Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндсэн хуулийн 33 дугаар зүйл, Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн найм дахь хэсгийг үндэслэн 2025 оны Төсвийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжид бүхэлд нь хориг тавилаа. Хоригийн талаар өчигдөр ЕТГ-ын дарга Г.Занданшатар, Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр нар мэдээлэл өгөв. 2025 оны улсын төсвийг үр ашигтай, хэмнэлттэй, алдагдалгүй батлах шаардлагатай, төсөвт тодотгол хийх тухай тогтоол баталсан нь хууль дээдлэх үндсэн зарчим зөрчигдөх нөхцөл бүрдүүлсэн гэсэн хоёр үндэслэлээр бүхэлд нь хориг тавьжээ. Ерөнхийлөгч, улсын төсөв нь эдийн засгийн болзошгүй хүндрэл, бэрхшээлийг хохирол багатай даван туулах нөөц боломж, хуримтлал нэмэгдүүлэх, үнэ, ханшийн өсөлтийг хязгаарлах, эдийн засгийн тогтвортой байдал, ард иргэд, аж ахуйн нэгж, татвар төлөгчдийн хэвийн үйл ажиллагааг хангах баталгаа болохыг тэмдэглэлээ.
Мөн гадаад зах зээлийн төлөв байдал, түүхий эдийн үнийн хэлбэлзлийг харгалзан, гадаад валютын улсын нөөц, төсвийн хуримтлалыг нэмэгдүүлэх, өрийг бууруулах зэрэг суурь зарчмыг анхаарч, мөчлөг сөрсөн төсвийн бодлого хэрэгжүүлж, алдагдалгүй төсөв батлах нь зүйтэй гэж үзжээ. Мөн “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусгагдсан “Төсвийн урсгал зардлын тэлэлтийг хязгаарлаж, төсвийн алдагдал, Засгийн газрын өрийн тусгай шаардлагыг хангана” гэсэн зорилтоо бодитой хэрэгжүүлж ажиллахыг санууллаа. УИХ 2025 оны Төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай 41 дүгээр тогтоол гаргасан. Энэ нь ирэх оны төсөв Төсвийн болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан зарчмуудыг бүрэн хангаагүй, төрийн мөнгөний бодлоготой нийцээгүй, төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж чадаагүй гэдгээ УИХ хүлээн зөвшөөрсөн хэрэг гэж Ерөнхийлөгч үзжээ. Иймд Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан хоригийг холбогдох хуулийн дагуу хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзжээ.
Б.Жавхлан: Тэвчих ёстой зарим зардлуудаа танах шаардлагатай болж байна
Ерөнхийлөгчийн хоригтой холбоотойгоор Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийж, Засгийн газрын байр суурийг илэрхийллээ. Тэрээр “УИХ ойрын хугацаанд Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, хүлээж авах болов уу гэсэн таамаглалтай байна. Засгийн газрын хуралдаанаар ер нь алдагдалгүй төсөв батлах дээр санал нэгдэж байгаа. Тэвчих ёстой зарим зардлуудаа танах шаардлагатай болж байна.
Алдагдалгүй төсөв байх ёстой гэсэн тооцооллыг хийхэд нэлээдгүй үйл ажиллагааг танах, энэ жилийн нэмэгдэж байгаа төсвийн 60-70 хувь нь хуулийн дагуу нэмэгдэж байгаа зүйл бий. Тухайлбал, цалин тэтгэврийн нэмэгдэл, боловсролын салбарын хуулийн нэмэгдэл гэх мэт өсөж буй зардлууд дээр эргэж харах нөхцөл үүснэ. Мөн гадаад томилолтын зардал, соёлын яамны ваучер зэргийг хасахад бага боловч Засгийн газрын үйл ажиллагаа талдаа зардлыг танах шаардлагатай байгаа бөгөөд УИХ ч мөн хүлээж аваад, хэлэлцэж, өөрчлөлт хийнэ. Засгийн газрын хувьд ч эерэг хүлээж аваад, өөрчлөлтөө хийгээд явна гэж бодож байна. Ирэх жилийн төсөв 5.3 их наядаар өсөлттэй байгаагаас 2.5 их наяд нь салбар салбарын хуульд орсон өөрчлөлтөөр шууд нэмэгдэж буй зардлууд бий. Үүнийг ч бас эргэж харах, төсвийн нэг төгрөг болгоныг илүү их үр дүнтэй болгохын тулд салбар салбарын амбицыг хөндөх болов уу гэж харж, тооцоолж байна. Ер нь бол нийтдээ 1.2 их наядын таналж хийж байж, алдагдалгүй төсөв батлах боломжтой гэж харж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 21. ПҮРЭВ ГАРАГ. № 226 (7470)