Бразилын Рио де Жанейро хотноо хүн төрөлхтөний эв нэгдлийн бэлгэдэл болсон 31 дэх удаагийн зуны олимп, 15 дахь удаагийн паралимпийн наадам тус тус зохион байгуулагдаж, эх орноо төлөөлөн оролцсон дөрвөн тамирчин маань медаль хүртэж, элэг нэгт монголчуудаа баярлуулсан билээ.
Тодруулбал, 31 дэх удаагийн олимпоос Д.Сумъяа мөнгө, Отгондалай хүрэл медаль хүртсэн бол паралимпийн наадмаас Б.Ууганхүү, Э.Содномпэлжээ нар тус тус хүрэл медаль хүртсэн юм.
Тэгвэл Бразилын дэвжээнд эх орон, нутаг усныхаа нэрийг гаргаж, бахархам амжилт гаргаад ирсэн тамирчдаа төр засаг, бизнесмэнүүд, нутгийн зөвлөлийнхөн нь чадах бүхнээрээ урамшуулсан. Үүний дүнд Д.Сумъяа, Д.Отгондалай, Б.Ууганхүү нар бүгд шинэ байртай болсон юм. Гэвч, паралимпийн пауэрлифтингийн төрөлд анх удаа Монгол Улсыг төлөөлөн оролцож, амжилтын буухиаг нээсэн Э.Содномпэлжээ ганцаараа л байргүй хоосон хоцорчээ.
“Сүлд” биеийн тамирын спорт хороонд харъяалагддаг тамирчнаа ШШГЕГ-ынхан цэргийн ахмад цолоор урамшуулснаас хэтэрсэнгүй. Түүнчлэн, Увс, Эрдэнэтийн нутгийн зөвлөл нь ч таг мартжээ.
Олимпоос хүрэл медаль хүртсэн Отгондалайг Дорнод аймгийн нутгийн зөвлөл баатрын ёсоор угтан авч байсан санагдана. Б. Ууганхүү, Д.Сумъяа нарыг ч ялгаагүй.
Гэвч, пауэрлифтингийн төрлийн тамирчин л ганцаараа шоовдор хүүхэд шиг хоосон хоцорсон сурагтай. Тэрбээр өөрөө ч энэ сэтгэгдлээ фэйсбүүк хуудастаа илэрхийлсэн байсан бөгөөд “Явсан авсан хүмүүс бүгдээрээ байртай боллоо. Байрандаа орлоо гэж байна. Яамаар ч юм бэ дээ” хэмээн постолсон байв.
Гавъяа байгуулсан тамирчнаа орон нутаг, байгууллага нь ч ганц байраар урамшуулж чадахгүй байхад, ер нь жүдоч Г.Отгонцэцэг шиг өөр улсын нэрийн өмнөөс тэмцээнд оролцсон ч яадаг юм.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.