Нийслэлийн 7000 өрхийг дулаалж, цахилгаан халаалтад шилжүүлнэ

Нийслэлийн 7000 өрхийг дулаалж, цахилгаан халаалтад шилжүүлнэ

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор 2026-2027 оны халаалтын улиралд гэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан болон сэргээгдэх эрчим хүчний халаалтад шилжүүлэх, дулааны эх үүсвэрийг шинэчлэх ажлуудыг хийж байна. Улаанбаатар хотын агаарын бохирдлын 51 хувийг гэр хороолол, 31 хувийг автомашин, 18 хувийг бусад эх үүсвэр бүрдүүлж байна. Нийслэлд гэр хорооллын 161,368, автомашины 801,592 яндан бүртгэлтэй байна.

НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран гэр хорооллын 7000 өрхийг дулаалж, цахилгаан халаалтад шилжүүлэхээр төлөвлөсөн. Тодруулбал, 2000 өрхөд энгийн цахилгаан халаагуур, 4000 өрхөд дулаан нөөцлүүртэй халаагуур, 1000 өрхөд дулааны насос суурилуулна.

Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран Сонгинохайрхан дүүргийн Баруунсалаа, Зүүнсалаанд нийт 2.4 МВт хүчин чадалтай гурван бичил цахилгаан сүлжээ байгуулж, 800 өрхийг цахилгаан халаалтад шилжүүлэх төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулжээ. Швейцар улсын санхүүжилтээр 750, Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар 303 өрхийг сэргээгдэх эрчим хүчний халаалтад шилжүүлэх төсөл хэрэгжиж байгааг нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар хэллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нийслэлийн удирдах ажилтнуудад дараах үүрэг даалгаврыг өглөө.

  1. Нийслэлийн 2026 оны төсвийн тодотгол батлагдсантай холбогдуулан байгууллагууд төсөвт тусгагдсан ажил, арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлэх,
  2. Нийслэлийн 2027 оны төсвийн төсөл боловсруулах бэлтгэл ажлыг сайтар хангаж, Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах,
  3. Өвлийн оргил ачааллын үед цахилгаан, дулаан хангамжийн найдвартай ажиллагааг хангах үзлэг, шалгалтыг тогтмол зохион байгуулж, илэрсэн зөрчил, гэмтлийг шуурхай арилгах,
  4. Хот тохижилтын байгууллагуудын бэлэн байдлыг хангаж, гол гудамж, зам, өгсүүр, уруу хэсэг болон гэр хороолол, зуслангийн бүсэд цас, мөсний цэвэрлэгээ, халтиргаа, гулгаанаас урьдчилан сэргийлэх ажлыг шуурхай зохион байгуулж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах,
  5. Иргэдийг түлшээр тасралтгүй хангах,
  6. Замын хөдөлгөөний зохион байгуулалтыг сайжруулж, оргил ачааллын үед нийтийн тээврийн автобусны хүртээмж, гаралтыг нэмэгдүүлэх, автобусны нэгдүгээр эгнээг бүрэн чөлөөлж, саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэх,
  7. Дүүргүүд харьяалах нутаг дэвсгэртээ үүсэж болзошгүй эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлж ажиллах,
  8. Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх зарим ажлын талаар тус тус үүрэг болголоо.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