Тбилисийн Гран при өнөөдөр эхэлнэ

Тбилисийн Гран при өнөөдөр эхэлнэ

Гүржийн нийслэл Тбилис хотноо өнөөдөр жүдо бөхийн Гран при ангиллын тэмцээн эхлэх билээ.  Энэ удаагийн Тбилисийн гран при тэмцээнд дэлхийн 38 орны эрэгтэй 171, эмэгтэй 91, нийт 262 тамирчин оролцохоор эцсийн байдлаар  мэдүүлгээ өгчээ.  Тэгвэл манай улсаас эрэгтэй долоо, эмэгтэй хоёр, нийт есөн жүдоч өрсөлдөхөөр мэдүүлжээ. Эрэгтэйчүүдийн хувьд, 60 кг-д Ж.Амарболд, Б.Амартүвшин нар оролцохоор болсон. 

Ж.Амарболдын хувьд энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээнд олон шилдэг бөхчүүдийг ялж, түрүүлсэн билээ. Тэрбээр Францын “Их дуулга” тэмцээнд оролцсон. Б.Амартүвшин ч мөн тэрхүү тэмцээнд оролцсон ч, хараахан медальд хүрч чадаагүй юм. Улмаар Бакуг өнжөөд, Тбилист зодоглохоор ирж байна.  Харин   66 кг-д Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх нар барилдах юм. Д.Төмөрхүлэгийн хувьд 2015 онд 66 кг-д Тбилист түрүүлж байсан шилдэг тамирчин юм.  Тэгвэл   73 кг-д Н.Хадбаатар оролцох бол 81-д Г.Төрмөнх, 90 Г.Алтанбагана нар барилдахаар багийн бүрэлдэхүүнд багтжээ.

Ерөнхийдөө 66 кг-ын жинд барилдаж байгаа хоёр тамирчныг эс тооцвол бусад нь Олимпийн шинэ циклд өөрийгөө харуулж, сайжрах ёстой залуу жүдочид байна.    Тэгвэл эмэгтэйчүүдээс 57 кг-д Ц.Хулан, 63-д Б.Мөнгөнчимэг нар зодоглох юм. Тбилисийн гран при тэмцээн 1989 оноос зохион байгуулагдаж эхэлсэн. 1989-2000 оны хооронд Тбилисийн олон улсын тэмцээн нэртэй байсан бол 2001-2004 онуудад Тбилисийн А зэрэглэлийн тэмцээн болж өөрчлөгджээ.

Улмаар 2005-2012 онд “Тбилисийн дэлхийн цом”, 2013 онд Европын нээлттэй тэмцээн байж байгаад 2014 оноос Олон улсын жүдо бөхийн холбооны каленьдарчилсан  төлөвлөгөөнд багтсан Гран при болсон юм.  Тэгвэл 2014 онд манайхаас 66 кг-ын жинд Б.Батгэрэл хүрэл медаль хүртэж байжээ.

Энэ нь Тбилисийн гран пригээс манай тамирчдын авсан анхны медаль байлаа. Харин 2015 онд манай жүдочид хоёр алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртэж, бахдам амжилт гаргаж байсан билээ.  Тухайн үеэд Д.Төмөрхүлэг, Д.Сумъяа нар 66, 57 кг-ын жинд түрүүлж байжээ. Өнгөрсөн жилийн тухайд манай тамирчид хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн юм. 60 кг-д Д.Амартүвшин, 73-т Г.Одбаяр нар мөнгөн медаль хүртсэн. Харин 60-д Г.Болдбаатар, 81 кг-д О.Ууганбаатар нар хүрэл медаль хүртсэн юм. Үндсэндээ 60 кг-ын хоёр бөх хоёулаа медалийн тавцанд зогсч байсан билээ. Энэ жилийн тухайнд 66 кг-ын хоёр бөх амжилттай барилдах боломжтой юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.