Дэлхийн мастеруудын наадмаас 8 алтан медальтай ирсэн тамирчдыг хүлээж авлаа

Дэлхийн мастеруудын наадмаас 8 алтан медальтай ирсэн тамирчдыг хүлээж авлаа
Дэлхийн мастеруудын спортын наадам Шинэ Зеландын Оакланд хотноо өнгөрсөн сарын 21-30-ны өдрүүдэд болж өндөрлөсөн билээ. Дэлхийн мастеруудын спортын наадамд 105 орны 28 мянган тамирчин 28 спортын төрлөөр өрсөлджээ. Харин манай улсаас энэхүү наадамд хөнгөн атлетик, хүндийн өргөлт, сагсан бөмбөг, дугуй усанд сэлэлт, пара хөнгөн атлетик гэсэн зургаан төрөлд 27 тамирчин оролцож, 8 алт, 5 мөнгө, 4 хүрэл, нийт 17 медаль хүртжээ. 
 
Тодруулбал, 74-79 насны ангилалд өрсөлдсөн ОУХМ Т.Цэрэндолгор зээрэнцэг шидэлтээр анхны алтан медалийг авч, салхийг нь хагалж. Улмаар тэрбээр 4 алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн байна. Түүнээс гадна хүндийн өргөлтийн төрөлд ОУХМ Ц.Оюунчимэг, Ш.Лхагва нар өөр өөрийн жиндээ алтан медаль хүртсэн аж. Тэгвэл Дэлхийн мастеруудын наадмаас медаль хүртсэн тамирчдыг өнөөдөр БТСГ-ын дарга Ц.Шаравжамц тэргүүтэй албаны хүмүүс хүлээж авч, баяр хүргэлээ. Энэ үеэр  зарим тамирчдын сэтгэгдлийг сонссон юм. 
 
Ц.Тэрбиш: 4х400 метрийн төрөлд мөнгөн медаль хүртээд ирлээ 
 
/Орхон аймгийн “Хангарьд” спорт клубын тамирчин/ 
 
-Дэлхийн мастеруудын спортын наадмаас манай тамирчид 17 медаль хүртдээ ирсэн. Таны хувьд спортын аль  төрөлд оролцож, ямар амжилт үзүүлэв?
 
-Шинэ Зеландын Оакланд хотноо дэлхийн мастеруудын тоглолт боллоо. Манайхаас 27 тамирчин спортын зургаан төрөлд оролцож, 17 медальтай ирлээ. Миний хувьд 4х400 метрийн төрөлд 50-54 насны ангилалд оролцож, мөнгөн медаль хүртсэн амжилт үзүүллээ. 
 
-Мастеруудын спортын наадам гэдгийг манай уншигчид төдийлөн сайн мэдэхгүй байна. Ямар учиртай тэмцээн юм бол. Тэр талаар мэдээлэл өгөөч?
 
-Энэ бол 35-аас дээшээ хэдэн ч настай хүн оролцож болдог спортын наадам юм. 35-39, 40-45, 45-49 гээд тав таван насаар нэмэгдэж, ангилал болоод уралдаан тэмцээнээ зохион байгуулдаг. Энэ удаагийн тэмцээний нэг онцлог нь Энэтхэгийн 101 настай тамирчин оролцсон. 
 
-Манай баг хэчнээн орны тамирчидтай уралдаж, мөнгөн медаль хүртсэн бэ?
 
-4х400 метрийн зайд 5 орон оролцож, манай баг мөнгөн медаль хүртлээ. Нэгдүгээр байрт Австралийн тамирчид оролцсон бол гуравдугаар байр АНУ-ын баг орсон. Манай баг 4 минут 16 секундэд замаа туулсан. 
 
-Та өмнө нь энэ тэмцээнд оролцож байв уу?
 
-Энэ тэмцээнд анх удаагаа оролцсон. Дөрвөн жилд нэг удаа болдог тэмцээн. Уг нь би шидэлтийн төрөлд оролцохоор явсан. Түүнээс гадна 4х400, 4х100 метрийн зайд уралдах зорилготой байсан. Гэвч зохион байгуулагч улстайгаа ойлголцож чадаагүйгээс болоод шидэлтийн гурван төрөлдөө оролцож чадаагүй. Тэгээд хоёр гүйлтийнхээ төрөлд оролцож, нэг мөнгөн медаль хүртээд ирлээ дээ. Өнгөрсөн жил би Малайз улсад болсон Азийн наадмаас шидэлтийн буюу зээрэнцэг, бөөрөнцгийн төрлөөр алтан медаль авч байсан юм. Тэгвэл энэ удаад дэлхийн тэмцээний медаль хүртлээ. Дараагийн Дэлхийн мастеруудын спортын наадам 2021 онд Япон улсад болно. Тэр тэмцээнд оролцоно. Энэ удаагийн тэмцээнд оролцоод маш их туршлага судалсан. 
 
Ц.Оюунчимэг:  Дэлхийн дээд амжилтыг 8 удаа эвдсэн 
 
-Дэлхийн мастеруудын спортын наадамд амжилттай оролцоод ирлээ, сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
 
-Би дэлхийн дээд амжилтыг 8 дахь удаагаа эвдсэн. Энэ удаагийн тэмцээнд бол хоёр удаа эвдээд ирлээ. 2013 онд +75 кг-д би дэлхийн дээд амжилтыг зургаан удаа эвдсэн. Сая +90 гээд шинэ жинд хоёр удаа рекаорд эвдээд ирлээ. Түлхэлттэй, огцом хоёр өргөлтөөр хоёуланд нь рекорд эвдсэн. Түлхэлттэй өргөлтөөр 75, огцмоор 53 кг өргөсөн.  Сэтгэл маш өндөр байгаа. Монгол хүн ямар чадвартай, нөөц бололцоотойг манай тамирчид Шинэ Зеландад батлан харуулж чадсан. Энэ дашрамд,  Ч.Наранбаатар дарга, БСШУСЯ. БТСГ-ын хамт олон биднийг маш их дэмжиж тусалсанд баяртай байна. Мөн ангийн анд Х.Баттулгадаа маш их баярлалаа гэж хэлье. Энэ хүний тусламж дэмжлэгээр ийм амжилт гаргасан.  

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.