Найраатай, намынхаа “эрхийн тэнэг”

Найраатай, намынхаа “эрхийн тэнэг”

Монгол бөхийн түүхэнд хамгийн олон удаа түрүүлсэн, бөхчүүдээс анх удаа байнгын ажиллагаатай парламентад сонгогдсон дархан аварга, УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд  Б.Бат-Эрдэнийг “ Хэн нь хэн бэ” буландаа онцоллоо.  

Хоёрхон тушаалд гарын үсэг зурсан сайд

Энэ эрхэм  Батлан хамгаалахын сайдаар томилогдоод 60 шахам хонох гэж  байна. Монгол Улсын  тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлыг хамгаалах үүрэг бүхий салбарт тойм тоогоор 10 гаруй  мянган  албан хаагч   ажилладаг.  Зэвсэгт хүчин гэх  өнөр өтгөн айлын өрхийн тэргүүний хувьд тэрбээр  ажлаа хүлээж авсаар  ердөө хоёрхон тушаалд л гарын үсэг зурснаас өөрийг хийгээгүй бололтой.  Энэ тухайгаа сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа “Би сайдын  албыг  хүлээж аваад хоёр тушаал гаргасан. Эхнийх  нь төсөв хэмнэлтийн зарчмаар ажиллах, нөгөөх нь дэг журмыг сахиулах чиглэлээр гаргасан тушаал шийдвэр юм. Тушаалын хэрэгжилтийг хангуулж ажиллуулахаар ажиллаж байна даа” гэжээ.  Тэгэхээр  мань эрд  өнгөрсөн хугацаанд  эхлүүлсэн, санаачилсан ажил   байхгүй болж таарах нь.

Уг нь өдийд  холыг нь байг гэхэд Улаанбаатар  хот орчмын анги нэгтгэлүүдийн өвөлжилтийн бэлтгэлтэй танилцаад зогсохгүй  энэ хавар цэрэгт татагдсан  хэдэн бор цэргээ эргэж амжих байлаа. Үүгээр түүгээр явсан гэж ярих зүйл үгүйг бодоход өрөөндөө тухласаар хоног өдрүүдийг барсан хэрэг.   Ингэж хэлэхээр би учиргүй их ажил хийсэн. Өдөр бүр гадны зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж байсны  зэрэгцээ төсвийн тодотгол, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг батлахад  цаг зав, мэдлэг оюунаа зориулсан хэмээх л байх. Энэ бүхнийг уншсан иргэд ямар гээч эрхэмд хамгийн хариуцлагатай салбараа  хариуцуулчихав аа гэх нь дамжиггүй.

Сургаар бол  мань эр Батлан хамгаалахын сайдын суудлыг ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохгүй “Нэрээ татна” гэсэн тохироотойгоор  авсан гэх. “Бор шувуу”-ны шивнэсэн үг шүү. Үнэн эсэхийг нь батлаж чадахгүй. Гэхдээ л  эр хүн, цаашлаад намдаа дөрвөнтөө суудал авч өгсөн УИХ-ын гишүүний хувьд Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдаар томилогдож чадсан л нэгэн.   

Хараалын үгэнд булагдсан нөхөр

Түүнийг Засгийн газрын гишүүнээр томилогдоход  ард түмэн дуртай хүлээж аваагүй. Ямар сайндаа  л цахим хуудсаар “Батлан хамгаалахын салбарыг  Б.Бат- Эрдэнээс өөр хүнд даалгаж болсонгүй юу”,  “Буруу дэвсэн шувуу” гэхчилэн  эсэргүүцэж байсан нь эдүгээ архив болон үлджээ.   Тэднээс ганц нэгийг нь ишилсэн ч болж байна.

“Бөхийн Нямдоржтой өрсөлдвөл дэмжинэ. Буруу дэвдэг шувууг дэмжихгүй”, “Аэро Монголиа”-гийн хувьцаагаа зарсан гэсэн. Тэр мөнгө нь хаана байгаа бол” гэх зэргээр бичихийн зэрэгцээ мөр холбоод шоглочихож.

