Монгол түмний бахархал болж, тив дэлхийд нэрээ дуурсгасан тамирчдад хүндэтгэл үзүүлэх ёслол өчигдөр БСШУСЯ болон МУБИС-д боллоо. БСШУСЯ-ны хүндэтгэлийн танхимд жүдо бөхийн “Будапешт-2017”, чөлөөт бөхийн “Парис-2017”, сонирхогчдын боксын “Хамбург-2017” насанд хүрэгчдийн ДАШТ-ээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн тамирчдад хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаа болсон юм. БСШУС-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Чулуунбаатар ёслолын үеэр “Монгол Улсын эдийн засаг харьцангуй хүндрэлтэй байгаа ч манай биеийн тамир спортын салбарынхан улс орныхоо нэр төрийг дэлхийн тавцанд гаргаж чадлаа.
Та бүхнийг тив дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хэрхэн оролцож байгааг хэвлэл мэдээллийн сувгуудаар бахархал дүүрэн харж байсан шүү. ХБНГУ-ын Хамбург хотноо болсон сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн ДАШТ, Францын Парис хотноо болсон чөлөөт бөхийн ДАШТ, Унгар улсын Будапешт хотноо зохиогдсон жүдо бөхийн ДАШТ-д амжилттай оролцсон тамирчид, спортын гурван холбоодын багш дасгалжуулагч нарыг хүлээн авч талархал илэрхийлж байна. Монгол Улсаа дэлхийд сурталчилдаг та бүхэн маань эх орныхоо түүхийг мэддэг байх ёстой гээд “Дэлхийд түгсэн Монголын нууц товчоо” нэртэй номыг бэлэглэж байна.
Та бүхэн спортын өндөр амжилт гаргаж, эх орныхоо нэрийг дэлхийн дэвжээнд олон дахин гаргаж явахын ерөөл өргөе“ хэмээлээ. Хүндэтгэлийн үйл ажиллагааны үеэр тамирчид болон багш дасгалжуулагч нарт дурсгалын зүйл гардуулсан юм. Харин МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн хамт олон тус сургуулийн төгсөх ангийн оюутан, МУГТ, Дэлхийн аварга Д.Сумьяа, Дэлхийн аварга П.Орхон, Дэлхийн аваргын хүрэл медальт Д.Отгондалай нарт хүндэтгэл үзүүллээ.
Энэ үеэр тус сургуулийн захирал Р.Бат-Эрдэнэ “МУБИС-ийн БТС-ийн оюутнууд та бүхнийг дэлхийн аварга болоосой, тив дэлхийд нэрээ дуурсгаасай, амжилттай яваа тамирчдаас туршлага судлаасай гэсэндээ энэхүү хүндэтгэлийн үзүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж байна. 66 жилийн түүхтэй МУБИС-иас эх орондоо төдийгүй дэлхийд нэрээ дуурсгасан алдартнууд олноор төрөн гардаг. Эх орныхоо төлөө хөлс хүчээ гаргаж яваа тамирчид маань өөрийн боловсролдоо байнга анхаараад байх цаг зав хомс байдаг. Тийм учраас энэ боломж бололцоог хангах үүднээс манай сургуулийн удирдлагууд ярилцаад гурван оюутнууддаа магистрын 100 хувь тэтгэлэгтэй суралцах эрхийн бичгээр шагнаж байна” гэлээ.
МУГТ Дэлхийн аварга Д.Сумьяа энэ үеэр “Юуны өмнө хайртай сургуулийн маань хамт олон биднийг хүндэтгэлтэйгээр хүлээн авч байгаад маш их талархаж байна. Энд хүрэлцэн ирсэн оюутан дүү нартаа захиж хэлэх хэдэн үг байна. Хамгийн түрүүнд та бүхэн өөрсдийн өмнө зорилго тавиарай. Миний хувьд жүдо бөхийг өөрийн зорилгоо болгосон. Сонгосон мэргэжилдээ би тийм төвшинд хүрнэ.
Түүнийгээ биелүүлэхийн тулд би хаанаас, юунаас эхлэх вэ гэж шат дараалсан ажлын төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Өөртөө итгэлтэй байж, миний чадамж хэр байх вэ гэж бодоорой. Бид монгол хүмүүс. Өнөөдөр бид дэлхийд монголчууд чадаж байна гэж харуулах ёстой. Бид гурав үе үеийн алдартай тамирчидийн үргэлжлэл. Та бүхэн ч бидний үргэлжлэл. Дашрамд сонирхуулахад, жүдо бөхийн дүрэм шинчлэгдсэнээс хойш анх удаа 13 минут барилдсан. Япон бөхийн хувьд би өмнө нь гурав хожигдож, нэг удаа ялж байсан, нэг нэгнийхээ барилдааныг мэддэг байсан. Тухайн үед хөлс хүч шавхаж, их цуцсан.
Тэгээд дэвжээний захад хэсэг өвдөг нугалаад сууж байхдаа “Эцсийн шийдвэрлэх барилдааныг хийе” гээд нэг сайхан урт амьсгаа аваад барилдсан. Би ерөнхийдөө зүүн талын барьц авдаг гэдгийг өрсөлдөгч маань мэддэг, гэхдээ хааяа нэг хийдэг баруун талаар барилдвал болчихмоор санагдсан. Тэр мэх маань амжилт авчирсан. Тиймээс тамирчин хүн өөртөө итгэлтэй, зоригтой, шийдэмгий байх хэрэгтэй гэдгийг захимаар байна” гэлээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.