А.Адьяасүрэн: Малчдаа дэмжиж, хөгжүүлэхгүйгээр Монгол хөгжинө гэж байхгүй

А.Адьяасүрэн: Малчдаа дэмжиж, хөгжүүлэхгүйгээр Монгол хөгжинө гэж байхгүй
“Топ транспорт” ХХК-ий Ерөнхий захирал А.Адьяасүрэнтэй ярилцлаа. Тэрбээр АН-ын ҮБХ-ны гишүүн, Баянхонгор аймгийн АЭХ-ны тэргүүний сонгуульт ажилтай. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх.
 
-Эмэгтэй хүн бизнес, тэр дундаа тээврийн салбарт хүч үзэх амаргүй байж таарна. Бизнеийн гараагаа хэрхэн эхэлсэн талаар сонирхуулахгүй юу. Хэр их бэрхшээл туулж өнөөдрийн амжилтад хүрэв?
 
-Одоо сонсвол инээдтэй санагдах байх. Их сургууль төгсөөд багшилж байх үед миний төрсөн эгч жолооны курс ажиллуулдаг байлаа. Нөхөр маань эгчийн жолооны курсэд цагийн багш хийдэг. Өвлийн нэг хүйтэн өглөө албаныхаа машинаар хүүхдээ цэцэрлэгт хүргэчихээд 10 минут хоцроод ажилдаа ирэхэд менежер нь загнасан юм. Залуу хүмүүс хатуу үг сонсч чаддаггүй, омголон шартай байдаг даа. Тэр зангаар би ч дүрсхийгээд гүйхээрээ гарч микронд суугаад Баянхошуунд эгч дээрээ очсон. Гэтэл эгч өөдөөс “Чи хов зөөх гэж энэ хүртэл явж байхаар өөрөө жолооны курс нээгээч. Би чамд тусалъя” гэсэн. 
 
Тэгээд 1999 онд хадмынхаа байрыг барьцаалж Улаанбаатар банкнаас 4 сая төгрөгний зээл аваад хоёр авто машинтайгаар “Номгон санчир” компанийг үүсгэн байгуулж байлаа. “Номгон санчир” маань 20 жил тогтвортой үйл ажиллагаа явуулж, авто сургууль, МСҮТ гээд мэргэжилтэй ажилтнууд бэлтгэдэг баазтай болсон. Нэгэнт энэ салбарт орсных авто замын салбарт бүрэн төгс утгаар нь ажиллахыг хичээсэн. Хорин жилийн үр дүнд энэ зорилгодоо хүрсэн гэж бодож байна. 
 
Саяхан групп болсноо зарлалаа. Оюутолгойд үйл ажиллагаагаа явуулснаар Монгол Улсын төсөвт тодорхой хэмжээний хэмнэлт хийсэн. Уул уурхайн салбарын жолооч бэлтгэх сургалтыг гаднаас авдаг байсныг Монгол компани Австралиудтай өрсөлдөж гараад Оюутолгой компанийн аюулгүй ажиллагааг хариуцаж байна. Ингэснээрээ манай компани олон улсын түвшинд гарсан гэж хэлж болохоор байна.
 
 
Одоо эргээд харахад би техниктэй гэхээсээ хүнтэй ажилласан байна. Тос маслотой ноцолдох нэг хэрэг, хүний сэтгэлд хүрч ажиллах, хүн удирдах бас өөр хэрэг. Би эмэгтэй хүн гээд эрчүүдтэй өрсөлдөж, дайтаж явсангүй. Эвийг нь олж урамшуулж дэмжиж явсаар энэ хүрчээ.
 
-Хувийн бизнесээ эхлэхээсээ өмнө багшилж байсан юм байна. Хэр олон жил багшийн ажил хийсэн бэ?
 
-МУБИС-д багшилж байхдаа магистр хамгаалаад дараа нь ММИС-д түүх, сэтгэл судлалын багшаар ажилд орсон. Олон сайхан эрдэмтэн, докторуудтай хамтран ажиллаж байсан. Тэднээсээ их ч зүйл сурсан. Өөрөө бараг оюутан шахуу хүүхэд анх хичээл заахад сандарч тэвдэх үе олон л байсан. 
 
