Монголын жүдо бөхийн холбоо, “Монретранс” групптэй хамтран жүдо бөхийн насанд хүрэгчдийн дотоодын чансаа олгох тэмцээнийг Спортын төв ордны жүдогийн зааланд хоёр өдөр амжилттай зохион байгууллаа. “Парис хүрэх зам” уриан дор зохиогдож байгаа тус тэмцээн Монретранс группын нэрэмжит болгон зохион байгуулагдаж байгаа бөгөөд 19 байгууллагын 165 тамирчин эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд аваргаа тодрууллаа. Энэ удаад Португал-2022 Гран Прид оролцох тамирчид Узбекистаны нийслэл Ташкент хотноо олон улсын хамтарсан бэлтгэлд хамрагдаж байгаа учраас оролцсонгүй. Түүнчлэн олимп, дэлхийн медальтнуудаас Д.Амартүвшин, Л.Отгонбаатар, Ө.Дүүрэнбаяр, Ц.Цогтбаатар, Сайед Моллаей тодорхой шалтгааны улмаас барилдсангүй. Тэмцээний тойм мэдээллийг хүргэе.
-48 кг: Монгол Улсын хөдөлмөрийн баатар Мөнхбатын Уранцэцэг жүдо бөхөөс зодог тайлж, холимог тулааны төрөлд шилжих болсоноор World Masters-ийн мөнгөн медальт ОУХМ Ганбаатарын Наранцэцэгт энэ жинд эгчийнхээ залгамж халааг үргэлжлүүлэх үүрэг ноогдоод байгаа. Тэрбээр эх орондоо дотоодын чансаа олгох тэмцээнд бүгдэд нь түрүүлсэн бөгөөд Монгол Улсын аваргад гурван жил дараалан түрүүлээд байна. Энэ удаад ч тэрбээр 27 насны төрсөн өдрийнхөө маргааш өрсөлдөгч бүрээ цэвэр ялсаар түрүүллээ. Түүнтэй хамт энэ жинд тогтмол аваргын төлөө өрсөлдөж буй “Сүлд” спорт хорооны тамирчин Б.Баасанхүү Узбекистанд хамтарсан бэлтгэлд хамрагдаж байгаа. Хөвсгөлийн жүдоч хамтарсан бэлтгэлийнхээ дараа Португалд Гран При ангилалд өрсөлдөнө. Энэ жинд хүрэл медалийг 15 нас хүрч буй залуучуудын УАШТ-ий мөнгөн медальтай Т.Ариунзаяа хүртэж, насанд хүрэгчдийн ангилалд анхны медалиа авсан байна.
-48 кг-ын жингийн медальтнууд
Т.Ариунзаяа /Шинэбадрах дэвжээ/
-60 кг: Энэ жинд Монгол Улсын гавьяат тамирчин Дашдаваагийн Амартүвшин гэмтлийн улмаас, чансаа тогтоох тэмцээнд хоёр удаа түрүүлсэн Э.Сумъяабазар, Өмнөговь-2021 улсын аваргын мөнгөн медальт Б.Цогт-Очир нарын шилдгүүд энэ удаад оролцсонгүй. Э.Сумъяабазар, Б.Цогт-Очир нар олон улсын хамтарсан бэлтгэлд хамрагдаж байгаа. Тэднийг эзгүйд Дарханы залуу жүдоч Кадербекийн Ёолк, 2021 оны улсын аваргын мөнгөн медальт Б.Энэбишийг нэмэлт цагт буулгаж авч насанд хүрэгчдийн ангилалд анхны түрүүгээ хүртлээ. Түүний жинд хүрэл медалийг улсын хошой аварга. Э.Ариунболд, улсын аварга Ж.Амарболд нар хүртлээ. Тэд хэсгийн аваргын төлөө учраа таарахад Ж.Амарболд, Э.Ариунболдыг ялсан юм.
-60 кг-ын жингийн медальтнууд
Ж.Амарболд /Сүлд спорт хороо/
-52 кг: Энэ жингийн гол өрсөлдөгчдийн нэг залуучуудын олимпын мөнгө, залуучуудын дэлхийн аварга Л.Сосорбарам бэртлийн улмаас өнжсөн бол улсын аваргын алт, мөнгө, хүрэл медальт ОУХМ Г.Ганцэцэг жин өгсөж -57 кг-д хүч үзсэн. Харин -57 кг-д улсын аваргад хоёр удаа үзүүрлэсэн ОУХМ Цэрэгбаатарын Хулан жин хасаж -52 кг-д хүч үзлээ. Гэвч тэрбээр доод жиндээ түрүүлж чадаагүй бөгөөд хүрэл медаль хүртсэн юм. Энэ жинд нийт таван тамирчин оролцсон бөгөөд тойргийн журмаар аваргаа тодруулахад дотоодын чансааг тэргүүлч буй ОУХМ Б.Хорлоодой өрсөлдөгч бүрээ ялсаар аваргаллаа.
