Ц.Элбэгдорж: Утааны асуудал дээр улстөржих хэрэг байхгүй

Ц.Элбэгдорж: Утааны асуудал дээр улстөржих хэрэг байхгүй

Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл өчигдөр өргөтгөсөн хуралдаанаараа нийслэлийн агаарын бохирдлын асуудлыг хэлэлцэж, Хотын даргын гаргасан захирамжуудыг дэмжиж, зөвлөмж гаргахаар шийдвэрлэсэн билээ.

Тэгвэл энэ талаар яг одоо Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн ордны Иргэний танхимд сэтгүүлчидтэй уулзалт хийж байна. Тэрбээр уулзалтыг нээж, “ҮАБЗ-ийн өргөтгөсөн хуралдаанаар нийслэл хотын агаарын бохирдлын талаар хэлэлцсэн. Үүнд Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ, Засгийн газрын гишүүд, яам, агентлагийн, нийслэлийн удирдлага, төрийн бус байгууллага, орон нутаг, хэвлэлийн төлөөлөл гээд нийтдээ 12 байгууллагын төлөөлөл орсон. Гэхдээ энэ хуралдааныг нээлттэй хийгээгүй. ҮАБЗ-ийн хурлыг өргөтгөж хийсэн нь  Монгол Улсын иргэдийн амьд явах, эрүүл байх чухал асуудлыг хөндөж, зохион байгуулсан. Үндэсний аюулгүй байдлын тэргүүний хувьд энэ хурлаас ямар шийд гарав, цаашдаа ямар үйл ажиллагаа явуулах гэж байгааг та бүхэнд дуулгах гэсэн юм. Би өөрийн цахим хуудсан дээрээ хурлын зөвлөмжийг тавьсан байгаа.

Аюулгүй байдлын зөвлөмжийг Үндсэн хуулиа барьж гаргасан. Үндсэн хуулинд Монгол Улсын иргэн амьд явах эрхтэй, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Улаанбаатарын орчин бол аюултай орчин. Аюултай орчин учир хязгаарлалт хийхээс өөр аргагүй. Үүнд маргаангүй байх эрхтэй. Нэг асуудал дээр ч гэсэн бид биенээ доош нь хийхгүй байх хэрэгтэй. Эхийн хэвлийд байгаа хүүхэд амьгүй болох хэмжээнд хүрсэн энэ гамшгийг  гамшиг, аюул гэхгүй бол юуг гамшиг гэх вэ. Утааны үеийнхэн бүгд эмгэнэл бий болж байна. Эрүүл мэндээрээ хохирч, амиа алдаж, генд нь уламжлагдаж үлдэх орчинд төрсөн хүмүүс  бий боллоо.

Ерөнхийлөгч үүнийгээ 7 жилийн өмнө ярихгүй яасан юм гэж бодож байгаа байх. Улаанбаатар хотод хүн амьдрахад аюултай хот боллоо гэж 2009 онд анх удаа хэлж байсан. Манай хүмүүс агаар сийрэгжээд салхи гараад ирэхээр утаагаа мартдаг. УИХ-ыг шахаж байж Агаарын бохирдлын төлбөрийн хуулийг 2010 онд гаргасан. Байгаль орчны олон улсын зөвлөгөөн дээр би 2011 онд очиж ярьж байлаа. Намайг байгаль орчны асуудлаар хамгийн их ярьдаг Ерөнхийлөгч гэж  2011 онд  НҮБ-ын Байгаль орчны шагналаар шагнаж байсан юм.

Агаарын бохирдлын асуудлаар нийслэлийн удирдлагуудтай хурал хийх гэхэд сүржигнэлээ гэдэг байлаа. Тэр үед хэвлэл мэдээлэл ч тоож бичдэггүй байсан.  Тэгээд 2010 онд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд С.Батболд байхад Агаарын бохирдлын хуулийг баталж байлаа. Үүн дотроо Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо байгуулсан. Ерөнхий сайдаар ахлуулсан энэ хороо 2013 онд байгуулж байлаа.

