Моуриньо vs Пеп

Моуриньо vs Пеп

Английн премьер лигийн дөрөвдүгээр тойргийн хүрээнд алдарт “Манчестер Юнайтед” клуб талбайдаа нэг хотын баг болох “Манчестер Сити”-г хүлээж авч, Манчестерын дерби тулааныг хийх гэж байна. Өмнө нь энэ хоёр багийн тоглолтыг зүгээр л Манчестерын дерби гэж л тодотгодог байлаа. Харин энэ улиралд Пеп Гвардиало болон Жозе Моуриньо нарын ээлжит тулаан гэдгээрээ илүү онцгойрч байгаа юм. Испанид “Реал” болон “Барселона” гэсэн агуу түүхтэй хоёр багийг удирдаж, хоорондоо тулж явсан дэлхийн шилдэг дасгалжуулагчид Англид Манчестер хотын хоёр багт ирснээр дахин сонгодог тулаанаа үргэлжлүүлэх гэж байна. Тиймээс л Английн премьер лигийн дөрөвдүгээр тойргийг хөлбөмбөг сонирхогчид тэсэн ядан хүлээж байгаа нь гарцаагүй. Энэ улиралд премьер лигт түрүүлэх магадлал хамгийн өндөр гэгдэж байгаа хоёр багийн тоглолт маргааш Монголын цагаар 20:30 цагаас эхлэх юм.

Манчестер Юнайтед vs Манчестер Сити

2016-2017 оны улирал эхлээд гурван тойргийн ард гараад байгаа билээ. Тэгвэл гурван тойргийн дараах байдлаар хожигдолгүй гурван баг байгаагийн хоёр нь Манчестер хотын клубүүд байна. “Сити”-гийн хувьд гурван хожилтой, +6 бөмбөгтэй хүснэгтийг тэргүүлж байгаа. Харин “Манчестер Юнайтед” +5 бөмбөгтэй учир гуравдугаар байрт бичигдэж байгаа юм.  Манчестер хотын багууд дөрөвдүгээр тойрогт учраа таарч байгаа нь анх удаагийнх биш ажээ.

Өдгөөгөөс 11 жилийн өмнө буюу 2005 оны есдүгээр сарын 10-нд “Олд траффорд” цэнгэлдэхэд тулж байж. Тэр үедээ аль аль баг нь эхний гурван тойргоос хожил аваад байсан байна. Яг одоогийн нөхцөл байдалтай ижилхэн.  Түүх дахин давтагдаж байгаа нь энэ. Хүчирхэг хоёр баг дэлхийн хамгийн дасгалжуулагчидтайгаар тулж байгаа гэдгээрээ анхаарал татаж байна. Хоёр багийн хувьд сүүлийн таван удаагийн учраа таарч тоглосон тоглолтын хоёрт нь “Сити”, хоёрт нь “Манчестер Юнайтед” хожсон. Харин үлдсэн нэг тоглолтод тэнцээд байгаа юм.

Премьер лигт шүү дээ.  2015 оны гуравдугаар сарын 25-нд “Олф траффорд” цэнгэлдэхэд тулахад “Сити” өрсөлдөгчөө 0:3-аар буулгаж авч байсан. Дараа нь арваннэгдүгээр сарын 2-нд дахиад тулахад мөн л “Сити” 0:1-ээр хожсон юм. Харин 2015 оны дөрөвдүгээр сарын 12-нд тулахад “Улаан чөтгөрүүд” 4:2-оор хожсон бол өнгөрсөн хавар буюу гуравдугаар сарын 20-нд мөн “Юнайтед” өрсөлдөгчөө 1:0-ээр буулгаж авчээ.

Жозе Моуриньо болон Пеп Гуардиола

Манчест хотын багуудын хоорондоо тулж байсан үүх түүхээс гадна хоёр дасгалжуулагчийн тулаан ч бас сонирхолтой.  Моуриньо “Интер”-ийг удирдаж байхдаа Аваргуудын лигийн F хэсэгт Пепийн удирдсан “Барселона”-тай хамт багтсан.  2009-2010 оны улиралд “Интер” түрүүлсэн жилээ “Барса”-тай дөрөв тулсан нь энэ. 2009 есдүгээр сард “Интер” талбайдаа “Барса”-тай үзэж, 0:0-ээр тэнцсэн билээ.

