Дархлаажуулалтад хамрагдсанаар папиллома вирусийн халдвараас сэргийлэх боломжтой

Дархлаажуулалтад хамрагдсанаар папиллома вирусийн халдвараас сэргийлэх боломжтой

Эрүүл мэндийн яамнаас хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакцинжуулалттай холбогдуулан цаг үеийн мэдээлэл өглөө. Хуралд ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн бодлогын газрын Халдварт өвчний хэлтсийн дарга Д.Баярболд, ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү, ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма, АШУҮИС-ийн Био-Анагаахын хүрээлэнгийн захирал Ч.Баттогтох нар оролцлоо.

Монгол Улсын урт хугацааны болон дунд хугацааны хөгжлийн бодлого, өвчний дарамт, судалгаа, нотолгоонд үндэслэн Дархлаажуулалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заавал хийх дархлаажуулалтад хүний папиллома вирус (ХПВ)-ийн халдварын эсрэг сэргийлэх тарилгыг нэмсэн. Улмаар Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 472 дугаар тогтоолоор “Дархлаажуулалтын үндэсний товлол”-д Хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакциныг 11 настай хүүхдэд 1 тунгаар хийхээр шинэчлэн баталж, дархлаажуулах үйл ажиллагааг улсын хэмжээнд энэ сарын сүүлээр эхлэхээр төлөвлөж байгаа юм.



Хурлын үеэр ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү дэлхийн улс орнууд умайн хүзүүний хорт хавдаргүй болсноо зарлаж байхад манай улс уг хавдраар Азидаа тэргүүлж байгааг онцлоод “Хүний папиллома вирусийн эсрэг вакцин умайн хүзүүний хорт хавдраас гадна бэлгийн үү ургацаг, шодойн хавдар, амны хавдар зэргээс хамгаалдаг. Монгол Улсад 4212 хүн умайн хүзүүн хорт хавдартай гэж оношлогдсон байна. Жилд 160 гаруй хүн энэ хавдраар нас барж, 400 гаруй хүн шинээр бүртгэгдэж байна. Эрүүл мэндийн салбарын эрдэмтэн, мэргэжилтнүүд өнгөрсөн хугацаанд олон эсэргүүцэлтэй тулгарсан ч даван туулж хуулиа батлуулан хүний папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтыг эхлүүлэх гэж байна. Вакциныг жил бүр хийснээр өвчлөлийн тоо, тархалт буурна. Үүнийг дагаад нас баралт буурах боломжтойг бусад улс орнуудын туршлагаас харж болно” гэлээ.



АШУҮИС-ийн Био-Анагаахын хүрээлэнгийн захирал Ч.Баттогтох “Зарим төрлийн вирус хорт хавдар үүсгэх чадвартай байдаг. Папиллома вирус 200 гаруй хэв шинжтэй. Үүний 50 хувь нь бэлгийн замаар дамждаг. Эдгээр вирус нь ам залгиур, шулуун гэдэс, амьсгалын эрхтэн тогтолцооны эрхтэнд хавдар үүсгэдэг гэдгийг дэлхийн вирус судлаачид, эрдэмтэд тогтоочихсон. Энэ вирусийн халдварыг авлаа гэхэд шинж тэмдэг нь тэр дороо илэрдэггүй. Дэлхийд хорт хавдраас хамгаалдаг хоёр л вакцин байдаг. Үүний нэг элэгний хорт хавдрын эсрэг гепатит В вирусийн вакцин, нөгөө нь папиллома вирусийн эсрэг вакцин. Вакцинаар эрт дархлаажуулах нь ирээдүйд эрсдэлээс сэргийлэх боломжтой" хэмээн мэдээлэл өгөөд үнэн зөв мэдээллийг баталгаатай эх сурвалжаас авч байхыг иргэдэд уриаллаа.



Түүнчлэн ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма өнгөрсөн хугацаанд хэд хэдэн халдварын үүсгэгчийн эсрэг вакцин хийснээр устгах, хяналтад авах нөхцөл бүрдсэн. Хүний папиллома вирусийн вакциныг дэлхийн 145 улс дархлаажуулалтын хөтөлбөртөө нэвтрүүлсэн. 9-14 насыг зорилтот бүлэг болгон хийж байгаа. Манай улс 11 настай хүүхдүүдийг дархлаажуулж, сэргийлэх боломжтой гэж үзэж байгаа тухайгаа мэдэгдлээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