Д.Отгонцэцэг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ

Д.Отгонцэцэг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ

Унгарын  нийслэл Будапешт хотын “Syma Csarnok” спортын ордонд олимпийн бус жингүүдийн ДАШТ эхэлж, өнгөрсөн бямба гарагт  эхний өдөр эрэгтэй чөлөөт бөхийн 61, эмэгтэй чөлөөт бөхийн 55 кг-ын жингүүдийн барилдаан боллоо. Тэгвэл манай улсаас зодоглосон Д.Отгонцэцэг амжилттай оролцож, хүрэл медаль хүртлээ.  Эмэгтэй чөлөөт бөхийн 55 кг-ын жинд өрсөлдсөн ОУХМ  Д.Отгонцэцэг нэгдүгээр тойрогтоо хийлж,  хоёрдугаар тойрогт Азербайжаны бөх Алёна Колесникийг 10:5-аар буулгаж авсан бол гуравдугаар тойрогт ДАШТ-ний мөнгөн медальт, европийн аварга, оросын Ирина Ологоновад 0:5-аар ялагджээ.

Улмаар  дагах барилдаанд ХБНГУ-ын бөх Жаклина Шашкия Шеллинийг 10:0-ээр буулгаж авсан бол медалийн төлөө Беларуссын Катарина Гончарь Янушкевичтай барилдаж,  10:0-ээр  илүүрхэн хожжээ. Ингэснээр хүрэл меадлийн эзэн болсон юм.  Ийнхүү Д.Отгонцэцэг 2011 онд ДАШТ-нээс мөнгөн медаль авч байсан амжилтаа улам баяжуулж,  чөлөөт бөхийн спортоор ДАШТ-нээс хос медаль хүртсэн 9 дэх, эмэгтэй бөхчүүдийнхээ хувьд хоёр дахь тамирчин болжээ.

Дархан-Уул аймгийнхаа унаган охины хувьд аймгийн 50 жилийн ойд зориулсан хүрэл медаль нь манай эмэгтэй чөлөөт бөхийн тамирчдын ДАШТ-нээс авсан 10 дахь хүрэл медаль болжээ. Тэгвэл 61 кг- ын жинд олон улсын хэмжээний мастер Т.Түвшинтулга нэгдүгээр тойрогт залуучуудын дэлхийн аварга, Дагестан гаралтай Азербайжаны бөх Ахмеднаби Гварзатиловт 2:12-аар цэвэр ялагджээ.  Азербайжаны бөх нь хагас шигшээ барилдаанд гүржийн бөх Бека Ломтазед 11:12 онооны харьцаагаар ялагдсан учир манай бөхөд дагах барилдаан хийх боломж гарсангүй.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.