С.Баттулга: Өсвөрийн 8 тамирчинтай очоод, 18 медаль хүртээд ирлээ

С.Баттулга: Өсвөрийн 8 тамирчинтай очоод, 18 медаль хүртээд ирлээ

“Ирээдүй” цогцолбор сургуулийн “Чоно” клубын дасгалжуулагч С.Баттулгатай ярилцлаа. Тус клубын өсвөрийн тамирчид Хятадад болсон “China open” таеквондогийн тэмцээнд оролцоод, 18 медаль хүртсэн билээ. Манай баг тамирчид өнгөрсөн долоо хоногт эх орондоо ирсэн. Тэр үеэр нь уулзаж ярилцсан юм.

-Монголын таеквондогийн баг тамирчид “Chinа open” Олон улсын тэмцээнээс 18  медаль хүртээд ирсэн. Тэмцээний талаар ярьвал?

-Хятад улсад болсон таеквондогийн нээлттэй тэмцээнд Монгол, Узбекстан, Хятад гэсэн гурван орны 700 гаруй тамирчин оролцсон. Энэхүү тэмцээнд 35-аас дээш насныхан болон насанд хүрэгчид, бага насныхан гэсэн гурван ангилалаар явагдсан. Тэгвэл манай улсаас өсвөрийн 8 тамирчин оролцож, 7 алт, нэг мөнгөн медаль хүртсэн. Мөн багийн төрөлд нэг хүрэл, өөр хоёр төрлөөр мөнгө, хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлээд ирсэн.

-Өсвөрийн тамирчид хэдэн кг-ын жинд өрсөлдсөн бэ?

-Манай тамирчид 22, 28, 42 кг-ын жинд тамирчдаа өрсөлдүүлсэн. 28 кг-ын жинд Д.Анх-Эрдэнэ алтан медаль авсан. Н.Номин гэдэг хүүхэд хүрэл медаль хүртээд ирсэн. Тэгвэл 22 кг-д Б.Мөнхцэцэг алтан медаль авсан. 39-43 кг-ын жинд О.Амин-Эрдэнэ тулааны төрөлд алтан медаль хүртсэн. Харин 42 кг-ын жинд Б.Билгүүнсүлд алт, А.Мөнхсүх мөнгөн медаль хүртээд ирлээ. Манай хоёр тамирчин хоорондоо алтан медалийн төлөө өрсөлдсөн юм. Мөн тулийн төрөл гэж байгаа. Сүүдэр тулаан гэж ойлгож болно. Ушу, каратегийн тамирчид тулааны техник үзүүлдэг дээ. Түүнтэй адилхан. Манайхан туль гэж ярьдаг юм. Энэ төрлөөр О.Амин-Эрдэнэ алтан медаль авсан. Б.Билгүүнсүлд бас алтан медаль хүртсэн. Түүнээс гадна Л.Маралгоо гэдэг охин алтан медаль авсан бол Б.Энхбат гэдэг хүү бага насны ангилалд хүрэл медаль хүртсэн байгаа. Ингээд нийтдээ 18 медаль хүртсэн юм.

-Манай тамирчид өөрийн жиндээ хэдэн тулаан хийж байж алтан медаль хүртсэн бэ?

-Доод тал нь дөрвөн тулаан хийж байж алтан медаль хүртсэн байгаа. Нэг жинд багадаа л 32 тамирчин өрсөлдөж байсан. Хасагдах журмаар тулалдаад, дөрвөн тулаан хийж ялсан нь алтан медаль хүртэнэ.

-Хятадад болсон нээлттэй тэмцээн гэхэд цөөн орон оролцож. Илүү олон орон оролцсон бол манай тамирчдын чадвар чансааг илүү шалгах байж дээ?

-Уг нь бол тийм. Илүү олон орны чадварлаг тамирчид оролцох тусмаа л сайн. Бидэнд илүү туршлага болж өгнө шүү дээ. Гэхдээ газар нутгийн байрлалаасаа болоод бусад орны тамирчид ирж оролцохгүй байх шиг байна.

