Электрон тоглоомын Counter strike-2-ын хамгийн том тэмцээн болох "Perfect World Shanghai Major 2024" тэмцээн болж байна. 1,250,000 ам.долларын шагналын сантай тэмцээнд Монголын "The MongolZ", монгол дасгалжуулагчтай Австралийн "FlyQuest" багууд тоглож байгаа юм.
Өчигдөр The MongolZ Европын төлөөлөл "GamerLegion" багийг 2-0 (Mirage 13-5, Anubis 13-2) харьцаагаар хожлоо. Ийнхүү тэд мажорын дараагийн шат буюу "Elimination Stage"-д шалгарав. Тус шатны тоглолтууд арванхоёрдугаар сарын 5-д эхлэх бөгөөд дэлхийн чансааг тэргүүлэгч найман баг хүлээж байна.
The MongolZ эхний тоглолтоо Хятадын Rare Atom багтай хийж 13-2 /Anubis/ харьцаагаар дараагийн тоглолтоо Бразилийн MIBR багтай хийж 13-6 /Ancient/ харьцаагаар тус тус хожсон билээ.
Харин Гантулгын Эрдэнэцогт /erkaSt/ дасгалжуулагчтай "FlyQuest" баг Америк тивийн төлөөлөл "Team Liquid"-тэй 1-2 (Inferno 13-5, Anubis 9-13, Nuke 1-13) харьцаагаар хожигдсоноор 2-1 амжилттай боллоо. Тэд Elimination Stage шатанд шалгарахын төлөө өнөөдөр 14:00 цагаас Бразилийн "paiN Gaming" багтай тоглоно. Тэд эхний тоглолтоо Америк тивийн тэргүүн багуудын нэг "Complexity Gaming" 13-6 /Anubis/ харьцаагаар хожиж, дараагийн Германы "BIG" багийг 13-5 /Nuke/ харьцаагаар хожсон.
Дэлхийн шилдэг 24 баг гурван шат дамжин тоглох энэхүү электрон спортын оргил тэмцээний эхний буюу "Opening Stage" шатны тоглолтууд швейцар системээр болж байна. Хамгийн түрүүлж 3 хожсон найман баг хоёр дахь буюу "Elimination Stage" шатанд шалгарна, харин гурав хожигдсон багууд нутаг буцна.
Elimination Stage шатанд тоглох эхний хоёр Монголын "The MongolZ", "Team Liquid" багууд тодсон бол Шанхайг орхиж гэртээ харих эхний хоёр баг Бразилийн Imperial Esports, Европын төлөөлөл "Fnatic" багууд нутаг буцлаа.
The MongolZ багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагчаар Баянбатын Эрдэнэдалай /maaRaa/, багийн ахлагч Бямбасүрэнгийн Гарьдмагнай /bLitz/, Мөнхболдын Содбаяр /Techno4K/, Банзрагчийн Өсөхбаяр /910/, Батболдын Аюуш /mzinho/, Мөнхболдын Азбаяр /Senzu/ нар тоглоно.