240 мянган ам.долларын шагналын сантай Олон улсын электрон спортын холбоо буюу IESF-ээс зохиодог Counter Strike 2-ын шигшээ багуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Саудын Арабын Эр-Рияд хотод болж байгаа бөгөөд Монголын шигшээ багийг төлөөлж "The Huns Esports" багийн тоглогчид оролцож байна.
Өчигдөр манай баг Шведын багтай учраа таарч 2-0 (13-8, 13-5) харьцаагаар хожигдсон тэмцээнээ дуусгалаа. Ийнхүү Монголын шигшээ баг 2023 оны тэмцээнд хэсгийн шатнаас гарч чадалгүй хасагдаж байсан бол энэ удаа хасагдах шатанд шалгарч амжилтаа ахиулж, тэмцээний 5-8-р байрыг эзлэн 12,500 ам.долларын шагналыг авав.
Гантулгын Есөнтөмөр "nin9" ахлагчтай Монголын шигшээ баг "D" хэсэгт Чех, Словак, Серби, Аргентин, Өмнөд Африкийн шигшээ багтай таарсан юм. Манай баг эхний тоглолтоо Словакийн шигшээ багтай хийж 7-13 харьцаагаар хожсон бол дараагийн тоглолтоо Сербийн шигшээ багтай хийж 6-13 харьцаагаар хожигджээ. Улмаар дараа өдөр нь Аргентины багтай хийж 13-6 харьцаагаар, Өмнөд Африкийн багийг 13-10 харьцаагаар тус тус хожсон бөгөөд хэсгийн сүүлийн тоглолтоо Чехийн багтай хийж 13-16 харьцаагаар хожигдож хэсгээсээ хоёроор гарсан юм.
Манай багт дасгалжуулагч ncl, тоглогч Гантулгын Есөнтөмөр /nin9/, Батболдын Баатархүү /Bart4k/, Ууганбаярын Анарбилэг /cobrazera/, Энхбатын Мөнхтогтох /xerolte/, Шижирбаатарын Зол-Эрдэнэ /wndrz/ нар тоглож байна.