргад оршоож байгаа зан үйл. Чандрыг хөрсөнд нь оршоох мөн суваргад залж өршөөх гэсэн хоёр хэлбэрээр хийгдэж байна. Нэг ёсондоо энд оршоосон шарилуудын дийлэнх 1930-1990 он хүртэлх оршуулга. Тухайн үед төрийн бодлогоор тодорхой шашны зан үйлийн хязгаарлалтад хийгддэг байсан нийгмийн үед учраас сүнс амарлиулах зан үйл дутуу хийгдэж байсан гэж үздэг.Тэгэхээр дахин оршоосноор эдгээр зан үйлийг гүйцээж өгснөөр сүнс нь амарлиж үр хүүхдүүд, ар гэрийнхэн үлдэгсдийн сэтгэл санаа амар амгалан болж байна гэж үзэж болно. Нөгөөтээгөөр, төр засгаас хот доторх  оршуулгаа шинжлэх ухаанчаар төлөвлөж дэлхийн нийтийн чиг хандлага руу чиглүүлж буй сайн жишиг. Ингэсний дараа  бурхан болооч, аав, ээж, хайртай дотно  хүмүүстэйгээ тав тухай цэцэрлэгт хүрээлэнд хэдийд ч ирж сүсэглэх боломжтой болж байгаа” гэлээ.

 

Улаанбаатар буян 1600 орчим шарилыг чандарлан дахин оршоож байна

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд бурхан болоочдын шарилыг булшнаас нь гаргаж, чандарлан, шашны холбогдох зан үйлийг гүйцэтгэсний дараа дахин оршоох ажлыг “Улаанбаатар буян” ХХК бусад байгууллагад үлгэрлэхүйц туршлага хуримтлуулан хэрэгжүүлж иржээ. Зөвхөн энэ онд гэхэд товлогдсон талбайгаас 1600 орчим шарилыг гаргаж, чандарлан дахин оршоож байна.

Энэхүү ажлын зохион байгуулалт, хэрэгжилт, цаашдын зорилгын талаар “Улаанбаатар буян” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Бумтүшигээс тодрууллаа.

Тэрээр “Манай компани үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн байгаль экологид ээлтэй, нийгмийн хариуцлагатай байх зарчмыг үйл ажиллагаандаа баримталж ирсэн. Энэ хүрээнд нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах төслийг 2022 оноос “Нью Семетри” компанитай хамтран хэрэгжүүлсэн. Энэхүү төсөл нь Монгол Улсад шинэ жишиг, сайн туршлага болж, дараагийн шатны үйл ажиллагааны үндэс суурь болсон юм.

Бид Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнг байгуулахдаа нийтийн сайн сайхны төлөө, Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэхэд өөрсдийн хувь нэмрийг оруулах чин хүсэл зорилго өвөрлөсөн. Өнөөдөр бидний өмнө бий болсон энэ цэцэрлэгт хүрээлэнгийн үр дүнг харахад сэтгэл бахархаж байна.

Энэ удаад бид Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар нүүлгэн шилжүүлсэн шарилуудыг чандарлаж, чандар шүтээнийг холбогдох зан үйлийн дагуу ар гэрийнхнийх нь хүсэлтээр хөрсөнд болон суваргад залах ажлыг эхлүүлэхэд бэлэн болоод байна.

Ажлын явцад иргэд, төрийн эрх бүхий байгууллагууд болон иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог хангаж, хамтран ажиллах боломжийг бүрдүүлсэн. Мөн нүүлгэн шилжүүлэлтийн тусгай программ ашиглан шарилын хөдөлгөөн, ажлын явцыг бүртгэж, баримтжуулан ажилласан.

Бидний зорилго бол нийслэл Улаанбаатар хотын хоймор болсон энэхүү ариун газрыг иргэдэд айдас, болгоомжлол төрүүлдэг газар бус, харин өвөг дээдэс, хайртай дотнын хүмүүсээ дурсан хүндэтгэх, сүсэглэн залбирах боломжтой дурсгал, хүндэтгэлийн дагшин газар болгоход чиглэж байгаа юм.

Тиймээс энэ чиглэлээр хэрэгжүүлж буй төр, засаг болон олон нийтийн үйл ажиллагааг бүхий л талаар дэмжиж, ёс зүй, хариуцлагыг эрхэмлэн түүчээлж ажиллах болно. Мөн энэхүү ажлын ач холбогдлыг ойлгон дэмжиж, хамтран ажилласан талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд талархал илэрхийлье” хэмээн онцоллоо.

