О.Амин-Эрдэнэ: Миний мөрөөдөл дэлхийн аварга болох

О.Амин-Эрдэнэ: Миний мөрөөдөл дэлхийн аварга болох
Хятад улсад болсон “China open” таеквондогийн Олон улсын тэмцээнд оролцож, хоёр алтан медаль хүртээд ирсэн  “Ирээдүй” цогцолбор сургуулийн “Чоно” клубын тамирчин О.Амин-Эрдэнэтэй ярилцлаа.  Мөн тэрбээр сүүдэр тулааны төрөлд багараа хүрэл медаль хүртсэн билээ. 
 
-Таеквондо гэдэг тулааны спорт. Эмэгтэй хүүхэд хичээллэхэд хэцүү биш үү. Яагаад энэ спортыг сонгон хичээллэж эхлэв?
 
-Би хоёрдугаар ангиасаа авахуулаад энэ спортоор хичээллэж эхэлсэн. Одоо би зургадугаар ангид орно. Сүүлийн гурван жил гаруй  таеквондогийн спортоор хичээллэж байна. Энэ спортын тамирчдын бие биеэ хүндэлж байгаа байдал, хүндлэл нь таалагдаад хичээллэсэн дээ.  Манай сургууль дээр таеквондогийн “Чоно” клуб байдаг юм. Би энэ спортоор хичээллэж байгаа хүүхдүүдийг хараад, өөрөө сонирхоод орсон. Бас аав маань ч их дэмжсэн болохоор өнөөдрийг хүртэл хичээллээд явж байна. 
 
-Сая Хятадад “China open” олон улсын нээлттэй тэмцээн болсон. Энэ тэмцээнээс хоёр алтан медаль аваад ирсэн байна. Ямар хоёр төрлөөр алтан медаль авсан бэ?
 
-Тулааны төрөлд миний жинд ердөө л хоёр тамирчин байсан юм. Тийм болохоор шууд алтан медалийн төлөө Хятадын тамирчинтай тулалдсан. Тулааны төгсгөлд шүүгчдийн 100 хувийн саналаар өрсөлдөгчөө ялж, алтан медаль авсан. Харин сүүдэр тулаан буюу тулийн төрөлд нийтдээ 32 хүүхэд өрсөлдсөн. Хятад, Узбекистаны шилдэг тамирчид оролцсон ч би маш сайн хичээж, алтан медаль авч чадсан. 
 
-Сүүдэр тулааны техникийг яаж үзүүлэх ёстой байдаг юм бэ. 31 тамирчнаас хамгийн сайн нь байж алтан медаль хүртсэн гэхээр техникүүдээ маш сайн үзүүлсэн байх нь?
 
-Багшийнхаа зааснаар маш сайн үзүүлэхийг хичээсэн. Тиймдээ ч алтан медаль авсан байх. Тэнд байхад Хятадын дасгалжуулагч багш нар намайг их тоож байгаа талаар дасгалжуулагч багш нар маань ярьж байсан. Тэгэхээр би бусад тамирчдаас ямар ч байсан илүү амжилттай үзүүлж чадаж гэж бодож байлаа. Сүүдэр тулааныг хийхэд их олон зүйлийг нарийн биелүүлэх хэрэгтэй болдог. Амьсгал, тэнцвэр, хэмжээ гээд бүх зүйл тэгш байж гэмээнэ уран харагддаг. Гар ямар хэмжээнд байх ёстой, яг л тэр хэмжээндээ байх хэрэгтэй. Хэрвээ хэмжээ алдвал бага оноо авна. Ерөнхийдөө өөрийгөө маш сайн мэдрэх ёстой төрөл гэж ойлгож болохоор. Бүхий л үйлдлээ стандартын дагуу хийж гүйцэтгэж байж медальд хүрдэг. Тэнцвэрээ алдах юм бол медальгүй хоцорно. Сүүдэр тулаан гэхээр өөрийнхөө өмнө нэг хүн байна гэж төсөөлөөд л тулалдана гэсэн үг. Тэр утгаараа их өвөрмөц байдаг юм. 
 
-Хятадын нээлттэй тэмцээн чиний оролцсон хэд дэх том тэмцээн бэ. Өмнө нь ямар тэмцээнд оролцож байв?
 
-Улсын аварга шалгаруулах тэмцээнд хоёр удаа түрүүлж байсан. Мөн Орост болсон “Байгаль цом” тэмцээнд оролцож, түрүүлж байлаа. Сая оролцсон Хятадын нээлттэй тэмцээн бол Олон улсын хэмжээний хоёр дахь тэмцээн байсан.  
 
-Олон улсын тэмцээнд оролцоод, гадаадын тамирчинтай тулалдах ямар байдаг вэ. Монголын тамирчдаас илүү чадвартай юу?
 
-Орост тэмцээнд оролцоход тулалдаж байсан тамирчдын ур чадвар Хятадын тамирчныхтай ойролцоо санагдсан. Харин Монголын тамирчдын ур чадвараас огт өөр санагдаж байлаа. Илүү чадварлаг, хүчтэй байдаг юм.  
-Чиний цаашдын хамгийн том зорилго юу вэ?
-Дэлхийн аварга болохыг хүсдэг.  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.