Шашин төрийг хослон баригч уяач

Шашин төрийг хослон баригч уяач

“Монголын мэдээ” сонин “Хэн нь хэн бэ” булангаараа шинээр байгуулагдсан Засгийн газрын сайдуудыг онцолж байгаа билээ. Тэгвэл энэ удаагийн дугаартаа ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэнг онцолж байна.

Нийслэлийн алдарт уяач

МАН 2016 оны сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулж, парламентад 65 суудалтай болсон. Ард түмэн энэ намаас нэр дэвшсэн хэнийг ч байсан сонгоод гаргачихсан. Бодвол улс орныг суга өөд нь татаж, ард иргэдээ торгонд ороож, тосонд умбуулна гэж сэрүүн зүүдэлсэн юм байлгүй дээ.

Гэтэл МАН-ынхан ялалт байгуулсныхаа маргаашаас иргэдийг “хамраар нь газар хатгуулж”, хэлсэн ярьсан, амласан бүхнээсээ ухарч эхлэв. Мэргэжлийн Засгийн газар байгуулна хэмээн хошгируулчихаад хульхин дээр цэцэг ургуулсны нэг жишээ нь сайд нарын томилгоо. Намдаа ахиухан мөнгө төлсөн баячууд сайд болж байгаа талаар амтай болгон ярьсан. Мөн МАН-ын дарга М.Энхболдын эргэн тойрныхон сайдын суудалд заларсан. Түүний нэг нь ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн. Энэ хүнд хөдөөд аж ахуйн салбарын мэргэжил гэхээр юм байхгүй.

Яах вэ,  АНУ, Хонконг, Итали, Сингапурт малын удмын сан, мал бүртгэлийн менежмент, жижиг, дунд үйлдвэрлэл, хөгжлийн бодлого, мэдээллийн технологийн чиглэлээр мэргэшлийн сургалтад хамрагдсан гэсэн мэдээлэл намтар дээр нь байгаа юм. Үүнийг нь хөдөө аж ахуйн чиглэлийн мэдлэгтэй хүн гэж гөрдөж бас болно. Хөнгөн үйлдвэр талдаа бол ойлголт багатай л эрхэм гэдэг нь эзэмшсэн мэргэжлээс нь харагдана.

2010-2014 онд “Буудайн хур” нэртэй газар тариалангийн компанийн захирлаар ажиллаж байсан хүн учраас Хөдөө аж ахуйн салбарыг бас ч гэж мэднэ гэж дайрч болох юм. Түүнээс биш мэргэжлийн Засгийн газар байгуулна гэсэн МАН-ын амлалтад нийцэж, мэргэжлийн болчихсон хүн биш. Тиймээс түүнийг УИХ-ын дарга М.Энхболдын тэнэг шийдвэрийн үр дүн гэж хэлж болно. Хамгийн гол нь тэр чинь нийслэлийн алдарч уяач л шүү дээ.

Төрийн албанд нэг ч өдөр ажиллаагүй

Салбарын сайд хийж байгаа хүн мэргэжлийн байх ёстой гэж хэдэн жил ч ярив, тэд. Харамсалтай нь сайдын алба мөнгө, танил тал хоёрт л дарагдаад байна. Гэхдээ үе үеийн Засгийн газар ядаж л төрийн албанд ажиллаж байсан туршлагатай хүмүүсийг сайдаар томилдог байсан санагдана. Тэр дундаа хамгийн чухал яамны сайдыг мэргэжлийн, мэргэшсэн, төрийн албанд ажиллаж байсан туршлагатай, бодлого боловсруулах чадвартай хүн хийх ёстой биш үү.

Гэтэл өнөөдөр Монгол Улсын голлох салбар нь хөдөө аж ахуй. Уул уурхай зогсонги байдалд орчихоод байгаа энэ үед эдийн засгийг бага ч болов чирж яваа нь хөдөө аж ахуй шүү дээ. Үүнийг тоо баримтаас ч харж болно. Гэтэл яагаад зүгээр нэг уяачийг аваачаад тавьчихаж байгаа юм бэ, энэ салбарт. П.Сэргэлэн гэдэг хүн 1994 онд Улсын багшийн дээд сургуулийг төгссөн байгаа юм. Сүүлд 2006 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг төгссөн гэж намтарт нь бичээстэй байна. Нээрээ гадаадад баахан сургалтад суусан талаар дээр дурьдсан. 

Тэрбээр 1995-2009 онд “Ноён сүлд” ХХК-ийн захирал, 2010-2014 онд “Буудайн хур” газар тариалангийн компанийн Ерөнхий захирлаар ажиллаж байжээ.  Бас сайд болохоосоо өмнө Монголын Морин спорт уяачдын холбооны ЕНБД-аар ажиллаж байсан юм билээ. Нээрээ бас “Сүлд” гээд спортын телевизийн захирлаар ажиллаж байсныг мартаж болохгүй. Ийм л хүн Монголын гол салбарын сайдаар ажиллаж байна даа. Үнэндээ тэр төрийн албанд нэг ч өдөр ажилаагүй гэдгийг яагаад гол болгосонгүй вэ.

