Д.Трамп Пенсилванид ялалт байгуулсныхаа дараа иргэд сонгогчид өөрийн дэмжигчид болон сонгуулийн компанит ажлын багийнхандаа ялалтаа зарласан өдрүүд өнгөрч байна. Тэрээр Флоридад дэмжигчдэдээ хандаж хийсэн мэдэгдэлдээ “Намайг АНУ-ын 47 болон 45 дахь ерөнхийлөгчөөр сонгосон Америкийн ард түмэн та бүхэндээ талархлаа илэрхийлэхийг хүсэж байна гээд АНУ-д болж бүтэхгүй байгаа бүхий л зүйлийг бид засаж, залруулна бид улс орноо эмчилнэ. Америкийн ард түмэн бидэнд урьд өмнө нь хэзээ ч байгаагүй, маш хүчтэй дэмжлэгийг болон үзүүллээ. Бүгд найрамдахчууд АНУ-ын Сенатын танхимд дахин хяналтаа тогтоолоо. Энэ бол гайхалтай зүйл. Энэ цаг үе бол АНУ-ын алтан үе байх болно” гэжээ. Мөн өчигдөр дэлхий улс орнуудын удирдагчид нийгмийн сүлжээгээр дамжуулж Д.Трамп баяр хүргэсээр байв. Мөн АНУ-ын шинэ Ерөнхийлөгч “АНУ-ын ард түмэн улс орны удирдах эрхээ хэрэгжүүллээ. Та бүхэн биднийг сонгосон явдал та бүхэндээ талархаж, мөн та нараараа бахархаж байна. Бид удахгүй иргэддээ ачийг нь хариулна. Та бүхэндээ сайн ажлын байр та бүхний хүссэн бүхнийг чинь хийхийн төлөө бид ажиллана. АНУ-ын ирээдүй өмнө хэзээ ч байгаагүйгээр илүү сайн сайхан, аюулгүй, гэрэл гэгээтэй байна” гэдгээ олон улсад ч илэрхийлсээр байсан юм.
Трампын ялалтыг Израилийн Ерөнхий сайд Натаняаху “Гайхалтай түүхэн эргэн ирэлт боллоо” гэж дүгнэсэн байна. Харин Италийн Ерөнхий сайд Жоржиа Меланий Трампад хувиасаа болон Италийн Засгийн газрын нэрийн өмнөөс чин сэтгэлээсээ баяр хүргэж байгаагаа илэрхийлсэн бол Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан “АНУ-ын улс төрийн түүхэн дэх хамгийн том эргэн ирэлт” байлаа гээд Трампад баяр хүргэж байгааг илэрхийлж, “Дэлхий дахинд маш их хэрэгтэй ялалт” байлаа гэж өөрийн олон нийтийн сүлжээгээрээ дамжуулж мэдээлжээ.
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон “Ерөнхийлөгч Дональд Трампт баяр хүргэе. Дөрвөн жилийн турш хамтран ажиллахад бэлэн байна” гэж хэлэв.
Охайо мужийн сенатор АНУ-ын дэд Ерөнхийлөгчид нэр дэвшсэн Ж.Д.Вэнс “Ноён Ерөнхийлөгч, тантай хамт энэ гайхалтай аялалд оролцохыг зөвшөөрсөнд тань талархаж байна. Надад итгэл хүлээлгэсэнд танд баярлалаа, бид Америкийн Нэгдсэн Улсын түүхэн дэх хамгийн том улс төрийн эргэлтийн гэрч боллоо гэж бодож байна” гэж Вэнс хэлжээ.
БНХАУ АНУ-ын сонгуулийн үр дүнг хүндэтгэж, Дональд Трампыг ялалт байгуулсанд нь баяр хүргэж өчигдөр өглөө баярын цахилгаан илгээсэн байна. Хятад, Америк хамтран ажиллавал хоёр талдаа ашигтай байж, харин зөрчилдөж сөргөлдвөл хоёулаа хохирно гэдгийг түүх харуулсан гэдгийг баярын цахилгаандаа сануулсан байна.