“...Урт нэртэй хууль санаачилж, уурхайчдыг амьдралгүй болгосон бөх
 Уур савссан толгойгоо өндиийлгөж, улсын Ерөнхийлөгчид санаархсан бөх
Хан Хэнтийг  дампууруулж, халхад алдаршсан бөх
Сэулд казинодож, сүрхий хөлжсөн  бөх
Ноолуур модоор занималдаж, ноомой царайлсан бөх

Ган бөмбөлгөөр жонглерддог гандан буурдаггүй  харамч хүн..” хэмээн шогложээ. Мөн “Энхбаярын үед нил авлигачдын дунд сууж байсан мөртлөө дүнхүү царайлаад дуугүй суугаад байсан өөдгүй нөхөр” гэх хүн ч байх юм. За тэгээд, цаашаа ухвал “Аварга дээд сургууль хоёр тэрбумаас багагүй, Чандганы аж ахуй, Хэнтийн гурилын үйлдвэрээ яасан бэ. Ард түмнийг юу ч мэддэггүй гэж  санав уу”, “Коммунистуудын авлига хээл хахууль авдгийг,  Монголын газар шороо, ард түмнээр тоглодгийг мэдсээр байж дүлий дүмбэ царайлаад сууж байдаг өөдгүй новш”, “Улс төрд ороогүй бол хүндлэгдээд сайхан л явах байж дээ, муу юманд хутгалдаад нэр нь ч унаж байна даа”, “Энэ яахаараа ийм олон малтай болдог байна. Ард түмний өгсөн малыг цуглуулаад л явдаг юм биз дээ, ичээч. Тээр жил Өвөрхангайгаас Цэрэнтогтох суурь хонь ард түмэн өглөө гээд туугаад. Туусан хүнээ дутаалаа гээд бөөн юм болсон доо” гэхчилэн явж өгчээ. Энэ бол сайтад зочилж, түүний талаархи мэдээлэлд үлдээсэн иргэдийн сэтгэгдэл.

Монгол түмний хайртай бөх

Нэгэн цагт тэрбээр  монгол түмнийг цэнгүүлсэн даяар дуурсагдах далай даян дархан аварга явсан.  Наадмын зүлэг ногоон дэвжээнээ завсаргүй найм түрүүлсэн  их аварга мөн үү гэвэл мөн. Хэнд ч түүний   зүлэг  ногоон дэвжээнд 12 удаа түрүүлсэн,  самбо бөхийн дэлхийн аваргад гурвантаа түрүүлж, сонирхогчдын сумо бөхийн дэлхийн аварга цол  хүртсэн  амжилтыг  үгүйсгэх эрх байхгүй.   Цагтаа  жинхэнэ монгол эрийн бяр чадлыг харуулж  л явсан сайхан  бөх. 

Харамсалтай нь эдүгээ эд хөрөнгө, хүн чанаргүй, харамч зангаасаа болж нэр хүнд нь жаахан уначихаад байгаа болохоос биш.  Тэрбээр аавыгаа дагаж  наадам үзэж явсаар бөхөд хорхойтой нэгэн болсон гэнэ билээ. Өөрөө  ингэж дурссан байдаг.  Харин бөх болох замыг нь зааж, бөхийн дэвжээний  хөтөлсөн ачтан нь  хадам аав нь. Т

одруулбал,  Хэнтий аймгийн Батноров сумын уугуул, улсын заан Барамсай гуайг гэлцдэг. Гэхдээ аварга бөхийн удамтай.  Төрсөн ээж Норжмаа нь Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумгийн хурц арслан Бадамсэрээжидийн дүү охин аж. Б.Бат-Эрдэнэ  аварга залуудаа “Хүч” спорт хорооны нэрээр барилддаг байв. Түүнийг Сэлэнгэ аймагт цэргийн алба хааж байхад гавьяат багш Гэлэг "Хүч" нийгэмлэгт оруулжээ.  Аварга  үндэсний бөхөөс гадна жүдо, самбо, сонирхогчдын сумо бөхийн хэд хэдэн төрөлд  хүч сорьж явсныг нь түмэн мартаагүй биз ээ.  

