Бакугийн Их Дуулгад дөрвөн бөх медалийн төлөө барилдана

Бакугийн Их Дуулгад дөрвөн бөх медалийн төлөө барилдана

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулж буй Бакугийн Их Дуулга тэмцээн арваннэгдүгээр сарын 5-7 хооронд болох бөгөөд өнөөдөр албан ёсоор эхэлж байна. Тус тэмцээнд таван тивийн нийт 29 орны 196 тамирчин оролцох бол манай улсаас 22 тамирчин өрсөлдөх аж.

Өнөөдөр эрэгтэй -60, -66, эмэгтэй -48, -52, -57 кг жингийн барилдаанууд боллоо.

Эрэгтэй -60 кг жинд манайхаас хоёр бөх зодоглосон бөгөөд хоюул D хэсэгт багтжээ. D хэсгийг толгойлсон Э.Ариунболд эхний тойрогт Азербайжаны бөх Ахмад Юсифовтой барилдаж базари үнэлгээгээр ялагдаж тэмцээнээ өндөрлүүлжээ. Харин Э.Сумъяабазар эхний тойрогтоо Канадын Жоэл Демайритэй барилдаж базари, хэсгийн аваргын төлөө Азербайжаны бөх Ахмад Юсифовтой барилдаж цэвэр ялсан бөгөөд мөнгөн медалийн төлөө Гүржийн бөх Жаба Папинагвили барилдаж базари үнэлгээгээр ялагджээ. Улмаар хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон бөгөөд Ровшан Алиевтэй барилдана.

Эрэгтэй -66 кг жинд манайхаас хоёр бөх зодоглосон бөгөөд В хэсэгт Г.Галмандах эхний тойрогтоо Бразилийн бөхөд ялагдаж тэмцээнээ өндөрлүүлжээ. Харин Б.Нармандах D хэсэгт багтаж эхний тойрогтоо хийлсэн ч хоёрдугаар тойрогт Молдовын бөх Денис Вирутэй барилдаж цэвэр ялагдаж тэмцээнээ өндөрлүүлжээ.

Эмэгтэй -48 кг жинд манайхаас хоёр бөх зодоглосон бөгөөд А хэсэгт Б.Баасанхүү эхний тойрогто ОХУ-ын бөх Дариа Пичкалеватэй барилдаж цэвэр ялагдаж тэмцээнээ өндөрлүүлжээ. Харин Г.Наранцэцэг D хэсгийг тэргүүлсэн бөгөөд эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Азербайжаны бөх Шафаг Хамидоватай барилдаж базари үнэлгээгээр ялагджээ. Улмаар торгуулийн тойрогт ОХУ-ын бөх Дариа Пичкалеватэй барилдаж базари үнэлэгээр ялж хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болжээ. Хүрэл медалийн төлөө ОХУ-ын бөх Дариа Пичкалеватай барилдана.

Эмэгтэй -52 кг жинд Б.Хорлоодой барилдлаа. Тэрбээр В хэсгийн толгойлсон бөгөөд эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт ОХУ-ын бөх Анастасия Поликарповатай барилдаж нэмэлт цагт цэвэр ялагджээ. Улмаар торгуулийн тойрогт ОХУ-ын бөх Лилия Нугаеватай барилдаж цэвэр ялжээ. Хүрэл медалийн төлөө Германы бөх Анника Вурфелтэй барилдана.

Эмэгтэй -57 кг жинд Л.Энхрийлэн барилдлаа. Тэрбээр А хэсэгт багтсан бөгөөд эхний тойрогтоо Японы бөх Рио Шибататай барилдаж базари үнэлгээгээр ялж, хэсгийн аваргын төлөө Японы бөх Момо Тамаокитай барилдаж нэмэлт цагт торгуулиар ялагджээ. Улмаар торгуулийн тойрогт Бразилийн бөх Жессика Перейратай барилдаж нэмэлт цагт торгуулиар ялалт байгуулжээ. Хүрэл медалийн төлөөх барилдаанд Германы бөх Паулин Старктай барилдана. Харин Азербайжаны нэрийн өмнөө барилдаж байгаа М.Ичинхорлоо алтан медалийн төлөө барилдахаар болжээ.

Медалийн төлөөх барилдаан 21:00 цагт эхэлнэ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.