М.Энх-Амгалан:Би гурван гишүүнийг түдгэлзүүлэх асуудлыг оруулж ирсэн, Та хэд хаацайлаад л үлдэж байна

М.Энх-Амгалан:Би гурван гишүүнийг түдгэлзүүлэх асуудлыг оруулж ирсэн, Та хэд хаацайлаад л үлдэж байна

Өнөөдөр болсон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан УИХ-ын гишүүдийг улайхыг нь улайтал, уурлахыг нь уурлатал хатуухан хэдэн үг хэлээд авав. Монгол Улсын хууль тогтоох дээд шатны байгууллагыг хүндэтгэсэнгүй хэмээн зарим нь ихэд ундууцав. Гэхдээ ерөнхий прокурор хатуу ширүүн өнгөөр ярьсан ч гагцхүү үнэнийг хэлж, загатнасан газар маажив хэмээн олон нийт талархан хүлээн авч байна. Ингээд чуулганы үеэр хэн юу хэлснийг хүргэе.

Улсын ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан “Батжаргалын Батзориг ХХААХҮ-ийн сайдаар ажиллахдаа хоёр удаагийн тушаалаар ЖДҮ-ийг дэмжих сангаас 99.5 тэрбум төгрөгийг зарцуулах шийдвэр гаргаж, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон. Иймд Улсын ерөнхий прокуророос 2018 оны арваннэгдүгээр сарын 05-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол гаргасан” хэмээн УИХ-д танилцуулаад, бүрэн эрхийг нь түдгэлзүүлж өгөхийг хүссэн юм. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалангаас асуулт асууж, хариулт авсан юм. Ийнхүү ерөнхий прокурорын үнэн бөгөөд хатуу үгийг, зарим гишүүдтийн асуулттай хүргэе.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: "Сонгууль болоход жил гаруйн хугацаа үлдлээ. Иргэдийнхээ гомдол цөхрөлийг яаж сонсдог юм болоо. УИХ-ын гишүүн Л.Болд чуулганы танхимаас байнга ард түмнийг буруу зүйлд турхирсан зүйл ярьж байх юм. Үнэхээр харамсалтай байна. Хөгжлийн банктай холбоотой хэрэг хаана явна вэ"

Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан: "Хөгжлийн банктай холбоотой хэргийг шалгаад шүүхэд шилжүүлээд мөрдөн байцаалтад буцаагаад дахиад шүүхэд шилжүүлчихсэн байгаа" 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Хэрэг шалгахдаа хэдэн жил шалгаж уддаг хэрнээ нэг, хоёр сайдын огцруулах болохоор ямар хурдан оруулж ирдэг юм бэ. Сошиалаар шуурсан хэрэгт үнэн худал нь мэдэгдэхгүй шалгалт явуулж, баривчилгаа хийгээд байдаг хэрнээ олон жил бугшсан тэр хэргүүдээ хэзээ шалгаж дуусах юм бэ. Цаад талын үндэс суурийг нь хэзээ өөрчлөх юм бэ"

Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан "Цаад талын үндэс суурийг нь өөрчлөх эсэх нь миний асуудал бишээ. Тэр бол миний биш та нарын асуудал. Бүх хэрэг дээр хэрэг нээгээд шалгаад явдаг. Монгол Улсын хуулийг та нар баталж байгаа. Тэгчихээд эцэст нь хууль хэрэгжүүлж байгаа хүмүүс рүү дайраад байж болохгүй. Та нар асуудлаа ялгаж салгаж ойлго. Юм л бол Хууль зүйн сайдаас асууя. Тэр хэрэг яав ийв гэх юм. Тэр асуудлыг Хууль зүйн сайд мэдэхгүй. Хууль зүйн сайд оролцох эрхгүй. Аливаа тохиолдолд шударга ёс гэж байх ёстой. Би гурван гишүүнийг түдгэлзүүлэх асуудлыг оруулж ирсэн. Та хэд хаацайлаад л үлдэж байна. Түдгэлзүүлэхгүйгээр шалга гэх юм. Энгийн иргэн, бүрэн эрхтэй гишүүн хоёрыг шалгах өөр шүү. Шударга ёс чинь энэ юм уу. Би шударга ёс тогтоох гэж оруулж ирсэн" хэмээн гишүүдийг загнаад авлаа. 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.