Боксын рингэнд дахин нэг тамирчин нулимс унагав

Боксын рингэнд дахин нэг тамирчин нулимс унагав
Бразилийн Рио-Де-Жанейро хотноо зуны олимпийн XXXI наадамд дүрвэгсдийн багтай нийлээд 207 орны 11 мянга гаруй тамирчин спортын 28 төрөлд 306 багц медалийн төлөө өрсөлдөж байна. Олимп эхлээд эдүгээ 10 гаруй хонож буй бөгөөд сэтгэл догдлуулсан торгон мөч, үзэгчдийн дэмжсэн уухайн дуу үргэлжилсээр байгаа билээ. Спортын хэд хэдэн төрлийн аваргууд хэдийнэ тодорч, эдүгээ АНУ 80 гаруй медальтайгаар бусад орноо илт давуугаар тэргүүлж явна.  
 
Гэвч сүүлийн үед Олон улсын Боксын холбоо, боксын спортын шүүлттэй холбоотой гомдол тасрахгүй байгаа юм.  Энэ байдал Риогийн Олимпод ч давтагдлаа. Рио-2016 олимпийн эрэгтэйчүүдийн 56 кг-ийн хүрэл медалийн төлөөх тоглолт Лондоны олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Ирландын боксчин Майкл Конлан ОХУ-ын тамирчин Владимир Никитин нарын хооронд өрнөсөн юм. 
 
Тоглолтын явцад Оросын тамирчны хуучин бэртэл нь сэдэрч, толгойноос нь цус гарсанаас гадна   хөмсөг нь задарснаас болж тоглолтыг түр зогсоох гэх мэтээр М.Конлан бүх л үеийн турш илүүрхэж байсан  ч шүүгчид эцсийн мөчид В.Никитинд ялалт өгсөн нь цөс ихтэй Ирланд боксчинд таалагдсангүй. Шүүгч нар эхний үед Никитинийг ялсан хэмээн үзсэн бол хоёрдугаар үед ирланд залууд хожил өгсөн. Гэвч шийдвэрлэх гуравдугаар үед орос эрд давуу санал өгснөөр энэ тулаанд 2:1 ээр шийдэгдсэн юм. Конлан ялагдсаныхаа дараа шүүгчид рүү дунд хуруугаа гозойлгон зүй бус үйлдэл гаргаж дэвжээнээс буусан  хэдий ч хараал урсгасан хэвээр байсан юм.  Конлан ялагдсанаар ирландчууд Афины олимпоос хойш анх удаа боксын төрлөөс олимпийн медальгүй үлдэж байна.  Тэрбээр “Олимпийн хороо авлигад идэгдчихжээ. Тэд миний мөрөөдлийг надаас хулгайллаа. Тэд худалдагдчихаж. Би дахиж ОУБХ-ны зохион байгуулж байгаа тэмцээнд оролцохгүй.
 
Энэ тэмцээн Ази, европын аварга шалгаруулах биш, дэлхийн аваргын тэмцээн ч биш, Олимп шүү дээ. Авлигад гүн гүнзгий идэгджээ. Би тэднийг ялзарсан гэж бодож байна. Иймэрхүү шударга бус зүйл холбоонд үргэлж болдог. Үүнийг хүн бүр л мэдэж байгаа”  гэж сэтгүүлчдэд бухимдан ярьжээ. Боксын рингнээс цамцаа тайлсан чигтээ буусан залуу цахим ертөнцөд ч уур бухимдлаа илэрхийлж, бүр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин руу хүртэл дайралт хийсэн юм.  М.Конлан твиттер хуудастаа Олон улсын Боксын холбооны хаягийг дурьдаж, “Путин та тэдэнд хэр ихийг төлсөн бэ” хэмээн жиргэсэн нь дэлхийн хэвлэл мэдээллийн анхаарлыг татлаа. Эдүгээ 24 настай боксчин залуу 2012 оны Лондонгийн Олимпоос хүрэл медаль хүртэж, өнгөрсөн жил Дэлхийн аварга болж байжээ. Харин энэ жилийн 31 дэх удаагийн Риогийн Олимпод аваргалах том зорилго  тавьж, үүнийгээ биелүүлсний дараа мэргэжлийн бокст хөл тавих сонирхолтой байсан аж. 
 
Гэвч хүрэл медалийн үзүүрээс атгаад алдсан тамирчин биеэ барьж дийлэлгүй буухимдлаа илэрхийлсэн нь Олимпийн нэгэн элдэвтэй агшин байсан гэдэгтэй уншигчид маань санал нийлэх биз.  Ямартай ч, Олон улсын боксын холбооноос түүнтэй холбоотой мэдэгдлийг мөн гаргасан байна. Тус холбооны албан эх сурвалж “Энэ бол түүний хувь хүний л үнэлэмж. ОУБХ бүх л төвшинд шударга ажиллах зорилт тавьж буй. Дэлхийн 200 улсыг төлөөлж буй энэ байгууллага аль нэг талыг барих боломжгүй. Түүний хэлсэн үг үндэслэлгүй. Зүгээр л хувь хүний үзэл бодол байна” гэх тайлбарыг өгсөн байна. Ямартай ч, боксын рингэнд бухимдлын нулимс унагасан тамирчдын тоо нэгээр нэмэгдлээ. 
 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.