Тэр үеийн хичээл зааж байсан оюутнууд хичээл таслах, хоцрох гэдэг зүйлийг бараг мэддэггүй. Тэр үеийн залуучуудын сэтгэлгээ арай өөр байсан юм болов уу, багшийн лекцийг гараар маш цэвэрхэн бичиж авдаг. Багшийн араас орж ирсэн оюутан заавал хаалга тогшиж, уучлалт гуйгаад зөвшөөрөл авч орж ирнэ. Энэ ч гэсэн хүмүүжил, соёл. Одоо ч зарим шавь нар маань лекцийнхээ тэмдэглэлийг үзүүлдэг. Одоо бол лекцийн тэмдэглэлийг гараараа бичдэг оюутан ховордсон байх. Техник технологи, интернэт гэж сайхан зүйл байна. Их зүйл өөрчлөгдөж, их олон ялгаа гарсан гэж хэлж болно. Гэснээс зав зайгаараа багшилж үзмээр санагдчихлаа.
 
-Технологийн дэвшлийн хувьд мэдээж хол ялгаа гарсан. Харин хүмүүсийн сэтгэлгээний хувьд хэр өөрчлөлт гарсан бол. Та өөрөө ч сэтгэл зүйч мэргэжилтэй хүнюм байна?
 
-Орчин үеийн хүүхэд, хүмүүсийн сэтгэлгээ мэдээж өмнөх үеийхнээс өөрчлөгдсөн. Гэхдээ үүнийг “Энэ байна” гээд бариад харьцуулж болдоггүй зүйл. Шинжлэх ухаан хүртэл хүлээн зөвшөөрдөггүй байсан зүйлсийг батлаад, зөвшөөрөөд явж байгаа цаг. Шинэ мянган гарснаас хойш сүүлийн үеийн хүүхдүүдийн тухай индиго, кристал, рэйнбоу хүүхэд гээд их ярьцгаах болсон. Зарим нь үүнийг хүн төрөлхтөн шинэ эринд алхан орж байгаагийн жишээ, хүн төрөлхтөн оюуны шинэ шатанд гарч, гоц авьяастай хүүхдүүд ирээдүйд манай ертөнцийг авч явна гэхчлэн ярьцгаадаг байсан. Хүссэн хүсээгүй бид сэтгэлгээний, оюуны том тэсрэлтийн үед ирээд байна.
 
-Таны амьдралын философи, эсвэл зарчим юу вэ ?
 
-Амьдралын философи, утга учир гэвэл зорилго, үйл ажиллагааны нэгдэл гэж би үздэг. Ард нь гарах эсэх нь тухайн хүний тэвчээр болон олон хүчин зүйлээс хамаарах байх. Би хувьдаа цаг ямагт зорьсондоо хүрэхийн төлөө явдаг. Ер нь л ухарч гишгэж байгаагүй. Зорьсондоо хүрэх үйл явц заримдаа удаан урагшилна, заримдаа санаснаас хурдан хүрэх үе ч байна. Гол нь шантрахгүй, тэвчээртэй байх.
 
 
-Таны CV-г харахад БНСУ, АНУ-д улс төрийн боловсрол дээшлүүлсэн юм байна? Нэлээд эртнээс төлөвлөж, өөрийгөө улс төрд бэлтгэж ирсэн гэж ойлгож болох уу?
 
-Одоогоос 10 жилийн өмнө надад Баянхонгорын АН-аас Үндэсний бодлогын хорооны гишүүнд өрсөлдөх санал тавьсан юм. МАН-аас бас “Нутгийн бизнесмэн, залуухан эмэгтэйчүүд манай намд хэрэгтэй байна” гэдэг санал ч тавьж байсан.
 
1990 онд манай аймагт Сосорбарам ах, Зориг агсан ирэхэд би ахлах ангийн хүүхэд байлаа. Тэр үеэс  ардчиллыг дэмжиж ирсэн. Өвөө, ээж маань бас улс төрийн, нийгмийн идэвхи зүтгэлтэй хүмүүс. Тиймээс нутгийн ард олон маань санал болгоод, өөрөө анхнаас нь дэмждэг байсны хувьд АН-д элссэн. Намд элссэнийхээ дараа Америкт болсон анхны эмэгтэйчүүдийн улс төрийн хөтөлбөр, БНСУ-д улс төрийн залуу боловсон хүчнийг бэлтгэх сургалтанд хамрагдсан. 
 