Б.Бат-Эрдэнэ анх 1985 оны наадмын дөрвийн  даваанд Увс аймгийн харьяат Улсын заан Тулгаа гуайг даваад, тавын даваанд улсын начин Балжиннямыг давж улсын начин,   1989 онд аварга  улмаар  1990 онд дархан аварга, даян аварга цолыг тус тус  хүртсэн.

Нэр төртэй бөхөөс мэргэшсэн эрхзүйч   

Харин хувь хүний зан араншингийн тухайд “Аварга шиг зангарагтай явах хэрэгтэй” гэх магтаалын үгийг сонсч байгаагүй. Түүнийг улс төрд хөл тавихад нь Засгийн газрын гишүүнээр томилогдох үеийнх шиг нь л  элдэв үгээр гоочилж эхэлсэн байх юм.  Бөхчүүд барилдаж явснаас номын хуудас эргүүлж, тархиа цэнэглэсэн нь  юу л бол гэхчилэн. 

Үнэндээ ч бөхчүүд дээд сургуулийн нэрийн өмнөөс барилдаж явсаар сурсан эрдмээр маруухан хэрнээ диплом өвөртөлдөг нь үнэн. Манай ангид ч жилдээ дөрөв, тав  үзэгдээд   сураг тасардаг бөхөнцөр хоёр байсан юмдаг.  Тэр хоёр маань биднээс хойш гурван жилийн дараа их сургуулиа  төгссөн байсан.

Ямар замаар төгссөн нь  ч ойлгомжтой.  Мань эр ч ЦНДС-ийг тиймэрхүү маягаар төгссөн байхыг үгүйсгэхгүй.  Лав гоц гойд оюутан байсан талаар  магтаалын үгийг өнөө хэр хэн нэгэн багш, хамт суралцаж байсан сонсогчид нь унагаасныг олж уншаагүй, сонссонгүй.  Гэхдээ түүнд бусдад үзүүлэх диплом буй.  ЦНДС эдүгээ БХИС болж статус нь  өөрчлөгдсөн.  Эдүгээгийнхээр бол  тус сургуульд эрхзүйч мэргэжлийг энгийн  ангид  сурч эзэмшдэг.  Тэгэхээр  цэргийн мэргэжлийн хүн гэж хэлж болох эсэхийг хэлж мэдэхгүй нь.

Хэрэв үгүй бол тэрбээр мэргэшсэн  Засгийн газрын мэргэжлийн бус сайдуудын нэг болж таарч байгаа юм.  Харин  эрх зүйчийн хувьд чадалтай, чадвартай нэгэн болсон нь дамжиггүй. Яагаад гэвэл УИХ-д дөрвөнтөө суухдаа хуулийн төслийг боловсруулж, цоорхойтой хууль болж уу, үгүй юу гэдгийг мэддэг, мэдэрдэг, анзаардаг болсон  байлгүй. Хууль зүйн байнгын хорооны даргаар  ажиллаж байсныг нь бодоход ч тэр. 

Олны саналаар улс төрд хөл тавьсан нэгэн

Энэ бол өөрийнх нь хэлсэн үг. Бүр тодруулбал, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөх үеэрээ тараасан сурталчилгааныхаа материалд ашигласан ярилцлагадаа улс төрд хөл тавьсан үеэ “Биеийн тамирын  салбарынхан болон нутгийнхан  маань  санал тавьсны дагуу би улс төрийн амьдралд орсон”  хэмээн тайлбарласан нь бий.  

УИХ-ын сонгуульд 2004 онд  Хэнтий аймагт МАХН-аас нэр дэвшин ялалт байгуулсныхаа дараа Биеийн тамирын тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн барьж, спортын салбарынхныхаа ачийг хариулсан.  Нөгөөтэйгүүр,  мань эр адтай  байж мэдэх улстөрч. Сонгогчдод таалагдах зүйлийг  хэзээ ямар нөхцөлд барьж авахаа мэднэ.   Өнгөрсөн  дөрвөн жилд гэхэд   УИХ-ын Байгаль орчны байнгын хорооны  идэвхитэй гишүүн нь байж  Байгаль орчин, ашигт малтмалын лицензтэй холбоотой асуудлаар үе үе хэвлэлийн бага хурал зарлан хуралдуулж, сонгогчиддоо өөрийгөө  рекламдаад амжсан. 