-Энэ тэмцээнд оролцсон тамирчид хэдий хугацаанд бэлтгэлээ базаасан бэ. Тамирчид зардлаа өөрсдөө даадаг юм уу?

-Тамирчид зардлаа өөрсдөө л даана. Эцэг, эхчүүд нь боломж бололцоогоороо зардлыг нь гаргаад, хүүхдүүдээд тэмцээнд явуулдаг. Энэ тэмцээнд оролцсон тамирчид бол сүүлийн хэдэн жил таеквондогоор хичээллэж байгаа хүүхдүүд. Саяхан бас Буриадад болсон нээлттэй тэмцээнд оролцоод ирсэн. “Байгаль цом” гэдэг Олон улсын тэмцээнд оролцоод, дөрвөн алт, гурван мөнгөн медальтай ирлээ. Сая Бээжингээс 6 алттай ирлээ. Азийн аварга шалгаруулах тэмцээнээс энэ жил нэг мөнгө, хоёр медаль хүртсэн. Манай клубын хүүхдүүдийн гаргасан амжилт шүү дээ.

-Өсвөрийн таеквондогийн тамирчдад бол шигшээ баг гэж байхгүй биз дээ. Тэгэхээр Олон улсын тэмцээнд оролцох тамирчдаа яаж сонгож авч байна?

-Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, түрүүлсэн хүүхдүүдээ сонгоод л явуулдаг. Сая Хятадад болсон нээлттэй тэмцээнд оролцсон хүүхдүүд бүгд л улсын аваргад амжилт гаргасан. “Байгаль цом”-д ч гэсэн энэ хүүхдүүдээс явсан. Энэ тэмцээнд Орос, Монгол, Буриадын 700 гаруй тамирчин оролцсон юм. Манай тамирчид бол ямар ч байсан Орос, Хятадын өсвөрийн тамирчидтай тун сайн үзэж байгаа. Цаашлаад тивийн хэмжээнд хангалттай сайн оролцож чадна гэдгээ баталж харуулсан.

-Таеквондогийн спорт дотроо хоёр төрөл байдаг гэсэн. Та нарын хичээллээд байгаа энэ төрөл нь Олимпийн бус юм билээ. Энэ талаар манай уншигчдад ойлголт өгөөч?

-Дэлхийн болон Олон улсын таеквондо гэсэн хоёр төрөл байгаа. Бидний хүүхдүүдээ оролцуулаад, бэлтгээд байгаа нь болохоор Олимпийн наадамд оролцдоггүй Олон улсын таеквондо юм.  Дэлхийн таеквондо бол гараар толгойд цохьдоггүй, цээжинд л цохиж болно. Үндсэндээ хөлөөрөө тулалдаг спорт. Тэгвэл Олон улсын таеквондо бол гараар толгойд цохиж болно, дөрвөн мөчөөрөө тулалддаг спорт. Олимпийн наадамд багтдаггүй төрөл л дөө.

-Олон улсын таеквондо дэлхийн аль улсад хамгийн өндөр хөгжсөн байдаг юм. Манай тамирчид энэ спорт өндөр хөгжсөн орны тамирчидтай тулалдаж, чадвараа сорих боломж хэр байдаг вэ?

-Мэдээж Солонгост хамгийн өндөр хөгжсөн спорт. Гэхдээ дэлхийн бусад орнуудад ч жигд хөгжиж байгаа. Уг нь олон тэмцээнд оролцоод, хүүхдүүдээ гадны орнууд руу авч явж байж л эд чинь туршлага сууна, сайжирна. Гэтэл зардал мөнгөний асуудлаас болоод л явж чаддаггүй. Тийм болохоор улсаас жаахан ч болов дэмжих хэрэгтэй байна. Яг үнэндээ өнөөдөр энэ спортод дуртай хүмүүс л хөгжүүлэхийг хичээж, зүтгэж явна шүү дээ.