-Та айлын хэд дэх хүүхэд вэ? Багын дурсамж?
 
-Би айлын хоёр дахь хүүхэд. Айлын дунд хүүхэд ямар байдаг яг л тэр замаар өссөн. Бүх юмаа хийнэ, биеэ даана. Хүмүүс намайг “яагаад намхан болчихсон юм?” гэж асуухаар нь “Ус зөөсөөр байгаад” гэдэг юм. Эгчийнхээ хувцсыг өмсөнө. Шинэ жил, хүүхдийн баяр, хичээлийн шинэ жилээр л шинэ хувцас өмсөнө шүү дээ. Цүнх мэт нь бол бүр сонголтгүй, дээрээс дамжаад ирнэ. Тэрнээс болсон уу, багаасаа жаахан ааширхуу байсан шиг байгаа юм. Цагаар сар, шинэ жилээр дагуулаад айл хэсэхээр бэлэг нь таалагдахгүй бол “Би ийм юм хэрэглэхгүй” гээд буцааж өгчихөөд явчихдаг байсан гэсэн. Аав, ээж маань багш мэргэжилтэй. Энэ хоёрын маань өгөгдөл, үлгэр дуурайлал байсан байх аа, би ч гэсэн багшийн мэргэжлийг сонгосон. 
 
-Оюутан цаг хэрхэн өнгөрсөн бэ?
 
Оюутан байхдаа номын сангаас салахгүй, лекц семинарт хамгийн түрүүнд ирнэ. Дотуур байранд сууна. Бусад хүүхдийн гэрээс том том мах, гоё шампунь ирнэ. Харин манай гэрээс дандаа том том ботиуд ирнэ.Оюутны стипендээ ээждээ бэлэг авах гэж хадгална. 
 
Надад залуу насандаа өвлөж авсан эд хөрөнгө байхгүй. Бизнесээ эхлээд ч өрнөөс өрний хооронд л явж байсан. Өөртөө мөнгөтэй байхаас илүү хүний цалинг тавьчих юмсан гэж боддог байсан. Оюутолгойгоос орж ирсэн, МСҮТ-өөс орж ирсэн бүх мөнгийг тээвэр рүү хийнэ. Заримдаа ажил яваад байгаа хэрнээ түрийвч мөнгөгүй байх үе бий. Хүний итгэлийг алдаж болохгүй, энэ хүмүүс намайг дагаад түшээд явж байгаа учраас хоолгүй хонуулахгүй гэж зүтгэсэн. Баяр ёслолын үеэр тэвдэх үе байна. Зардал мөнгө орж ирэхгүй бол нойргүй хонох шахуу юм болно. 
 
 
Эхлээд хүнээ бодож байж дараа нь ажил шаардах хэрэгтэй. Тэр хүн ажилдаа сэтгэл хангалуун ажиллах, компанидаа сэтгэл гаргах нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй.  Амралтанд явсан ч би ажилчдаа гэр бүлтэй нь авч явдаг. 
 
-Та энэ их ажлыг амжуулахад гэр бүлийн хүний нөмөр нөөлөг маш их байсан байх. Амжилтанд хүрсэн, биеэ даасан олон эмэгтэйг харахад гэр бүлийн амьдралаа хойш нь тавьсан байх нь элбэг. Харин танд аз таарсан бололтой?
 
