Шатар сонирхогчдын дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд 96 шатарчин өрсөлдөж байна

Шатар сонирхогчдын дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд 96 шатарчин өрсөлдөж байна

“Шатар сонирхогчдын Баянгол дүүргийн аварга шалгаруулах тэмцээн” өнөөдөр /2024.11.23/ эхэллээ. Тэмцээнийг нээж дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Өлзийнаран хэлсэн үгэндээ “Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсны 100 жилийн ойг угтан Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын нэрэмжит Шатар сонирхогчдын дүүргийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байна.

Анхдугаар Үндсэн хууль бол монгол түмний оюуны бүтээл. Тэртээ 100 жилийн өмнө Монгол Улс анх удаа Бүгд Найрамдах байгууллыг тунхагласан Үндсэн хуультай болж, Америкийн “Нью Йорк таймс” сонинд энэ талаар мэдээлэн дэлхийн сонорт хүргэсэн нь түүхэнд бичигдэж үлдсэн байдаг. Тэгвэл шатар бол хүний оюун ухааныг тэлж, тэсвэр тэвчээрийг шалгадаг, асуудалд өргөн хүрээтэй, нухацтай ханддаг болгодог, хүмүүсийг нөхөрлүүлдэг спорт. Шатар бас шинжлэх ухаан гэж хэлж болно. Манай улсад өнөөдөр 8 настай балчраас 80 настай буурлаа хүртэл шатар тоглож, цаашлаад дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг дуурсгасан өсвөрийн олон аварга шатарчид төрөн гарч байгаа нь монгол хүний оюуны царыг харуулж байгаа сайхан жишээ гэж боддог” хэмээн онцлоод шатарчдадаа амжилт хүсэв.

Мөн дүүргийн 34 хорооны хүүхдүүдийн төлөөллөөс бүрдсэн, Э.Элбэг багштай "Аяс" чуулгын морин хуурчид Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын ая “Монгол аялгуу”, “Дагийн зээрд”-ийг тоглолоо.

Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатрын спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, иргэдийн идэвх сонирхлыг өрнүүлэх, Нийслэлийн шатар сонирхогчдын Аварга шалгаруулах тэмцээнд оролцох шатарчдыг сонгон шалгаруулах зорилгоор жил бүр Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын нэрэмжит тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай.

Энэ удаагийн тэмцээнд Баянгол дүүргийн 34 хорооноос 96 шатарчин оюун ухаанаа сорьж байгаагаас 22 нь эмэгтэй, 74 нь эрэгтэй байна. Дүүргээс шалгарсан аваргууд нийслэлд цаашлаад Улсын аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх юм.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