Д.Сумъяад Хөдөлмөрийн баатар цол өгье

Д.Сумъяад Хөдөлмөрийн баатар цол өгье
Бразилын Рио хотноо болсон зуны Олимпийн 31 дүгээр наадам өндөрлөлөө. Монголын баг тамирчид энэ удаагийн Олимпийн наадамд 43 хүний бүрэлдэхүүнтэй оролцсон нь түүхэн амжилт байсан юм. Харамсалтай нь манайх харьцангуй олон тамирчнаа Рио руу илгээсэн ч Бээжин, Лондоны Олимпийн наадмын амжилтдаа хүрсэнгүй.
 
Жүдогоос эмэгтэйчүүдийн 57 кг-д барилдсан Д.Сумъяа мөнгөн медаль хүртсэн нь Монголын тамирчдын нүүрийг тахаллаа. Боксоос Д.Отгондалай финалдах боломж байсан ч шүүлтийн маргаантайгаар ялагдаж, хүрэл дээр л буулаа.  Чөлөөтөөс Г.Мандахнаран, Д.Хүдэрбулга нар барилдаагүй, марафоны эрэгтэйчүүд гүйгээгүй байхад бичсэн гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Тэгэхээр үндсэндээ Д.Сумъяа энэ удаагийн Олимпийн наадамд хамгийн өндөр амжилт үзүүлсэн тамирчин боллоо. Эмэгтэй жүдогийнхноос анх удаа Олимпийн наадмаас медаль хүртлээ, тэр нь мөнгө.
 
Тэрбээр өнгөрсөн баасан гарагт эх орондоо ирсэн. Түүнийг онгоцны буудал дээр  Монголын Жүдо бөхийн холбоо, “Хилчин” спорт хороо, Увс аймгийн нутгийн зөвлөлийнхөн болоод гэр бүлийнхэн, найз нөхөд нь баатарын ёсоор  угтаж авсан. Мөн Боловсролын сайдаас авахуулаад албаны хүмүүс ч хүлээж авч, хүндэтгэл үзүүлж байгаа. Түрүүчээсээ зарим хүмүүс байр сав амлаад эхэллээ. Тухайлбал, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил хувиасаа гурван өрөө, бүрэн тавилгатай байр өгөхөөр амласан байсан.
 
Энэ мэтээр түүний хөдөлмөр зүтгэл, гавьяаг, эх орныхоо нэрийг Олимпийн дэвжээнд дуурсгасан амжилтыг үнэлж эхэллээ.  Одоо төр засаг ч гэсэн амжилт гаргасан тамирчнаа үнэлэх хэрэгтэй байна. Тэрбээр мастеруудын тэмцээнд гурав түрүүлж, Дэлхийн аваргаас хүрэл медаль авч байж Гавьяат тамирчин цол хүртсэн. Тэгвэл одоо Олимпийн наадмын мөнгөн медаль хүртсэн амжилтыг нь үнэлээд Хөдөлмөрийн баатар цолоо өгөх л хэрэгтэй.
 
2008 оны Бээжингийн Олимпийн наадмаас О.Гүндэгмаа мөнгөн медаль хүртэж байхад түүнд Хөдөлмөрийн баатар цол өгч байсан. Тэгвэл Д.Сумъяа тэр хэмжээний амжилтыг үзүүлчихээд ирлээ. Тийм болохоор улс өгөх ёстой цол хэргэмээ өгөх байлгүй дээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж аль хэдийнэ энэ талаар бодолцоод, Д.Сумъяад Хөдөлмөрийн баатар цол өгөх бэлтгэлээ хангачихсан байлгүй дээ.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.