ESL (Electronic Sports League)-ээс зохиодог CS2 (Counter Strike 2)-ын төрлийн тэмцээнүүдийн нэг "Intel Extreme Masters Rio 2024" эхэллээ. Тус тэмцээний шагналын сан 250 мянган ам.долларын бөгөөд дэлхийн шилдэг 16 баг өрсөлдөнө. Тус тэмцээнд Монголын "The MongolZ" баг оролцож байгаа бөгөөд В хэсэгт орж хоёр дахь тоглолтоо Францын "Team Vitality"-тай хийж 2-0 (Inferno 17-19, Nuke 8-13) харьцаагаар хожигдлоо.
Тоглолтод багийн ахлагч Бямбасүрэнгийн "bLitz" Гарьдмагнай 83.8 ADR (Average Damage Per Round)-тай багаа тэргүүлсэн байна.
Манай залуус өмнө "Team Vitality" багтай "ESL Pro League Season 19", "PGL CS2 Major Copenhagen 2024" тэмцээнүүдийн үеэр таарч тоглохдоо хожиж байгаа юм.
The MongolZ аравдугаар сарын 8-ны шөнө эхний тоглолтоо Оросын "Virtus.pro" багийн эсрэг хийж Mirage 13-10 харьцаагаар хожсон юм. Манай баг өнөөдөр хасагдах шатанд Туркийн "Eternal Fire"-тай 22:00 цагаас тоглохоор боллоо. Eternal Fire өнгөрсөн шөнө "G2 Esports"-ыг 2-0 харьцаагаар хожиж тэмцээнээс хассан байна.
Хоёр баг өмнө нь хоёр ч тэмцээний үеэр таарч байв. Жами "Jame" Алигийн баг "ESL Challenger Atlanta 2023" тэмцээнд 2-0 (Overpass 13-11, Inferno 13-8) харьцаагаар, "ESL Pro League Season 19" тэмцээнд 2-0 (Overpass 11-13, Mirage 13-6, Ancient 13-11) харьцаагаар тус тус хожиж байв.
Манай багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагчаар Баянбатын Эрдэнэдалай /maaRaa/, багийн ахлагч Бямбасүрэнгийн Гарьдмагнай /bLitz/, Мөнхболдын Содбаяр /Techno4K/, Банзрагчийн Өсөхбаяр /910/, Батболдын Аюуш /mzinho/, Мөнхболдын Азбаяр /Senzu/ нар тоглож байна.