 

“Бурхан болоочдоо ёс төртэйгөөр дахин оршуулсандаа сэтгэл амар байна”

Энэ өдрийн ёслолд оролцсон бурхан болоочдын ар гэрийнхэнтэй уулзаж, сэтгэгдлийг нь сонслоо. Тэдний хувьд олон жилийн өмнө нутаглуулсан эцэг эх, өвөг дээдсийнхээ шарилыг дахин гаргаж, чандарлан, шашны зан үйлийн дагуу оршуулж буй нь талийгаачдаа хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ сэтгэлдээ тээж явсан нэгэн үүргээ биелүүлсэн мэт амар амгаланг мэдрүүлж байгааг онцолж байв.

 

Баянгол дүүргийн иргэн Н.Бэгз: Ээжийнхээ шарилыг суваргад оршуулснаар сэтгэл маш сайхан боллоо

-Манай ээжийн шарил Далан давхарт 28 жил болсон. Булшны овоолгыг байгалийн чулуугаар битүү хучсан байсан учраас ухаж гаргахад шарил нь ямар ч өөрчлөлтгүй, яг л “Итгэлт хамба” шиг байсан. Бидэнд бүх зүйлийг маш сайн тайлбарлаж, сэтгэл зүйн бэлтгэл болон шаардлагатай мэдлэг, мэдээллээр хангаж ажилласан “Улаанбаатар буян” компанийн хамт олонд талархаж байна. Өнөөдөр ээжийнхээ чандрыг суваргад оршуулснаар сэтгэл маш сайхан, амар амгалан боллоо.

 

Иргэн С.Мөнхцэцэг: “Улаанбаатар буян” компанийнхан ар гэрийнхэнтэй маш хүндэтгэлтэй харьцдаг юм билээ

-Өнөөдөр Эхийн ачийг хариулах энэ сайхан өдөр Самбалхүндэвийн оршуулгын газарт ээж, аавынхаа чандрыг хүлээлгэн өгч, дахин оршуулахаар эгч дүү тавуулаа ирлээ. Бүх зүйлийг ёс горимын дагуу, маш тав тухтай, хүндэтгэлтэй зохион байгуулж байгаад баяртай байна.

Олон жилийн турш энэ газарт нойрсож байсан хүмүүсийн шарилыг булшнаас нь гаргаж, дахин оршуулан, оронд нь цэцэрлэгт хүрээлэн байгуулж байгаа “Улаанбаатар буян” компанийн хамт олонд баярласнаа илэрхийлье. Тус компанийнхан ар гэрийнхэнтэй маш хүндэтгэлтэй харьцдаг юм билээ.

Тухайлбал, наймдугаар сард бидэн рүү урьдчилан утасдаж, бурхан болооч Санжаасүрэнгийн шарилыг хөндөх гэж байгаа тухай мэдэгдсэн. Мөн гэр орондоо буян номоо сайн уншуулж, залбирч, мөргөөрэй хэмээн анхааруулсан нь бидэнд их таатай санагдсан. Ийм хүндэтгэлтэй, хүнлэг хандлага ар гэрийнхэнд нь сэтгэлийн дэм болдог юм байна.

 

Н.Очирбат: Хоёр буурал ээжийнхээ шарилыг дахин оршуулсандаа баяртай байна

-Анх мэдээлэл авахад манай хоёр бурхан болоочийн шарил “Дөл буян” компанийн хариуцсан координатад харьяалагдаж байсан. Тус компани өөр байршилд нүүлгэн оршуулах байсан учраас бид “Улаанбаатар буян” компанид өргөдөл гаргасан юм. Бидний хүсэлтийг хүлээн авч, бүртгэж авснаар өнөөдөр хоёр буурлынхаа чандрыг суваргад залуулж байгаадаа сэтгэл маш хангалуун байна.