-Хятад, Оросын тамирчид ямар ч спортын төрөлд дэлхийд маш сайн өрсөлддөг. Эдгээр орны тамирчидтай өрсөлдөөд, алтан медаль аваад ирнэ гэдэг бол манай хүүхдүүдийн ур чадвар харьцангуй сайн байгаагийн илрэл гэж бодож байна. Хэрвээ улс тусалж дэмждэг бол манай тамирчид тив, дэлхийн том тэмцээнд амжилт гаргах боломж байгаа юу. Дасгалжуулагч хүний хувьд нэг дүгнэвэл?

-Монгол хүн ямар ч спортод амжилт гаргах боломжтой. Маш их авьяастай, хүчтэй, чадвартай байдаг. Гагцхүү улсаас жаахан ч болов дэмжмээр байна. Нөгөө талаар таеквондогийн спортоор хичээллээд зөвхөн амжилт гаргахдаа биш. Хүүхдүүд чөлөөт цаг ихтэй байх тусмаа л буруу зүйл рүү хальтирах гээд байдаг. Тэгвэл хүүхэд ямар нэг спортоор хичээллээд, зорилготой байна гэдэг чинь хүмүүжилд маш тустай. Тэр дундаа таеквондо бол хүндлэлийг маш сайн үзүүлж, хүүхдийг төлөвшүүлдэг спорт шүү дээ. Тэгээд дахиад хэлэхэд, манай тамирчид ямар ч тэмцээнд оролцоод, амжилт үзүүлэх бүрэн боломжтой. Даанч дэмжлэг алга. Багш нар нь мачийгаад, эцэг, эхчүүд нь олсон хэдэн төгрөгөө зараад байхаар амьдрал нь яах билээ. Тиймээс жаахан дэмжмээр байна. Дээрээс нь амжилт гаргаад ирж байгаа хүүхдүүддээ урам өгөх хэрэгтэй. Бид амжилт гаргаад ирэхэд хэн ч тоодоггүй. Ядаж хэвлэл мэдээллийнхэн нь сурталчлаад, мэдээлээд өгмөөр байгаа юм.

-Олимпийн наадамд оролцдог төрлөөр нь хичээллээд явбал яадаг юм бол. Сүүлийн үед Олимпийн наадамд багтдаг төрөлд л анхаарал хандуулдаг болчихсон байна шүү дээ?

-Хүн өөрийнхөө дуртай, сонирхолтой спортоороо л хичээллэнэ шүү дээ. Би энэ төрлийн таеквондогийн сайхныг мэдэрсэн учраас хичээллэсэн. Хүүхдүүдэд түүнийгээ зааж яваа. Манай хүүхдүүд ч гэсэн өөрсдийнхөө сонирхлоор энэ төрлөөр хичээллэж байгаа байх. Түүнээс биш Олимпийн төрлөөр хичээллэх боломж, үүд хаалга аль хүүхдэд нээлттэй шүү дээ. Өөрсдөө төрлөө, клубээ сонгоод л хичээллэж болно. Манай клуб бол Олон улсын таеквондогийн төрлөөр л сургалтаа явуулдаг. Түүнээс гадна туль, багийн туль, хатуу биет нугалах, онцгой чадвар буюу өндөрт байгаа биетийг хугалах гэх мэт 8 төрлийн тулааны спортыг зааж, сургаж байгаа.

-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хэдэн жилд нэг удаа болдог вэ. Манай тамирчид дэлхийн аваргаас ямар амжилт үзүүлж байв?

-Манай клуб хоёр дэлхийн аваргатай. Азийн аваргатай. Б.Бишгарав гээд дэлхийн аварга тамирчин байдаг юм. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь хоёр жилд нэг удаа болдог.  Энэ спортод дэлхийн хоёр том холбоо байдаг юм. Чан Уны холбоо, Чой Жи Вуны холбоо гээд хоёр холбоо байдаг. Энэ хоёр холбоо нь одоо нэгдэх гээд байгаа юм. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дараа жил Хойд Солонгост болно.  

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.