-Нөхөртэйгөө оюутны байранд, 20 настайдаа анх танилцаад, үерхэж дотносоод 23-тай анхны хүүхдээ өлгийдөж авсан. Манай аав, ээжийн үеийнхний хэлдгээр оёр талаасаа чемоданаа бариад л нийлсэн хүмүүс. Гэр бүлийн хүн нь ажлыг нь ойлгодог, дэмждэг, урам өгдөг, хайрладаг, итгэдэг байвал эмэгтэйчүүд амжилт гаргаж чадна. Гэтэл бас хүчирхэг эмэгтэйчүүдэд тохирох эр хүн ховор гэж ярьдаг. Нөхөргүй эмэгтэйчүүдийг би муу гэж хэзээ ч хэлэхгүй. Нэгэнт л би гэр бүл болсон бол эхнэрийн үүрэг, ээжийн үүргийг гүйцэтгэх ёстой. Бас компанийнхаа захирлын үүргийг гүйцэтгэх ёстой. Хэний өмнө хэн байна, тэрнийхээ хариуцлага, сахилга батыг хүлээж, дарга бол дарга шиг байж, найз бол найз шиг байх ёстой. Хорин жил бизнес хийсэн тэр цаг хугацааг эргээд харахад машин дотроо унтаад, өглөө нь ажлаа хийгээд явж байсан удаа цөөнгүй. Ийм үед гэр бүлийнхний дэмжлэг хамгийн их хэрэгтэй. 
 
Нөхөр маань бас их сургуулийн багш, өөрийн гэсэн ажилтай. Гэсэн ч амралтын өдрүүдэд надад дэм болно, хамтдаа хөдөө гадаа явна. Анх энэ бизнесийг цуг эхэлсэн болохоор зовлон жаргалыг нь ойлгоно. Ээж маань арын алба сайн даасны хүчинд хоёр хүүхдээ өдий зэрэгтэй болгосон. Ээж, хадам ээж, эгчийн маань дэм их. Хөдөө гадаа явахад хүүхдүүдийг минь аваад үлдэнэ. Гэртээ ирэхэд халуун хоол хийгээд тавьчихсан байна. Энэ бүх хүмүүсийн дэмжлэгээр өдий зэрэгтэй яваа. 
 
-Тийм байх нь. Таныг гаднаас нь харвал өдий зэргийн ачаа үүрч, ийм том бизнес хийсэн гэж хэлэхээргүй, харин ч илүү эмэгтэйлэг харагддагийн нууц бас энэ байх?
 
-Би амьдралыг ийм байх ёстой, ингэх тэгэх ёстой гэж хайрцганд ордоггүй. Гэхдээ эмэгтэй хүн гоё байх ёстой гэдэгтэй хэзээд санал нийлдэг. Хэзээ ч ажил дээрээ үсээ сэгсийлгээд ирж үзээгүй. Хэчнээн завгүй байсан ч, шөнө орой ч ялгаагүй цэвэрхэн, гоё байхыг хүсдэг. Хөдөө гадаа ажилладаг гээд нэг удаа хумс маань хиртэй явахыг би өөртөө зөвшөөрөхгүй. Эмэгтэй хүн айхтар дэглэм бариад гоо сайханд байнга явснаараа биш, сэтгэл сайтай, амар тайван байвал илүү гоё харагддаг гэж боддог. Хувийн амьдрал маань амар тайван, сэтгэлийн зовлонгүй байсандаа өдий зэрэгтэй яваа гэж боддог. Сайн нөхөр, сайн ээж, эгчийн буянаар амьдралдаа хатуу хөтүүг туулаагүй ээ.
 
-Ингэхэд улс төрд яваа хүнд ямар зан чанар заавал байх ёстой гэж боддог вэ? Танд аль нь бий вэ?
 
-Би хэт туйлширдаггүй. Ямар ч юмыг голыг нь олоод харчихтайгаа болов уу гэж боддог. Хоёрдугаарт, улс төрд орж ирж байгаа олон хүмүүс мөнгөний асуудалтай, мөнгөний сонирхолтой, үүнээсээ болоод буруу замаар алхаж, буруу сонголт хийж байгаа харагддаг. Миний хувьд тэр талын “хор” нь гарчихсан юм болов уу даа.
 