ОХУ-ын Үндэсний аюулгүй байдлын орлогч дарга Ерөнхийлөгч асан Дмитрий Медведев “Трампад нэг сайн чанар бий. Тэр бизнесмэн хүн учраас тэнэг тойрон хүрээлэгчид, мөнгө угаадаг буяны нэртэй хуурамч төслүүд, үндэстэн дамнасан мөнгө угаадаг цадаж ханадаггүй байгууллагуудын үр ашиггүй хэдэн тэрбумаар нь цацдаг байдалд дүргүй. Тэр нь бидэнд их ашигтай” гэж өөрийн Telegram хуудсандаа мэдээлжээ.
Британийн Ерөнхий сайд Кейр Стармер “Ерөнхийлөгч Трампыг ялалт байгуулсанд баяр хүргэж, ирэх жилүүдэд түүнтэй нягт хамтран ажиллаж чадна гэдэгтээ өндөр итгэлтэй байгаагаа илэрхийлж, Вашингтон нь Их Британийн ойрын холбоотны хувиар энхтайван, эрх чөлөө, ардчилал, худалдаа зэрэг нийтлэг үнэт зүйлсээ хамгаалахын тулд нягт хамтран ажиллаж чадна” гэжээ.
НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте “Трампын манлайлал дахин манай холбоог хүчирхэг байлгах түлхүүр болно. Би түүнтэй дахин хамтран ажиллаж, НАТО-гоор дамжуулан энх тайвныг бэхжүүлнэ гэдэгтээ найдаж байна” гэв.
Европын комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен “Европын холбоо болон АНУ бол зүгээр нэг холбоотон биш. Бид 800 сая иргэнийг нэгтгэсэн, жинхэнэ түншлэл дээр тогтсон холбоотой. Тиймээс Атлантын далайг дамнасан хүчирхэг холбооныхоо төлөө хамтдаа ажиллацгаая” гэж хэлжээ.
Хамгийн сонирхол татахуйц нь Украины ерөнхийлөгч В.Зеленскийн баярын мэндчилгээ байсан гэж хэлж болно. Учир нь сонгуулийн кампанит ажлынхаа хүрээнд Трамп “Дайныг санхүүжүүлэхгүй, Украинд үнэгүй зэвсэг өгөхгүй” гэх утга бүхий илтгэл тавьж байсан юм. Үүний дагуу олон улсын шинжээчид төдийгүй Киевийн удирдлагууд Трампийн дараагийн алхмаас эмээж байв.
Зеленский “X” платформ дээр Дональд Трампт баяр хүргэсэн тухайгаа нийтэлсэн. Үүнд “Дональд Трампийн шийдэмгий удирдлага дор АНУ хүчирхэг эрин зуунд ойртох болно. Түүний хүчирхэг байдлаар дамжуулан энх тайвныг дэлхий дахинд тогтоох болсонд би талархаж байна. Яг энэ зүйл л Украинд энх тайвныг бий болгож чадна. Үүнийг хамтран бий болгож чадна гэж найдаж байна” гэжээ.
ТРАМПЫН ЯЛАЛТААС ШАЛТГААЛЖ АНУ-ЫН ХӨРӨНГИЙН БИРЖҮҮД ДЭЭР ХУВЬЦААНЫ ХАНШ ОГЦОМ ӨСЖЭЭ
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн Дональд Трамп дөрвөн жилийн дараа дахин сонгогдох өндөр магадлалтай болж эхэлсэнтэй холбоотой лхагва гарагт АНУ-ын хөрөнгийн биржүүд дээрх гол арилжааны индексүүд огцом өссөн билээ. Тухайлбал, Dow Jones, S&P 500 болон Nasdaq-ийн индексүүд тус бүрдээ өссөн. Хөрөнгийн биржийн өсөлтийн гол шалтгаан нь Трамп сонгуулийн сурталчилгааныхаа үеэр хөрөнгө оруулагчид нарт татварыг бууруулж, төрийн хяналт шалгалт, зохицуулалтыг сулруулна ингэснээр АНУ-ын дотоодод хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, үндэсний үйлдвэрлэлээ нэмэгдүүлнэ гэж мэдэгдсэн. Иймээс хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулагч нарын итгэл сэргэсэн нь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шалтгаан болжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 8. БААСАН ГАРАГ. № 217 (7461)