-52 кг-ын жингийн медальтнууд
М.Мөнх-Уянга /Спортын дунд сургууль/
-66 кг: Энэ жингийн өрсөлдөөнд дотоодын чансааг тэргүүлэгч Г.Сод-Эрдэнэ, залуу мастер Б.Нармандах нар олон улсын хамтарсан бэлтгэлд хамрагдаж байгаа тул оролцсонгүй. Мөн ДАШТ-ий хүрэл медальт Ё.Басхүү жин өгсөж -73 кг-д зодоглолоо. Тэдний эзгүйд улын аваргын гурван мөнгөн медальт Баттогтохын Эрхэмбаяр, -60 кг-д улсын аваргад хоёр үзүүрлэсэн Б.Мягмардоржтой түрүү булаацалдсан юм. Энэ удаад Б.Эрхэмбаяр өрсөлдөгчөө даралтаар цэвэр ялж, дотоодын чансаагаа ахиуллаа. Хүрэл медалийг “Хурд” дэвжээний Г.Галмандах, “Хангарьд”-ын Б.Цогтбаяр нар хүртлээ. Б.Цогтбаяр нь 1/8 шигшээд тэмцээний гол фаворит World Masters-ийн хошой аварга Г.Хэрлэнг ялж шуугиан тарьсан юм.
-66 кг-ын жингийн медальтнууд
Б.Цогтбаяр /Хангарьд спорт хороо/
-57 кг: Азербайжаны нэрийн өмнөөс IJF-ийн дэлхийн цувралд Токио-2020 олимпын циклд өрсөлдсөн ОУХМ М.Ичинхорлоо жиндээ торолгүй түрүүллээ. Түүний жингийн гол өрсөлдөгчид болох ОУХМ Л.Энхрийлэн, Б.Алтанцэцэг нар энэ удаагийн тэмцээнийг тодорхой шалтгааны улмаас өнжлөө.
-57 кг-ын жингийн медальтнууд
Э.Номинтуяа /Спортын дунд сургууль/
-73кг: Монгол Улсын гавьяат тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт Ганбаатарын Одбаяр самбо бөхийн дэлхийн аварга Довдогийн Алтансүхтэй аваргын төлөө хүч үзэж, дархан тохох мэхээрээ цэвэр ялж түрүүллээ. Тэрбээр Өмнөговь-2021 улсын аваргад -81 кг-ын жинд хүч үзэж мөнгөн медаль хүртээд байсан бол энэ удаад өөрийн үндсэн жиндээ хүч үзсэн юм. Түүний жингийн чансааг тэргүүлэгч ОУХМ Ц.Цогтбаатар энэ удаагийн тэмцээнийг өнжсөн бол улсын аваргын мөнгөн медальт Л.Анхзаяа, залуучуудын улсын аварга Б.Эрдэнэбаяр нар Португал-2022 Гран Прид зодоглохоор Узбекистанд олон улсын хамтарсан бэлтгэлд хамрагдаж байна. Харин жин өгсөж барилдсан ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Ё.Басхүү хэсгийн аваргын төлөө Н.Хадбаатарт ялагдсан бол хүрэл медалийн төлөө О.Уранбаярын эсрэг шинэ дүрмээр хориотой мэх хийснээр ялагдал хүлээлээ.
-73 кг-ын жингийн медальтнууд
Н.Хадбаатар /"Хүч" спорт хороо/
-63 кг: Монгол Улсын 5 удаагийн аварга “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Болдын Ганхайч дотоодын чансаа тогтоох тэмцээнд ялалтын цувралаа үргэлжлүүлж, ээлжит удаагаа түрүүллээ. Тэрбээр аваргын төлөө өөрийн гол өрсөлдөгч оюутны Универсиад наадмын хүрэл медальт ОУХМ Б.Баасанжаргалыг яллаа. Түүний жинд хүрэл медалийг “Женко” клубийн Ц.Сүнжидмаа, Хилчин спорт хорооны тамирчин Л.Дэлгэрмаа нар хүртсэн юм.
-63 кг-ын жингийн медальтнууд
Л.Дэлгэрмаа /"Хилчин" спорт хороо/
-81 кг: УАШТ-ий хошой мөнгөн медальт /73 кг-ын жинд/ “Хангарьд” спорт хорооны тамирчин ОУХМ Булганы Батболд -81 кг-д анхны түрүүгээ авлаа. Тэрбээр хагас шигшээд 2021 оны улсын аварга Г.Болор-Очирыг буулгаж авсан бөгөөд аваргын төлөө “Алдар”-ын залуу тамирчин Н.Балжиннямыг яллаа.