Эхлээд хүн өөрийгөө, өөрийнхөө гэрийг, өөрийнхөө компанийг хөл дээр нь зогсоочихоод дараа нь улс, нийгмийн төлөө явах ёстой. Аливаад голчтой хандаж, түргэн түүхий шийдвэр гаргахгүй байх ёстой. Миний нас ч юм юм руу үсчиж явах нас биш. Бизнес хийгээд, жаргал зовлонг нь үзчихээд улс төр рүү орж байгаа хүмүүс арай өөр санагддаг. Гэтэл мөнгө үнэрлэж үзээгүй, мөнгө яаж бий болдгийг ч мэдэхгүй хүн төрд очихоороо шуналдаа автаад улсын хөрөнгө, сан хөмрөгийг цөлмөөд байна шүү дээ. Өнөөдөр тэр хүмүүс УИХ-ын гишүүн болоод хэдэн сонгогч, хэдэн хүний амьдралыг өөрчилж байгаа юм. Гэтэл би хэдэн хүний амьдралыг авч яваад байгаа юм. Хэрвээ би нэг буруу алхам хийж, болчимгүй шийдвэр гаргавал энэ олон хүмүүс хоолгүй хононо, ажилгүй болно. Улс төр хийж байгаа хүн үүнээс илүү хариуцлагатай бодож, шийдвэрээ гаргах ёстой гэж би боддог. 
 
-Ардчилсан нам 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрөө таван бүлэгт багцалж гаргажээ. Гуч гаруй мянган иргэдээс санал авч тусгасан гэсэн байна. Та өөрөө ҮБХ-ны гишүүний хувьд оролцоо байсан нь мэдээж. Танай намын мөрийн хөтөлбөрийн талаар Та юу хэлэх вэ?
 
-Улс үндэстэн болгон төрийн бодлого, түүнийгээ буулгасан баримт бичигтэй. Үүнтэй нэгэн адил аливаа улс төрийн хүчинд өөрсдийн гэсэн бодлого, баримталдаг зарчим байх ёстой. Энэ бодлого нь засгийн эрх авсны дараа Засгийн газрын бодлого болж гардаг. Энэ утгаараа Ардчилсан нам 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрөө иргэдээ сонсч, олон талын байр суурийг эрэлхийлж байж Монгол Улсын хөгжлийн дунд хугацааны зорилтыг эрэмбэлсэн. Бодит тооцоо, судалгаанд үндэслэсэн хэрэгжих боломжтой бодлогын баримт бичгийг боловсруулсан. Мэдээж өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлж байсан бодлогуудаа үргэлжлүүлэх ёстой. Гэхдээ алсыг харсан, шинэ цагийн өнгө аясыг тодорхойлсон, орчин үетэйгээ хөл нийлүүлсэн байх ёстой. Энэ шаардлагад нийцсэн гэж би хувьдаа хэлнэ.
 
Ардчилсан нам зөвхөн мөрөөдөж, мөрөөдлөө ярьдаг улс төрийн хүчин биш. Бодлогын нам. Өнөөдрийг хүртэл манай нам дангаараа засаг барьсан түүх байхгүй. Харамсалтай нь тэр боломжийг сонгогчид бүрэн олгосонгүй. УИХ-ын 2020 оны сонгууль энэ боломжийг Ардчилсан намд бүрэн олгоосой гэж хүсч байна. Ардчилсан нам одоо эрийн цээнд хүрсэн улс төрийн гол тоглогч, том нам. 
 
-Та өөрөө хөдөө төрж өссөн, жирийн нэг сэхээтэн хүн. Өнөөдөр орон нутагт ажлын байр хомс, ажилгүйдэл их байна. Ажлын байрыг яаж нэмэгдүүлэх вэ? Өрхийн орлогыг яаж дэмжих ёстой вэ?
 
-Ажилгүйдлийн түвшин манай улсад угаасаа өндөр байгаа. Дээр нь дэлхий нийтийг донсолгоод байгаа “COVID-19”-өөс үүдэн ажилгүйдэл бүх улс орныг нөмөрлөө. Манай томоохон татвар төлөгч компаниуд хүртэл энэ тахлын улмаас ажилчдынхаа тоог цөөлөх эрсдэлд ороод байна. Энэ бол ажил олгогч болон ажилтан хоёрт хоёуланд нь хортой. Аливаа улсын ажиллах боловсон хүчин тухайн улсын хөгжлийг тодорхойлж байдаг. Ажилгүйдэл газар авах тусам улсын хөгжил доошоо явна. 
 
