Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нээлттэй зэрэгцүүлэн өргөн барьсантай холбогдуулан УИХ-ын гишүүн А.Ундраатай ярилцлаа.
-Та бүхний өргөн барьсан хуулийн төсөл ямар онцлогтой вэ? Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ямар хэрэгцээ, шаардлага үүссэн юм бол?
-Аливаа хууль тухайн цаг үеийнхээ хэрэгцээнд нийцсэн байх учиртай. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Ж.Баярмаа нарын хамт Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд 2025 оны гуравдугаар сарын 17-ны өдөр өргөн барьсан. Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг хадгалдаг. Түүнчлэн төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэдэг онцлогтой. Парламент нь хууль болон УИХ-ын бусад шийдвэрийн биелэлтийг хянан шалгах онцгой бүрэн эрхтэй байгууллага. Энэхүү бүрэн эрхээ хэрэгжүүлэхийн тулд Улсын Их Хурлын байнгын хороо, түүний бүрэлдэхүүнд дэд хороодыг байгуулан ажиллуулдаг. Гэвч мөрдөн шалгах нууц ажиллагаанд тавих Улсын Их Хурлын хяналтын зохицуулалт тодорхой бус хэвээр үлдэж, уламжлалт хандлагаар хүний эрхийн асуудлыг гажуудуулсан байдлаар үр нөлөөгүй орхигдуулж байгааг анхааралдаа авч Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан өргөн барих шаардлагатай гэж үзсэн. Өнөөдөр нийгэм дэх кэйсүүд, хүний эрхийн зөрчлүүд, тулгамдсан асуудал нь парламентын хяналтын чиг үүргийг боловсронгуй болгох шаардлагатайг илтгэж байна. Хууль сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх, ял эдлүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэхдээ албадлагын шинжтэй үйл ажиллагаа явуулдаг онцлогтой байгууллагуудад хуулиар олгогдсон эрх хэмжээ байдаг. Гэхдээ төрийн энэ арга хэрэгсэл, эрх мэдлийг иргэний эрх, хуулийн засаглал талаас бүрэн дүүрэн хянах нь ардчилсан парламентын гол зорилтын нэг. Монгол Улсад үндэсний аюулгүй байдлыг хангах зорилгоор Тагнуулын байгууллага, Зэвсэгт хүчин, харин хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор хууль сахиулах болон мөрдөн шалгах, ял эдлүүлэх чиг үүрэг бүхий байгууллагууд гүйцэтгэх ажил /мөрдөн шалгах нууц ажиллагаа/ явуулж байна. Гүйцэтгэх ажлыг үр дүнтэй явуулах ашиг сонирхлын үүднээс нууц, далд хэлбэрээр зохион байгуулдаг ба хүний эрхэд хууль бусаар халдсан эсэх, олж авсан мэдээллийг өөр зорилгоор ашигласан эсэх, хуулийг дээдэлж байгаа эсэх нь эргэлзээ, хардлага дагуулдаг. Гүйцэтгэх ажил нь өндөр түвшний нууцлал шаарддаг учир нээлттэй тайлагнах боломжгүй байдаг. Тиймээс энэхүү үйл ажиллагааг явуулахад хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах ёстой гэсэн үүднээс хуулийн төслийг боловсруулсан. Эрх бүхий байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавих Улсын Их Хурлын тогтолцоог боловсронгуй болгох, чиг үүргийг оночлох хэрэгцээ, нийгмийн шаардлага үүссэн гэж хэлж болно.
-Тэгэхээр энэ хуулийн төслийг хэлэлцэж, батлах нь ямар ач холбогдолтой вэ?
Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар гүйцэтгэх ажилд тавих парламентын хяналтыг Улсын Их Хуралд Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх хууль сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх, ял эдлүүлэх ажиллагаан дахь гүйцэтгэх ажил (мөрдөн шалгах нууц ажиллагаа)-ын хуулийн биелэлтийг хянах Хууль зүйн байнгын хорооны Хүний эрхийн дэд хорооны хянан шалгах чадварыг сайжруулах буюу эрх мэдлийг нь нэмэгдүүлэх ач холбогдолтой. Хамгийн чухал нь иргэдийн эрхийг хамгаалахад парламентын оролцоо сайжирна гэсэн үг. Хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор Авилгатай тэмцэх тухай хууль, Цагдаагийн Албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт орно.
-Ажлын хэсгийн гишүүний хувьд Та энэ хуулийн төслийн ач холбогдлыг хэрхэн үнэлж байна вэ?
Олон талын ач холбогдолтой хуулийн төсөл юм. Учир нь манай улс олон улсын өмнө хүлээсэн үүргийнхээ хүрээнд иргэдийнхээ эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах асуудлаар дөрвөн жил тутам тайлагнах ёстой. Эрх мэдэл хаана байна. Тэнд хүний эрх зөрчигдөх магадлал өндөр байдаг. Улсын Их Хурал хяналтын чиг үүргээ үр дүнтэй хэрэгжүүлэх шаардлагатай. Товчхондоо хууль сахиулах болон гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор явуулдаг гүйцэтгэх ажил, нууц мөрдөн шалгах ажиллагаа, ял эдлүүлэх ажиллагааны явцад хэрэгжүүлж буй гүйцэтгэх ажилд парламентын хяналтыг Улсын Их Хуралд Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд цогц байдлаар хэрэгжүүлсэнээр Үндсэн хуулиар иргэнд олгогдсон иргэний эрх, эрх чөлөөг хамгаалах парламентын хяналтын механизм бүрэлдэхээс гадна эрүү шүүлттэй холбоотой олон улсын өмнө авсан амлалтдаа Монгол Улс Улсын Их Хурлын түвшинд бодит алхам хийсэн үйлдэл болно гэж хууль санаачлагчдын зүгээс үзэж байна.
-Цаг, зав гаргаж ярилцсанд баярлалаа.