Тэгээд “Цэвэр агаар” сан байгуулсан. Гэхдээ иймэрхүү төсөл хэрэгжүүлэхэд ашгийн төлөө зүйл явагдсан байдаг. Олон улсын байгууллагын шугамаар олон айлын гэрийг дулаалсан. Би зургаан жилийн өмнө утааг зүрхэндээ хар гэж хэлж байсан. Энэ бол үйлдлийн эхлэл байсан. Зарим шийдвэрийг гаргахад улстөрчид дуртай байдаггүй. Би энэ асуудлаар Засгийн газрын хуралдаанд үг хэлж байсан.

Утааг гаргаж байгаа зуухны ард хүн сууж байгаа.  Та бүхэн тоо яриад байх юм. Утаа гаргаж байгаа айлуудыг хар, тоол. Танай гудамжинд хэдэн айл утаа гаргаж байна. Буруу, болохгүй үйлдэл хийж байгаагаа мэдэхээр хүн ичдэг. Ичихээрээ үйлдлээ хийхээ больдог. Багануур, Налайхын нүүрс үнэхээр утаа гаргадаг. Тиймээс сайн чанарын нүүрсийг боловсруулж Улаанбаатартаа хэрэглэе. Улаанбаатарынхан 600 мянан тонн нүүрсийг нь түлж байгаа. Манай гэр хорооллын хэрэгцээ тийм их биш. Хүн үүнийг сэтгэл зүрхэндээ аваад үр дүн гаргая гэвэл шийдэхэд хэцүү асуудал биш. Үндэсний аюулгүй байдлын тэргүүний хувьд зөвлөмж гаргаж, энэ талаарх газрын зургийг гаргаад явж байна.

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг гамшгийн түвшинд хүрснийг хүлээн зөвшөөрлөө. Энэ ажил руу Улаанбаатар хотын  холбогдох хүмүүс орох хэрэгтэй. Шилжин ирэлтийг хориглох асуудлыг Аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжөөр тодорхойлж өглөө.  Түүхий нүүрсийг хориглосон.

Нэгэнт гамшгийн бүс гээд зарласан болохоор онцгой горимоор ажилладаг болох хэрэгтэй. Орчны байдлын асуудлаар онцгой байдлын хороог Ерөнхий сайд ахлах хэрэгтэй. Төр ингэж ажиллах хэрэгтэй. Гамшгийн бүсэд ардчилал ярих хэрэггүй. Үүний цаана мөнгө ярьж хэрэггүй. Хүмүүс утаанаасаа салж байвал мөнгө төгрөг яах вэ гэж байна.

Би хэзээ ч Улаанбаатар амьдрахад сайхан хот хүрээд ир гэж хэлж байгаагүй. Гамшгийн бүсээс иргэдээ нүүлгэх хэрэгтэй. Орон нутгийн удирдлагууд аймагтаа үйлдвэр байгуулж, иргэдээ дуудах хэрэгтэй. Нүүлгэн шилжүүлэлтийг ард түмэн боломж гэж хардаг. Эдийн засаг тэлдэг. Кенеди гэж Ерөнхийлөгч манай иргэд "сар руу ниснэ"  гэж хэлсний дараах хөтөлбөр тэлж байсан. Нийслэлээс нүүнэ гэдэг эдийн засаг тэлж байгаа юм. Улаанбаатараас уралдаж хөрөнгө оруулалт хийх урамшууллыг бий болгох хэрэгтэй. 

Улаанбаатарт ямар хөрөнгө оруулалт ирэх вэ? Хэн хордох вэ? Улаанбаатар ирээдүйгүй хот болоод байна. Байгаль өөрөө Улаанбаатарын утааг шүүж чадахаа байчихсан” гэсэн юм. Уллзалт сэтгүүлчдийн асуултаар үргэлжилж байна. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.