Ахмадуудаар алийн болгон шоудах билээ, Н.Энхбаяр дарга аа

Ахмадуудаар алийн болгон шоудах билээ, Н.Энхбаяр дарга аа

МАХН-ын дарга Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэх гэж намынх нь хэсэг бүлэг ахмад гишүүд хэдэн өдөр жагсаал хийж байна. Тэд эхлээд Тусгаар тогтнолын ордоны гадна МАН-ынханд хандаж шүгэлтэй жагсаал хийсэн. Өдөр болгон тогтсон цагтаа цуглаж шүгэл үлээх, хашгичих гэх мэтээр МАН-ынхныг багагүй сандаргаж байгаа.

Мөн өдөр болгон төв талбай, Төрийн ордоныг гороолж, майхантай жагсаал ч хийгээд амжсан билээ. Тэдний гол зорилго нь намын даргаа ялгүй болгож, Ерөнхийлөгчид өрсөлдүүлэх. Хууль шүүхийн байгууллагаас удаа дараа түүнийг ялтайд тооцох хугацаа дуусаагүй учраас нэр дэвшүүлэх боломжгүй хэмээн мэдэгдсээр байхад, Н.Энхбаяр гэгч өөрийгөө ялгүй хэмээн зарлаж, энэ шоундаа ахмадуудыг уриалах болов. Монгол Улс хуультай шүүхтэй. Бас Үндсэн хуульдаа тод томруунаар ял эдэлж байсан хүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхгүй хэмээн заагаад өгчихсөн.

Үүнийг нэгэн цагт төрийн тэргүүнээр ажиллаж байсан Н.Энхбаяр мэдэхийн дээдээр мэдэж буй. Гэвч эрх мэдэлд хүрэх гэсэн хязгааргүй шунал нь энэ хүнийг хийж буй үйлдэл, хэлж буй үгээ хянаж чадахгүйд хүргэсэн бололтой. Хэрэг хийсэн нь тодорхой болж ял эдэлсэн нь худлаа биш. Өнөөдрийг хүртэл төрсөн дүү, туслах хоёр нь эх орондоо хөл тавьж чадахгүй хэрэн хэсүүлчилж явааг хэн ч мэднэ. Хэцүү нэртэд хоригдож байхдаа намын гишүүн Н.Удвалыг санал хуваалгах зорилгоор Ерөнхийлөгчид нэр дэвшүүлж, шагналд нь өршөөлд хамрагдсаныг мэдэхгүй монгол хүн үгүй. Гэтэл би ялгүй, ял эдэлж байгаагүй хэмээн улайрч, үүндээ ахмад настай хүмүүсийг ашиглах нь арай л хэрээс хэтэрсэн үйлдэл болж байна.

Өнөөдөр гэхэд л тэд СЕХ-ны үүдэнд хүчээр орохыг завдаж, цагдаа нартай тэмцэлдэж буй. Хүч хэрэглээд ч хамаагүй ял эдэлж байсан даргаа сонгуульд өрсөлдүүлэх гэнэ ээ. Үүн шиг элийрэл, тэнэглэл гэж байх уу. Эдгээр жагсч цуглаж, цагдаа нартай тэмцэлдэж буй хүмүүсийн дийлэнх олонхи нь ахмад настай хүмүүс байгаа юм. Зуны халуун өдрөөр хэдэн цагаар гадаа наранд зогсч, бас болоогүй уурлаж бухимдаж байгаад даралт харвах, ухаан алдаж унах, цаашлаад тэндээс ч муу зүйл болвол хэрхэх вэ, Н.Энхбаяр дарга аа.

Үргэлж жагсч цуглаж, орилж хашгичаад санасандаа хүрнэ гэж юу байхав. Ийм явуургүй тэмцэл үр дүнд хүрдэггүй гэдгийг өнгөрсөн сонгуулиар ард түмэн та бүхэнд тавьсан дүнгээрээ харуулсан. Парламентад арайхийн ганцхан суудалтай үлдсэн нь худлаа биш. Настай хүмүүс даралт харваж, цаашлаад амиа алдчихвал хариуцлагыг нь Н.Энхбаяр ба түүнийг тойрон хүрээлэгчид хүлээхгүй нь тодорхой. Бид тусгаар тогтносон, хуультай улсад амьдарч байна. Хэн ч хуулийн дор амьдрах учиртай. Төрийн цагдаа үүргээ биелүүлж, ажлаа л хийж байна. Тийм байхад орилж хашгичиж, зодох гэж дайрч байгаа нь арай л хэрээс хэтэрсэн үйл явдал болж байна. Хууль шүүхийнхээ шийдвэрийг хүндэтгээд, улс төрд зай тавьж өгвөл дээргүй юу гэж зөвлөх байна. Унасан бөх уг нь туг тойрдоггүй ёс уламжлал бий. Гэтэл сонгууль болгонд өвдөг шороодчихоод л хувцсаа гөвчихөөд туг тойрох гэж улайрдаг энэ мэт хүмүүст ичих булчирхай гэж байдаггүй бололтой шүү. Нэг хүний хязгааргүй эрх мэдэлд хүрэх гэсэн шуналын золиос нь ядарсан ард түмэн, настай хүмүүс битгий болоосой.

Б.Эрхэс

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.