Ширээ сандлаас өөр юм шинэчилсэнгүй

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн ажлаа авахдаа “Би салбартаа эрс шинэчлэл хийнэ” хэмээн хэлж байсан. Гэвч одоохондоо шинэчлэгдсэн юм алга. Яах вэ, яамны зарим ажилчид, ширээ сандал нь шинэчлэгдсэн байх.  Түүнээс өөрөөр шинэчлэгдээд, сайхан болсон юм алга л байна. Харин ч ойрын үед хаа сайгүй малын гоц халдварт өвчин гарч, түргэн авахуулж байгаа. Төв аймагт малын өвчин гараад л, Улаанбаатар хот руу оруулаад алдчихгүйн тулд нийслэлээс баахан ажлын хэсэг гаргасан. Дорнод аймагт малын гоц халдварт боом өвчин гараад сүйд болж байна. П.Сэргэлэн сайд болоод өвчин гарчихсан юм биш  л дээ.

Гэхдээ л ойрын үед малын өвчин ойр ойрхон гарч, тэвдүүлж эхэлсэн. Салбар яамнаас дорвитой ажил юу хийж байна. Эрс шийдэмгий, шинэчилсэн ажил л лав хийж харагдсангүй. Яах вэ, ажлаа аваад удаагүй байгаа нь үнэн. Гэхдээ малын өвчлөл, ургац хураалт гээд цөөхөн хэдэн жишээнээс л энэ салбарт ямархуу ажиллах дүр зураг нь аяндаа харагдана. Одоохондоо эрхэм сайд гадны хэдэн төлөөлөгчийг хүлээж авсан, отрын бүс нутгуудаар явсан гэх мэт аар саархан л юм хийж байна. Шинэчлэл гэдэг ширээ сандлаас арай өөр юм байдаг байлтай.

Тэр дундаа хөдөө аж ахуй, газар тариалан, хөнгөн үйлдвэрийн салбарт хийх ажил их байна. Ядаж л бохины үнэтэй болчихоод байгаа арьс, нэхийгээ үнэд оруулах тал дээр салбар яамнаас анхаарч ажиллах хэрэгтэй биз дээ. Ойрын үед арьс ширний үнэ бага зэрэг нэмэгдэж байгаа л сураг байсан. Гэхдээ л арьс шир нь үнэгүй болчихсон түүгээр хийсэн бүтээгдэхүүний үнэ нь тэнгэрт хадчихсан тогтолцоо манайд байсаар л байна. Энэ мэтээс авахуулаад хийх ажил их байхсанж.

М.Энхболдын тэнэг шийдвэрийн эзэн

Сүүлийн үед манай Засгийн газрын гишүүд Ерөнхий сайдаасаа авахуулаад сүсэгжсэн зүйл их ярьдаг болсон. “Хамтын тэтгэврийн хууль”-ийг буцааж татсан шалтгаанаа Сангийн сайд, Ерөнхий сайд нь тайлбарлахдаа Гандангийн ламархуу юм ярина билээ. Тэгвэл шашин төрийг хослуулах энэхүү санааг анх түгээн дэлгэрүүлсэн хүн нь ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн. 

Мань хүн нийт тариаланчид болон малчдад зориулж 1500 гаруй ламаар ном хуруулсан гэж байгаа. Түүнээс хойш хүйтрэх гээд байсан цаг агаар тогтоод, тариаланчдад тариагаа хураах боломж олгоод л байгаа. Тэгэхээр үр дүнгээ өгч байж ч магадгүй юм. Ямар ч байсан мань хүн төрийн ажлыг урагшлуулахад шашны нөлөөг ашиглаж болох санааг анхлан гаргаж ирсэн нь энэ.

Түүнээс хойш Засгийн газрын олон сайд энэ аргыг ашиглаж байгаа.  Ер нь бол П.Сэргэлэн сайд уяач хүн гэдгийг иргэд юу андах билээ. Уяач нар тун их сүсэгтэй, өдөр судар харж хурдан морио барьж уядаг. Ерөөсөө хурдан морьтой холбоотой зан үйл бүхэн шашин шүтлэгтэй нягт холбогддог. Тэгвэл мань эр салбар яам удирдахыг морь уяхтай ерөнхийд нь дүйцүүлээд л байгаа бололтой дог.

Түүний уншуулсан номын буянаар тэнгэр хангай ивээлээ хайрлаж, тариа хурааж дуустал тариалангийн бүс нутгаар цас ороод, хүйтэрчихгүй л бол болоо доо. Ид шидээ өгч, ивээлээ хайрлаж байгаагаас өөр яах билээ. Ер нь тариагаа цасан даруулчихгүй хураагаад авчихвал ламаар ном уншуулна уу, үүл буудна уу, ямар ялгаа байна аа, тийм биз. Дээрээс нь үр дүнгээ өгч байгаа туршлагыг бусад яамдууд ч авч ашиглах нь зүйд нийцэх байх.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.