Энэ жинд олимпын мөнгөн медальт Сайед Моллайе оролцоогүй бол Монгол Улсын гавьяат тамирчин О.Ууганбаатар -90-д өгсөн барилдсан. Мөн Азийн аварга ОУХМ Н.Дагвасүрэн жин өгсөн багийн төрөлд өрсөлдөхөөр мэдүүлгээ өгсөн байна. Түүнчлэн улсын аваргын хүрэл медальт Б.Мөррэнцэн олон улсын хамтарсан бэлтгэлд хамрагдаж байгаа юм.
-81 кг-ын жингийн медальтнууд
Г.Болор-Очир /"Женко" клуб/
-70 кг: Нийт таван жүдоч хүч үзсэн энэ жинд ОУХМ Ц.Наранжаргал ээлжит удаагаа түрүүлж, дотоодын чансаа олгох тэмцээнд ялагдаагүй цувралаа үргэлжлүүллээ. Түүний жинд гурван жүдочын ялалтын харьцаа тэнцэж, хоорондын барилдааны үр дүнгээр байр эзлүүлэхэд “Женко” клубийн Б.Хонгорзул мөнгө, “Боржин төв” дэвжээний М.Даваасүрэн, Монголын жүдо академийн Ц.Мөнгөнтуяа нар хүрэл медалийн болзол хангасан байна.
-70 кг-ын жингийн медальтнууд
М.Даваасүрэн /Боржин төв дэвжээ/
-90 кг: Энэ жингийн чансааг тэргүүлэгч ДАШТ-ий тавдугаар байрт, Армийн дэлхийн аварга Г.Алтанбагана, УАШТ-ий мөнгө, хүрэл медальт ОУХМ Б.Бат-Эрдэнэ нар оролцсонгүй. Тэдний эзгүйд Монгол Улсын гавьяат тамирчин Отгонбаатарын Ууганбаатар бүх өрсөлдөгчөө цэвэр ялснаар түрүүллээ. Мөн энэ жинд “Хилчин” спорт хорооны тамирчин Ц.Ган-Эрдэнэ насанд хүрэгчдийн ангилалд анх удаагаа шагналын тавцанд гарлаа.
-90 кг-ын жингийн медальтнууд
Б.Тэнгис /"Женко" клуб/
-78кг: Самбо бөхийн дэлхийн аваргын хошой хүрэл медальт, жүдо бөхийн улсын гурван удаагийн аварга Цог-Очирын Батцэцэг, “Алдар” спорт хорооны тамирчин Б.Эрдэнэт-Од /Монгол Улсын начин Дугардоржийн Батбаярын охин/-ыг нэмэлт цагт цэвэр ялж, түрүүллээ. Энэ жинд улсын аваргын алт, мөнгөн медальт “Женко” клубийн Б.Ганзаяа, О.Хүслэн нар олон улсын хамтарсан бэлтгэлд хамрагдаж байгаа тул оролцсонгүй.
-78 кг-ын жингийн медальтнууд
Б.Ням-Эрдэнэ /Хан-Уул дүүрэг, "Женко" клуб/
-100 кг: 2021 оны Ташкентийн Гранд Сламын хүрэл медальт ОУХМ Батхуягийн Гончигсүрэн өнгөрсөн оны 12 сард болсон насанд хүрэгчдийн УАШТ-ийг гэмтлийн улмаас өнжсөн бол шинэ оны анхны дотоодын чансаа олгох тэмцээнд түрүүллээ. Тэрбээр бүх өрсөлдөгчөө үндсэн цагт цэвэр ялсан юм. Түүний жингийн Монгол Улсын отгон аварга О.Хангал Узбекистанд олон улсын хамтарсан бэлтгэлд хамрагдаж байгаа бөгөөд энэ сарын 28-нд эхлэх Португалын Альмада хотноо болох Гран Прид зодоглох юм.
-100 кг-ын жингийн медальтнууд
Б.Гаажадамба /Женко клуб/
+78 кг: 2021 оны Бакугийн Гранд Сламын мөнгөн медальт, +78 кг-ын отгон улсын аварга А.Адъяасүрэн хэсгээ 3 ялалтаар /нийт 8 тамирчин хоёр хэсэгт тойргоор өрсөлдөв/ тэргүүлээд аваргын төлөө багийн ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Б.Мөнхтуяаг ялж түрүүллээ.
+78 кг-ын жингийн медальтнууд
Э.Энхзул /Бөхбилэгт дэвжээ/
+100 кг: Абу Дабигийн “Их дуулга”-д урамтай барилдан түрүүлсэн О.Цэцэнцэнгэл энэ удаад жингийнхээ гол өрсөлдөгчдийг дараалан ялсаар дотоодын чансаа олгох тэмцээнд анх удаагаа түрүүллээ. Тэрбээр хагас шигшээд самбо бөхийн дэлхийн аварга Д.Пүрэвдоржийг торгуулиар ялсан бол аваргын төлөө 2021 оны улсын аварга Э.Мөнхжаргалыг нэмэлт цаг “иппон” буулгалаа.
+100 кг-ын жингийн медальтнууд
Б.Бат-Орших /"Хилчин" спорт хороо/
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.