2018 онд Орост хөлбөмбөгийн ДАШТ болох билээ. Тэгвэл хөлбөмбөгийн дэлхий аваргын урьдчилсан шатны Европын бүсийн тоглолтууд болж байна. Өнгөрсөн шөнө урьдчилсан шатны D хэсгийн тоглолтууд боллоо. Хэсгийг тэргүүлж байсан Уэльсийн шигшээ баг хоёрдугаар тойрогт Австрийн талбайд зочилж, 2:2-оор тэнцлээ. Ингэснээр 4 оноотой болсон ч хэсгээ тэргүүлсэн хэвээр үлдэв.
Тоглолтын 22 дахь минутад Жо Аллен гоолдож, тооны харьцааг нээсэн. Улмаар эзэн багийн төвийн хамгаалагч Кивен Виммер 45 дахь минутад өөрийнхөө хаалганд авто гоол оруулсан юм. Тэгвэл Австрийн багаас 28, 48 дахь минутад Арнаутович хоёрыг оруулснаар багтаа нэг оноо авчирсан байна. Ингэснээр Австри мөн 4 оноотой болж, дөрөвдүгээр байрт бичигдэж байгаа юм.
Эхний тойрогт тэнцээд байсан Ирландын шигшээ баг талбайдаа Гүржийг хүлээж авч, 1:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр 4 оноотой болж, хоёрдугаар байрт бичигдэж байна. Тоглолтын хувьа заяаг шийдсэн цорын ганц гоолыг 56 дахь минутад Коулмэн оруулжээ.
Мөн энэ тойрогт Молдавын талбайд Серби 0:3-аар хожсоноор 4 оноотой боллоо. Ингэснээр эхний дөрвөн байрт бичигдэж байгаа багууд бүгд 4 оноотой болж байгаа юм. Сербийн шигшээгээс Костич 19, Иванович 37, Тусан Тадич 59 дэх минутад нэг нэг гоол оруулжээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.