Туркийн Анталия хотноо жүдо бөхийн гран при ангиллын тэмцээн өчигдөр эхэлсэн билээ. Эхний өдөр эрэгтэй 60, 66, эмэгтэй 48, 52, 57 кг-ын барилдаан болсон. Манайхаас нийт таван бөх гарч барилдсанаас гурван хүрэл медаль хүртлээ.
Эрэгтэйчүүдийн 60 кг-д манай залуу жүдочид болох Ж.Амарболд, Б.Амартүвшин нар барилдсан. Улмаар манай хоёр бөх хүрлийн төлөө хоорондоо тулж, Б.Амартүвшин хоёр базари үнэлгээгээр ялснаар медалийн тавцанд зогссон юм. Тэрбээр хэсгийн аваргын төлөө ялагдсан ч торгуулийн тойрогт өрсөлдөгчөө хожиж, улмаар Ж.Амарболдыг буулгаж авсан нь энэ.
Тэгвэл 66 кг-д барилдсан Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх нар мөн хоорондоо хүрэл медалийн төлөө барилдсан юм. Д.Алтансүх хагас шигшээд ялагдсан бол Д.Төмөрхүлэг торгуулийн тойрогт ялж, хүрлийн төлөө гарч ирсэн. Энэ барилдаанд Д.Төмөрхүлэг базари үнэлгээгээр өрсөлдөгчөө ялж, хүрэл медаль хүртлээ. Тэрбээр Тбилис болон Анталиягийн гран пригээс мөнгө, хүрэл медаль дараалж хүртсэн юм.
Эмэгтэйчүүдийн 57 кг-д барилдсан залуу жүдоч Ц.Хулан Туркээс мөн хүрэл медаль авлаа. Манай бөх хагас шигшээд Косовагийн бөх Нора Жаковад ялагдсан. Тэгвэл хүрлийн төлөө Казахстаны бөх Севара Нишанбаеваг ялж, медалийн тавцанд зогсч чадлаа.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.