“Барселона” илт давуу байж, зогсоо зайгүй дайрсан ч “Интер”-ийн хамгаалалтыг давж гараагүй. Харин 2009 оны арваннэгдүгээр сард “Барселона” талбайдаа “Интер”-ийг хүлээж авч, 2:0-ээр буулгаж авсан. Херард Пике болон Педро нарын гоолоор Пеп агуу дасгалжуулагчдын тулааны эхний ялалтаа авсан юм. Мөн хоёр баг хэсгээс 1, 2-оор гарч, тэмцээнээ үргэлжлүүлсэн. “Интер” шөвгийн 16-д “Челси”-г, шөвгийн наймд “ЦСКА”-г мулталж, хагас шигшээд шалгарсан. Харин “Барса” хасагдах шатны эхний учраас “Штутгарт”-ыг мулталж, шөвгийн наймд “Арсенал”-ыг буулгаж авснаар шөвгийн дөрөвт орж ирсэн. Хагас шигшээн эхний тоглолт 2010 оны дөрөвдүгээр сард “Интер”-ийн талбайд болоход Милан хотын баг “Барселона”-г 3:1-ээр буулгаж авч, Моуриньо эхний ялалтаа байгуулсан. Улмаар долоо хоногийн дараа хариу тоглолт болох “Барса” 1:0-ээр хожсон ч хоёр тоглолтын нийлбэр дүнгээр “Интер” финалд үлдэж чадсан билээ. Улмаар финалд “Байерн”-ыг 2:0-ээр хожиж, аваргуудын лигт түрүүлж байлаа. Харин Пеп болон Моуриньогийн хожлын харьцаа 2:1 болж, Испани эрхэм давамгайлж эхэлсэн юм.  

“Интер”-тэй хамт аваргуудын лигт түрүүлсэн Моуриньо тэр жилдээ уналтад орчихоод байсан алдарт “Реал Мадрид”-ыг босгох даалгавартайгаар Испанид ирсэн. Ингэснээр Пеп болон Моуриньогийн тулаан “Эль классико”-д өрнөх нь тодорхой болов. 2010 оны арваннэгдүгээр сард ла лигийн хүрээнд “Барселона” талбайдаа “Реал”-ыг хүлээж авч, 5:0-ээр бутниргэж, хөлбөмбөгийн түүхэн дэх нэгэн агуу ялалтыг байгуулж байсан билээ. Моуриньо “Реал”-ыг удирдсан анхны тоглолдоо ийнхүү Пепийн багт арчуулсан юм. Харин 2011 оны дөрөвдүгээр сард “Реал” талбайдаа “Барса”-г хүлээж авч, 1:1-ээр тэнцэв. Гэхдээ Пеп болон Моуриньогийн ялалт, ялагдлын харьцаа 3:1 болчихоод байлаа. Энэ тоглолтын дараахан хоёр баг Эзэн хааны цомын тэмцээнд учраа таарахд Моуриньо өрсөлдөгч багийнхаа учрыг олж, 1:0-ээр хожсон.

2010-2011 оны Аваргуудын лиг. Нэг хэсэг шөвгийн 16-гаас дээшээ гарахаа больсон байсан “Реал Мадрид” Моуриньогийн хамтаар хагас шигшээд шалгарч гарч ирэх нь тэр. Тэгэхдээ заналт өрсөлдөгч “Барселона”-тай учраа таарах нь тэр. Дахиад Пеп болон Моуриньо аваргуудын лигийн хагас шигшээд учраа таарч байгаа хэрэг. Гэхдээ өөр багтай. Эхний тоглолт 2011 оны гуравдугаар сард “Реал”-ын талбайд болоход “Барса” өрсөлдөгчөө 0:2-оор хожсон. Харин хариу тоглолтод хоёр баг 1:1-ээр тэнцсэн билээ. Пеп болон Моуриньо хожлын харьцаа 4:2 болов.

Мөн 2011 онд хоёр баг наймдугаар сард Испанийн супер цомд учраа таарч, 2:2-оор тэнцсэн. Харин тоглолтод “Барса” өрсөлдөгчөө 3:2-оор буулгаж авч, Пеп хожлын тоогоо нэгээр нэмэв. Харин 2011 оны есдүгээр сард “Реал” талбайдаа “Барса”-г хүлээж авч, 1:3-аар хожигдсон юм. Дахиад л Моуриньо ялагдал хүлээсэн. Мөн 2012 оны нэгдүгээр сард Эзэн хааны цомын тэмцээнд “Барса” заналт өрсөлдөгчөө 2:1-ээр хожсон. Испанид болсон Пеп болон Моуриньогийн тулаан иймэрхүү дууссан билээ. Пеп илүү нь байсан. Харин одоо Манчестерын багуудтай хэрхэн тулахыг харах л үлдлээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.