ХХААХҮ-ийн салбарын удирдах ажилтнуудад хариуцлагатай, хяналттай ажиллахыг үүрэгдлээ

ХХААХҮ-ийн салбарын удирдах ажилтнуудад хариуцлагатай, хяналттай ажиллахыг үүрэгдлээ

Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын  удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр /2017.01.12/ тус яамны хурлын танхимд эхэллээ. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг энэ удаагийн зөвлөгөөнд ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, дэд сайд Ж.Сауле, Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга, ХХААХҮЯ, харьяа газар, хэлтсийн дарга нар болон 21 аймгийн ХХААГ-ын дарга, албатын дарга нар оролцлоо. Зөвлөгөөнийг нээж  ХХААХҮ-ийн сайд  П.Сэргэлэн үг хэллээ. Тэрбээр “Өнөөдрийн үйл ажиллагаа бол 100 хувь ажил хэргийн уулзалт зөвлөгөөн юм. ХХААХҮ-ийн салбарын улсын зөвлөгөөнөөр Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны ХХААХҮЯ-ны салбарт зорилго болгон тавьсан зорилтуудыг хэрэгжүүлэх, үйл ажиллагаагаа хэрхэн зохион байгуулах, уялдуулж хийх талаар ярилцах ажил хэргийн уулзалт. Өнөөдрийн хурал баярын хурал биш, ойн баяр биш. Тийм учраас цэвэр ажил хэрэг ярьсан, ирэх он жилүүдэд аймаг орон нутгийн удирдлагуудтай хэрхэн хамтарч ажиллах тухайгаа ярилцаж тохирох юм. Өнөөдөр санал шүүмжлэл, шаардлага, сахилга бат ярина.  Цаашдаа Монгол Улс эдгээр зорилго зорилтуудаа хэрэгжүүлэхийн тулд хариуцлагатай, хяналттай байх ёстой. Тийм учраас өнөөдөр  орон нутаг болон харьяа газрын удирдлагуудтай уулзаж байна” гэв.

 

Мөн Монгол Улсын Засгийн газраас баримталж буй бодлогод улс орны эдийн засгийг сэргээх, дотоодын үйлдвэрлэл, нөөцөд түшиглэсэн олон тулгуурт эдийн засгийн бүтцийг төрөлжүүлэн хөгжүүлэх, түүхий эдийн үнээс хэт хамааралтай байдлыг бууруулж дунд хугацаанд эдийн засгийг тэлэх асуудал чухлаар тавигдаж байна. Байнга нөхөн төлждөг нөөц баялагтай, нийт ажиллах хүчний 55,0 орчим хувийг ажлын байраар хангаж буй хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын тогтвортой хөгжлийн асуудал улс орны хөгжлийн болоод Засгийн газрын 2016 -2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн гол цөм болж байна.  Иймд нийгмийн хөгжлийн чиг хандлага, эдийн засгийн эрэлт хэрэгцээ, дэд салбар тус бүрийн онцлог, орон нутгийн хөгжлийн бодлоготой уялдуулж ХХААХҮ-ийн  салбарын тогтвортой хөгжлийг хангах, үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадвар, үр ашгийг нэмэгдүүлэх, тооноос чанарт шилжих бодлого нь үйл ажиллагаанд баримтлах чиглэл байх юм.  Үүний тулд түүхий эд, бүтээгдэхүүний нөөцөд суурилан дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дэвшилтэт техник, технологийн шинэчлэлийг хийх, инновацийг нэвтрүүлэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжиж хамтран ажиллах, маркетингийн сүлжээ, менежментийг боловсронгуй болгох, оновчтой тогтолцоо, эрх зүйг бүрдүүлэх, хэрэгжилтийг үр дүнтэй зохион байгуулах өндөр хариуцлага  байгаа гэдгийг   онцоллоо.  

ХХААХҮ-ийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн  хоёр өдөр үргэлжлэх  бөгөөд салбарын сургалт-семинараар үргэлжлэн явагдах юм.

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.