Олон улсын жүдо бөхийн холбооны календарчилсан төлөвлөгөөнд багтсан Хөххотын Гран при тэмцээн өнөөдөр эхлэх билээ. Өвөр Монголын нийслэлд анх удаагаа болох гэж буй энэхүү тэмцээнд дэлхийн 26 орны эрэгтэй 132, эмэгтэй 120, нийт 252 жүдоч өрсөлдөхөөр мэдүүлгээ өгөөд байна.
Мэдээж Өвөр Монголд болж байгаа гэдэг утгаараа Хятадын багаас эрэгтэй, эмэгтэй 28, 28 жүдоч барилдах юм. Тэгвэл Монголын шигшээ эрэгтэй 13, эмэгтэй 12 жүдоч оролцохоор мэдүүлгээ өгчээ. Мөн Оросууд 24 тамирчнаа оролцуулж байгаа юм байна. Манай эрэгтэй багийн хувьд 60 кг-д Д.Амартүвшин, Г.Болдбаатар нар барилдах бол 66-д Д.Алтансүх, Ё.Басхүү хоёр зодоглохоор болжээ.
Харин 73 кг-д С.Баяртүвшин, Ц.Цогтбаатар нар барилдана. Ц.Цогтбаатарын хувьд Рио-2016-гаас хойш бараг л тэмцээнд оролцоогүй байсан. Тэгвэл ийнхүү Хөххотын Гран прид зодоглож, тэр дундаа 73 кг-д өрсөлдөхөөр болоод байна. Цаашид ч тэрбээр 73 кг-д хүч үзнэ гэдгийг холбооны зүгээс хэлж буй. Эрэгтэйчүүдийн 81 кг-д Б.Гаажадамба, Н.Дагвасүрэн нар барилдах бол 90 кг-д Г.Алтанбагана, Э.Мөнхжаргал хоёр өрсөлдөх ажээ. -100 кг-д Б.Жанчивдорж барилдахаар болоод байна. Уг нь Л.Отгонбаатар -100 кг-д барилдахаар мэдүүлэгт багтаад байсан. Харин +100 кг-д Б.Тэмүүлэн, Ө.Дүүрэнбаяр нар барилдана. Эмэгтэйчүүдийн хувьд 12 жүдоч Хөххотод өрсөлдөнө. 48 кг-д Б.Хорлоо, Э.Гэрэлмаа гэсэн залуу бөхчүүд зодоглохоор болж.
Тэгвэл 52-т Ч.Аззаяа, А.Цолмон нар барилдах юм. 57-д Л.Энхрийлэн болон Олимпын мөнгөн медальт Д.Сумъяа нар барилдахаар мэдүүлэгт багтжээ. 63-т Ц.Цэрэннадмид, Б.Ганхайч нар зодоглох бол 70 кг-д Б.Хулан, М.Даваасүрэн гэсэн залуу тамирчид өрсөлдөх нь. -78-д бөх барилдахгүй бол +78 кг-д Э.Гандиймаа болон Б.Мөнхтуяа нар Хөххотын гран прид өрсөлдөх нь ээ. Өвөр Монголд Азийн жүдо хөгжсөн орнуудаас Япон, Солонгос жин тус бүрт шилдэг тамирчнаа илгээж байгаа юм байна. Японы хувьд эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон тамирчны мэдүүлэг өгч. Тэгвэл Солонгос эрэгтэй долоо, эмэгтэй 11 жүдочоо өрсөлдүүлэх нь.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.