Хөдөө орон нутагт ажлын байр хомс байдаг нь олон хүчин зүйлтэй холбоотой. Тэнд хувийн аж ахуй нэгж нийслэл хоттой харьцуулахад харьцангуй бага. Яагаад гэвэл хүн ам цөөн, зах зээл бага. Тэр утгаараа үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах боломж нь хомс байна. Төрийн хэдэн байгууллага нь ажлын байрны эргэлтэд тэр бүр ороод байдаггүй. Учир нь төрийн ажил тогтвортой байх ёстой. Сүүлийн үед улс төрөөс шалтгаалан намуудын төр барих хугацаанаас хамааран төрийн алба солигддог болоод байна. Төрийн алба улс төрийн алба биш. Төрийн алба тогтвортой байх ёстой. Тэгж байж төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс туршлагажиж, чадваржиж, мэдлэг боловсролоо дээшлүүлж, төрийн албанаас иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээ чанаржих ёстой. 
 
Дээр нь орон нутагт хүн амын төвлөрлийг нэмэгдүүлэх, хотжилтыг бий болгоход төрийн бодлогоор төлөвлөх ёстой. Энэ бол Ардчилсан намын бүх цаг үеийн турш авч явсан гол бодлогын нэг. Хаана хүн ам төвлөрч, зах зээл нэмэгдэж байна, тэнд эрэлт, нийлүүлэлт бий болж, хөгжил дэвшил явагддаг. 
 
-Малчдын асуудал өнөөдөр анхаарлын төвд байна. Малчдын амьжиргааг хэрхэн сайжруулж, үр дүнтэй ямар алхам хийх ёстой гэж Та хардаг вэ?
 
-Малчдын нийгмийн даатгалын асуудлыг төр зохицуулчих хэрэгтэй байгаа юм. Энэ үргэлж асуудал дагуулж байдаг зүйл. Яг өнөөдөр Монголын төр малчдын нийгмийн баталгааг яаж хангаад байгаа юм? Хамгийн сүүлд гэхэд Ч.Улаан сайд малчдын ноолуурыг 100 мянгаар авна гэж бөөн сүр дуулиан хийж сонгуулийн шоу хийв. Гэтэл газар дээр ноолуурын үнэ 40 мянган төгрөг ч хүрэхгүй болчихлоо. Малчдадаа тус болох биш, гай болоод байна. Ядаж тусалж чаддаггүй юм бол гай болохгүй байх хэрэгтэй. 
 
Өнөөдөр Монгол Улсад 169 мянган малчин өрх амьдарч байна. Эдгээр өрхүүд нэг сая орчим хүнийг ажлын байраар хангаж байна гэсэн тооцоолол байдаг юм билээ. Энэ сайн үзүүлэлт. Гэтэл үүнээс яг малчин өрхөд ирж байгаа үр ашиг нь маш бага. Тиймээс малыг тоо толгойноос илүү чанарт шилжүүлж, аж ахуйгаасаа авч байгаа үр ашгийг нь нэмэгдүүлэх нь АН-ын гол бодлого. Малын тоо толгойгоор хөөцөлдсөний хар гайгаар малчид өнөөдөр соргог бэлчээргүй, отрын нөөц нутаггүй болж байна. Өвс тэжээлийн дутагдлаас болоод малын бие давжаарч, ашиг шим нь жилээс жилд багасч, эргээд малчдад орлого болж наалддаггүй малтай болоод байна. Монгол Улс малчдаа дэмжихгүйгээр хөгжинө гэж байхгүй.
 
АН-ын хувьд иргэдийн өөрсдийнх нь санал санаачилгад тулгуурласан “Чинээлэг малчин” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр мөрийн хөтөлбөртөө тусгасан. Мал аж ахуйгаас авах ашиг шимийг дээшлүүлэх, хөдөлмөрийг хөнгөвчлөхөд чиглэсэн хөтөлбөр. Малчин иргэд энэ хөтөлбөрт маш их ач холбогдол өгч хүлээж байгаа. 
 
А.АЛТАНТУЯА
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.