Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэлээ

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэлээ

Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.04.19) хуралдаан 10 цаг 04 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, таван асуудал хэлэлцлээ. 

Хуралдааны эхэнд Үндсэн хуулийн цэцийн 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцэж, энэ талаарх танилцуулгыг  Үндсэн хуулийн цэцийн гишүүн Т.Лхагваа хийсэн. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны долдугаар сарын 20-ны өдрийн “Засаг даргаар томилох, ажлаас чөлөөлөх тухай” 12 дугаар захирамж нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна.” гэж заасныг зөрчсөн эсэх тухай иргэнээс гаргасан маргааныг Монгол Улсын Үндсэн хуулийн цэц хэлэлцсэн байна. 2018 оны дөрөвдүгээр сарын 06-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа хэлэлцээд “Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “Засаг даргаар томилох, ажлаас чөлөөлөх тухай” 12 дугаар захирамжийн 1 дэх заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасныг зөрчсөн байна. Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “Засаг даргаар томилох, ажлаас чөлөөлөх тухай” 12 дугаар захирамжийн 1 дэх заалтыг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн дагуу 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй” гэсэн дүгнэлтийг гаргасан гэж дурдав.

Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа нар тус тус танилцуулсан.

Хууль зүйн байнгын хороо 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаараа Үндсэн хуулийн цэцийн 04 дүгээр дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32-д заасан журмын дагуу хэлэлцжээ. “Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “Засаг даргаар томилох, ажлаас чөлөөлөх тухай” 12 дугаар захирамжийн 1 дэх заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасныг зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн байна.

Төрийн байгуулалтын байнгын хороо 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаараа уг асуудлыг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32-д заасны дагуу хэлэлцээд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Үндсэн хуулийн цэцийн 04 дүгээр дүгнэлтийг дэмжээгүй  байна. 

 

Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, О.Баасанхүү, Д.Тогтохсүрэн, Ц.Мөнх-Оргил нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлэв.

Улсын Их Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд “Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлаар Хууль зүйн болон холбогдох Байнгын хорооны санал, дүгнэлт зөрвөл нэгдсэн хуралдаан дээр Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтээр эхэлж санал хураалгах бөгөөд энэ санал эс дэмжигдвэл холбогдох Байнгын хорооны санал дэмжигдсэн гэж үзнэ” гэж заасны дагуу асуудлыг шийдвэрлэхээр боллоо. Иймд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “Засаг даргаар томилох, ажлаас чөлөөлөх тухай” 12 дугаар захирамжийн 1 дэх заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасныг зөрчсөн байна гэснийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн Хууль зүйн байнгын хорооноос гаргасан саналын томъёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 87.5 хувь нь дэмжсэнгүй.   

Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Дараа нь Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийн үзэл баримтлалыг төсөл санаачлагч гишүүн Д.Лүндээжанцан танилцуулсан.

Энэхүү хуулийн төсөл нь одоо тулгамдаад байгаа Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эсэх тухай асуудлыг хуулийн хүрээнд шийдэх эрх зүйн боломжийг бүрдүүлэхэд чиглэжээ. 2006 онд батлагдсан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6.9 дэх хэсгийн заалтуудад Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхтэй холбогдсон зохицуулалтыг тусгасан байсан ч 2010 онд уг хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр хуулийн 6.9.2-т заасан “гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Улсын Ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг Улсын Их Хуралд оруулсан тохиолдолд” гэсэн заалтыг хүчингүй болгосноор 6.9.1 дэх заалт буюу зөвхөн “гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилсан” гэсэн заалт үлдсэн байна. Харин Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаас тус заалт нь Монгол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн хэмээн үзэж хүчингүй болгосон.  Иймээс Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон асуудлыг хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх, эсэхийг шийдвэрлэх, гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол гишүүнээс нь эгүүлэн татах талаарх Монгол Улсын Үндсэн хуулийн зохицуулалт хэрэгжих нөхцөлийг бүрдүүлж, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооноос гарах шийдвэрийг тодорхой болгох үндэслэл, шаардлагад нийцүүлэн хуулийн төслийг боловсруулжээ. 

Хуулийн төсөлд Улсын Их Хурлын гишүүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт эд мөрийн баримттайгаар баривчилсан болон гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн үндэслэлээр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулахаар, уг асуудлаар Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо санал дүгнэлт гаргахаар тусгасан байна. Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон асуудлыг хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх, эсэхийг шийдвэрлэх, гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол гишүүнээс нь эгүүлэн татах зохицуулалт хэрэгжих нөхцөл бүрдэнэ гэж төсөл санаачлагч үзжээ.

Төрийн байгуулалтын байнгын хороо 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцуулав. 

