Өнөөдөр энэ ЗГ-ын хувь заяа шийдэгдэнэ

Өнөөдөр энэ ЗГ-ын хувь заяа шийдэгдэнэ

Хэдэн долоо хоног яригдсан Засгийн газрыг огцруулах тухай асуудлыг өнөөдөр болох УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэнэ.

Өөрөөр хэлбэл Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүхийг огцруулахаар УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа тэргүүтэй 27 гишүүн гарын үсэг бүхий бичгээ УИХ-ын даргад хүргүүлээд байгаа билээ. Энэ асуудлаар өнгөрсөн даваа гариг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж 16 гишүүний 10 нь дэмжсэн. Ингэснээр тус байнгын хороо нь  Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжсэн гэсэн үг. Ийнхүү өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэхэд бэлэн болоод байгаа юм.

Ерөнхийдөө энэ асуудалд парламентын гишүүдийн санал хоёр тэнцүү хуваагдсан байгаа учраас байдал хаашаа ч эргэж мэдэхээр байгаа юм. Ийнхүү чуулганы хуралдаанаас гарах шийдвэрийг хүлээх л үлдээд байна.

Ерөнхий сайдыг огцруулах асуудал яагаад сөхөгдөх болсон тухайд, дээрх 27 гишүүн түүнийг “ЖДҮХС-тай нэр холбогдсон Засгийн газрын гишүүдтэйгээ хариуцлага тооцож чадахгүй, шударга үнэний талд байж чадаагүй. Мөн намын даргын хувьд ч ажлаа сайн хийгээгүй гэж үнэлсэн” хэмээн тайлбар өгч байгаа.

Тэгвэл үүнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Надад эрхзүйн хувьд тэр хүмүүстэй шууд хариуцлага тооцох боломж байхгүй. Хууль хяналтынхан шалгах ёстой. Би УИХ-ын дарга М.Энхболд, МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, хотын дарга Су.Батболд нарт зарчмын шаардлага тавьж, хариуцлага ярьсан. Үүнээс болж эргүүлээд надад ийм шахалт үзүүлж байна” хэмээн тайлбарлаад байгаа билээ. Үнэндээ бол МАН-ын нэр хүндийг унагаж байгаа 60 тэрбумын хэргийг эхлээд шийдэх, хариуцлага тооцох ёстой гэдгийг МАН-ын дарга  У.Хүрэлсүх хэлж байгаа юм. 


 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.