Манай ажаа, миний хөгшин ээж хоёр 1893, 1894 онд төрж, 1980, 1986 онд нас барсан юм билээ. Хоёуланг нь хамт оршуулсан байсан. Хөгшин ээжийн хөшөөний мэдээлэл кирилл үсгээр бичигдсэн байсан учраас олоход хялбар байлаа. Харин ажаа маань лам хүн байсан тул хөшөөний бичээс нь монгол болон төвд үсгээр тэмдэглэгдсэн байсан нь олоход нэлээд төвөгтэй байв.Гэсэн ч бид шарилыг нь олж, гарган чандарлуулсан. Улмаар хоёр сарын турш “Улаанбаатар буян” ХХК-ийн Зүүн буяны цогцолборт хадгалж, хамгаалж байгаад өнөөдөр суваргад залууллаа. Шарилыг булшнаас гаргах, чандарлах, суваргад залах бүх үйл явцыг мэргэжлийн түвшинд, стандартын дагуу, маш сайн зохион байгуулдаг юм байна. Үүнд сэтгэл хангалуун байна. Ер нь он жил өнгөрөх тусам хөшөөний бичээс арилж, элэгддэг юм билээ. Тиймээс орчин үеийн чиг хандлагад нийцсэн ийм оршуулгын соёл нэвтэрч байгаа нь сайн жишиг гэж бодож байна.

 

Монгол Улсын гавьяат эмч А.Цэнджав: Аавыгаа дахин оршуулж, хүссэн үедээ ирж сүсэглэх боломжтой боллоо

-Би өнөөдөр Шинжлэх ухааны гавьяат ажилтан ахтайгаа хамт ирсэн. Бид эхээсээ тавуулаа. Аавынхаа шарилыг чандарлаж, дахин оршуулж байгаадаа баяртай байна. Энэ ажлыг зохион байгуулж байгаа Чингэлтэй дүүрэг болон “Улаанбаатар буян” компанид талархал илэрхийлье.

Манай аав 1984 онд нас барж, энэ газарт оршуулсан юм. Олон үе дамжин уламжилсан чухал зан үйл учраас бид хүүхдүүд, гэр бүлээрээ ярилцаж байгаад суваргад оршуулахаар шийдсэн. Одоо хүссэн үедээ ирж, аавдаа сүсэглэж, дурсах боломжтой болж байгаа нь маш сайхан байна.

 

Сүхбаатар дүүргийн иргэн Н.Оюун: Өвөө, эмээгийнхээ шарилыг дахин оршуулж, сүнсийг нь амарлиулсандаа баяртай байна

-Бид өвөө, эмээгийнхээ шарилыг улаан боржин чулуугаар хийсэн тэмдэглэгээгээр нь баримжаалан олсон. Мөн булшны гадна талд нь жижиг ширээ хийсэн байсан нь танихад тус болсон. Ингээд бүртгэлд оруулж, булшнаас гаргах үед нь бид бүгд байлцсан.

Шарилыг гаргахад өвөөгийнх нь баруун талд, эмээгийнх нь зүүн талд байсан. Одоо бид чандрыг нь хөрсөнд, хулсан саванд оршуулж байна. Хулсан сав нь байгальд амархан задардаг гэдгээрээ онцлог юм билээ.

Манай өвөө, эмээг оршуулснаас хойш 67 жил өнгөрсөн байна. Тэр үед би долоон настай байсан. Аав, ээж хоёр маань ч өөд болсон. Ээж маань энэ тухай ахад хэлж байсан юм. Тэр мэдээллийн дагуу бид өвөө, эмээгийнхээ шарилыг олж, дахин оршуулж, сүнсийг нь амарлиулсандаа баяртай байна. Сая лам багшийн айлдвараас дахин амарлиулах зан үйл ямар их ач тустайг ойлголоо. Одоо энэ газраас айж, цэрвэх зүйлгүй, дуртай үедээ ирж өвөө, эмээгээ дурсан сүсэглэх боломжтой болсонд үр хүүхэд, ач зээ нар бид сэтгэл хангалуун байна.

Буяны үйлчилгээ эрхлэгч Нью Семетри болон Улаанбаатар буян компаниуд хамтран төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны сайн жишиг тогтоосон Самбалхүндэв буюу Далан давхрын хаалттай оршуулгын газрыг хэсэгчлэн чөлөөлж, Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах төслийг нийгмийн хариуцлагын хүрээнд өөрийн хөрөнгөөр амжилттай хэрэгжүүлж, өнөөг хүртэл цэцэрлэгт хүрээлэнгийн арчлалт, хамгаалалтыг хариуцан ажиллаж байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ АРАВНЭГДҮГЭЭР САРЫН 2. ДАВАА ГАРАГ. № 208 (7950)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