Яах вэ, их ярьж бага хийдэг нөхдүүдийг бодвол  Байгаль орчин, Ашигт малтмалын тухай хуулийн төсөл дээр ажиллаж, санаа оноогоо тусгуулж чадсан  гишүүн.  Бас үе үе намынхаа эсрэг  дуугарч, сүрийг үзүүлэх нь бий.  “Оюу толгойн гэрээ  Үндсэн хууль зөрчсөн” хэмээн нэр бүхий найман гишүүний хамт Ерөнхий сайд С.Батболдыг огцруулахыг шаардаж байсан удаатай.  Хааяахан бас намдаа тунирхаж сүйд болно. 

Нам нь ч  мөчөөгөө өгөхгүйг хичээдэг ч эцсийн дүндээ аварга дандаа л дийлсэн байдаг юм. Дөрвөн удаа намдаа суудал авчирсан түүнийг “эрхлүүлэхгүй” гээд ч яалтай.  Ерөнхийлөгчийн сонгуульд  орон нутагт ялалтын тугийг атгаад алдсан юм шүү дээ.  Энэ бол Монголын эгэл ардууд бөхдөө хайртайн илрэл  ингэж харагдсан хэрэг.

Талаар дүүрэн малтай сайд

УИХ-ын  гишүүн Б.Бат-Эрдэнэ   АТГ-т  хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж өгчээ. Тэрбээр жилийн 19 сая 470 мянган төгрөгийн орлоготой бөгөөд гэр бүлийн бусад гишүүд нь өнгөрсөн жил 14 сая 80 мянган төгрөгийн орлого олсон гэнэ.  Хөрөнгө орлогын мэдүүлгээс  нь харахад тэрбээр  хувийн  орон сууц, нэг үйлчилгээний барилгатай  юм байна. 

Эдгээр нь нийлээд  425 сая 300 мянган төгрөгөөр үнэлэгдэх аж.  Мөн “Сузуки гранд витара” , “Лексус 470” гэсэн хоёр машинтай гэнэ. Мөнгөнд чанга  ханддагаараа алдартай  бөх маань  хот дотор дунд гарын жижиг жийп машинаа  унаж яваа харагддаг. Зарим хүн ингэж явааг нь хараад нэр төр олох гэж ядах юм. Энэ л ланд авч чадахгүй байв гэж ирээд л өө хайх нь бий.

Юугаа унаж, юу идэх нь хувь хүний асуудал болохоор юу хэлэх вэ.  Үнэндээ тэр сүйхээтэй нэгэн шүү дээ.  Хуулийн төсөлтэй ноцолдож өдрийг бардаг хүн биш. Хэнтий аймгийн өнгөтэй өөдтэй бүхнийг өөрийн болгож чадсан нөхөр хэмээн нутгийнхан нь ярьдаг л юм билээ. Чандганы САА гэж байсныг  бүхий л барилга объектийг хувьчилж авсан гэсэн сураг дуулддаг.   Ямартай ч сайд маань нэлээд  хэдэн компаний хувьцааг эзэмшдэг гэдгээ АТГ-аас нуусангүй.   

Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурьдсанаар бол “Буудайн цацал” ХХК-ийн 20, “Атар чандгана”  ХХК-ийн 51, “Атар чандгана сүү” ХХК-ийн 14 хувийг тус эзэмшдэг ажээ.  Хадгаламжиндаа  30 сая 422,6 мянган төгрөгтэй, 10 сая төгрөгөөр үнэлэгдэх эзэмшил газартай гэж мэдүүлжээ.  Даян аварга Б.Бат-Эрдэнэ бол УИХ-ын болоод Засгийн газрын  гишүүд дундаас хамгийн олон малтай нь бас  хамгийн олон хурдан удмын адуутай нь. Түүний нэр дээр 400 бод, 3100 бог, 20 хурдан удмын адуу байдаг. Эдгээр нь нийлээд 182 сая төгрөгөөр үнэлэгджээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.