 

Төслийг хэлэлцүүлэх үед Улсын Их Хурлын гишүүн УИХ-ын гишүүн О.Баасанхүү, УИХ-ын гишүүн таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэл бүхий шаардлага ирүүлсэн тохиолдолд гэж тодорхой зааж өгөх, Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар халдашгүй байдлын дэд хороо дүгнэлт гаргаж, чуулганаар хэлэлцүүлэх, мөнгө гэмт хэрэгт холбогдсон гишүүний бүрэн эрхийг тодорхой хугацаанд түдгэлзүүлээд шалгаж дуусангуут бүрэн эрх нь шууд сэргэдэг байхаар зохицуулах, Улсын Их Хурлын гишүүн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Улсын Их Хурлын гишүүнийг сонгосон тойргийн гишүүд нь  шийдвэр гаргадаг байхаар зохицуулах, Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн болон парламентын сахилга хариуцлагыг сайжруулах нь зүйтэй, Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөөр парламентын ардчиллыг бэхжүүлэх шаардлагатай, Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд хүний амь нас, эрүүл мэнд, авлига, хээл хахуулийн гэмт хэрэг үйлдсэн гэж ялгаж зохицуулах нь зүйтэй гэж тус тус саналаа илэрхийлсэн. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг тус байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэнийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцуулгадаа дурдсан.

Хуулийн төслийн үзэл баримтлал болон Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Б.Пүрэвдорж, Д.Хаянхярваа, Ж.Батзандан, Б.Бат-Эрдэнэ, Ц.Нямдорж нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийллээ. 

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн Байнгын хорооны саналын томъёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

Монгол Улсын батлан хамгаалах тухай (шинэчилсэн найруулга) хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа

Үргэлжлүүлэн Үндсэн хуулийн цэцийн 2018 оны оны 01 дүгээр сарын 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Монгол Улсын батлан хамгаалах тухай (шинэчилсэн найруулга) хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол танилцуулав.

Монгол Улсын батлан хамгаалах тухай (шинэчилсэн найруулга) хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэх тухай Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 01 дүгээр дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3.5. дахь заалтад заасны дагуу Монгол Улсын батлан хамгаалах тухай (шинэчилсэн найруулга) хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн. Монгол Улсын батлан хамгаалах тухай (шинэчилсэн найруулга)  хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалтад “дайн бүхий байдал, дайны байдал зарласан тохиолдолд Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хэрэгжүүлэх бүрэн эрхийг хуулиар тогтоох;” гэж заасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэж үзсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг нийцүүлэх үүднээс уг заалтыг хүчингүй болгох хуулийн төслийг боловсруулсан гэж Улсын Их Хурлын гишүүн танилцуулгадаа дурдав.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд Монгол Улсын батлан хамгаалах тухай (шинэчилсэн найруулга) хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулах нь зүйтэй гэж  үзсэн байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх Улсын Их Хурлын гишүүн байгаагүй тул  Монгол Улсын батлан хамгаалах тухай (шинэчилсэн найруулга) хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлах нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав

Дараа нь Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд энэ талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Болд танилцуулав. 

Монгол Улсын Засгийн газраас  2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлсэн. Байнгын хороо 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар уг хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу хийж, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналуудыг хуулийн төсөлд нэмж тусган, төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр зөвхөн, үг хэллэгийн зарим найруулгын засварыг хийсэн байна.

Хуралдаанд Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, дэд сайд Т.Дуламдорж болон холбогдох албан тушаалтнууд оролцлоо. Эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан  асуулт асууж, үг хэлэх Улсын Их Хурлын гишүүн байгаагүй тул  Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Хуралдааны төгсгөлд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Засгийн газраас  2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн, уг хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг УИХ 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн билээ. Байнгын хороо 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар уг хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд энэ  талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал танилцуулав. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, О.Содбилэг, С.Бямбацогт, Н.Учрал, О.Баасанхүү, Д.Дамба-Очир, М.Билэгт, Ц.Нямдорж, Д.Тэрбишдагва   нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүдийн зүгээс Монгол Улсад  мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлсэнтэй холбоотой гэмт хэргийн тоо, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага, манай улс мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй  тэмцэх олон улсын жагсаалтын тусгай ажиглах хэсэгт орсон шалтгааныг лавлаж байлаа.

Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайд Б.Энхбаяр, Монгол Улс  мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн хориг арга хэмжээ хэрэгжүүлэх (ФАТФ) байгууллагын гишүүн орон. Өнгөрсөн оны 07 дугаар сард Шри-Ланк улсад болсон Ази номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн 20 дугаар хуралд оролцсон. Олон улсын байгууллагын зүгээс Монгол Улсад Улс  мөнгө угаах гэмт хэргээр ял шийтгүүлсэн тоо бага байна. Энэ чиглэлийн хууль тогтоомжийн хэрэгжилт, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа хангалтгүй гэж үзсэн учраас жагсаалтын эрчимтэй хяналт гэсэн хэсэгт оруулаад байгаа. Түүнчлэн  Монгол Улс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль, эрх зүйн орчинг ФАТФ-ын 40 дүгээр зөвлөмжинд нийцүүлэхийг зөвлөсөн гэж хариулав. Мөн тэрбээр,  Монгол Улсад мөнгө угаах гэмт хэрэгтэй холбоотойгоор МИАТ, ИНЕГ-ын удирдлагуудын шүүхээр шийтгүүлсэн хоёр тохиолдол байгаа гэсэн бол Ажлын хэсгийн зүгээс, терроризмыг санхүүжүүлсэнтэй холбоотой гэмт хэрэг Монгол Улсад бүртгэгдээгүй гэж байв.

Ингээд УИХ-ын чуулганы хуралдаан завсарласан бөгөөд үдээс хойших нэгдсэн хуралдаан Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн талаархи зарчмын зөрүүтэй саналын томъёоллын санал хураалтаар үргэлжилнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.