Засгийн газрын хуралдаан 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэл, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар болон бусад асуудлыг хэлэлцэж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Өнгөрсөн баасан гарагт эхэлсэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан бямба гарагийн 02:24 цаг хүртэл үргэлжилж, шинээр томилогдсон сайд нар тангаргаа өргөсөн. Улмаар ийнхүү анхны хуралдаанаа хийж байна. Ерөнхий сайд Н.Учрал "Засгийн газар нийт 19 гишүүний бүрэлдэхүүнтэй. Үүнээс Монгол Ардын намаас 16 сайд, ХҮН намаас хоёр сайд, Үндэсний эвслээс нэг сайд тус тус томилогдож байна. Засгийн газрын гишүүдийн 79 хувь нь өмнө нь Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллаж байсан туршлагатай бол 21 хувь нь анх удаа томилогдсон" хэмээн танилцуулсан.
Мөн тэрбээр төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжсэн болохыг мэдэгдсэн юм.