Европын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигт оролцох эрхээ авахын төлөө урьдчилсан шатны тоглолт хийж байгаа 20 багийн 10 нь өнгөрсөн шөнө хариу тоглолтоо хийлээ.
Италийн төлөөлөл “Наполи” клуб Францын “Ницца”-гийн талбайд зочилж, хариу тоглолтоо хийсэн. Эхний тоглолтод “Наполи” өрсөлдөгчөө 2:0-ээр хожсон билээ. Энэ удаад ч гэсэн адил үр дүнгээр буулгаж авлаа. Ингэснээр хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 4:0-ээр Италийн баг хожиж, Аваргуудын лигийн эрхээ авлаа. Тоглолтын 48 дахь минутад Кальехон тооны харьцааг нээсэн бол Инсинье 89 дэх минутад гүйцээжээ.
Тэгвэл Испанийн “Севилья” клуб хариу тоглолтоо талбайдаа хийж, “Истанбул”-ыг хүлээж авсан. Энэ тоглолтод хоёр баг 2:2-оор тэнцлээ. Харин эхний тоглолтод “Севилья” өрсөлдөгчөө 2:1-ээр буулгаж авсан учир нийлбэр дүнгээр 4:3-аар хожиж, Аваргуудын лигт оролцох эрхээ авлаа. Ингэснээр Испаниас 4 баг Аваргуудын лигт орох боллоо.
Тоглолтын 17 дахь минутад зочин багаас Элиа гоолдсон. Тэгвэл 52 дахь минутад Эскудеро тэнцүүлж, Бен-Йеддер 75 хожлын гэж хэлж болохоор гоолыг оруулжээ. Зочдоос Вишча 83 дахь минутад тэнцүүлсэн байна.
Бусад тоглолтын тухайд, Словены “Марибор” клуб “Хапоэль” багийг талбайдаа 1:0-ээр хожсоноор Аваргуудын лигт орлоо. Хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 2:2-оор тэнцсэн ч айлын талбайн гоолын дүрмээр цааш шалгарч байгаа юм. Тэгвэл Шотландын “Селтик” клуб хоёр тоглолтын нийлбэр дүнгээр “Астана”-г 8:4-өөр буулгаж авснаар Аваргуудын лигт орлоо.
Харин Грекийн “Олимпиакос” клуб “Риека” багийг хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 3:1-ээр буулгаж авч, Аваргуудын лигт оролцох эрхээ авсан юм.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.