Л.Цэнд: Бидэнд сэтгэлээсээ ажиллах дасгалжуулагч хэрэгтэй байсан, тэгээд Д.Энхбаярыг Америкаас дуудаж байлаа

Л.Цэнд: Бидэнд сэтгэлээсээ ажиллах дасгалжуулагч хэрэгтэй байсан, тэгээд Д.Энхбаярыг Америкаас дуудаж байлаа

Монгол Улсын тэшүүрийн спортын ууган Гавьяат тамирчин ,спортын мастер, дасгалжуулагч Л.Цэнд багштай ярилцлаа.

-Монгол Улсад өвлийн спорт сайн хөгжөөгүй байна. Гэхдээ тэшүүрийн спортын үе үеийн тамирчид бахдам амжилтыг гаргасаар ирсэн. Хамгийн сүүлд гэхэд Монголоос тэшүүрийн спортын төрлөөр Залуучуудын Олимпийн аварга төрлөө. Тэгвэл одоо энэ спортын хөгжил ямар төвшинд байна гэж та хардаг вэ?

-Энэ асуудлыг ярихаар улсын хөгжилтэй холбох л болно. Одоо бид шинжлэх ухаан, техникийн эрин үед амьдарч байна. Манай улсаас бусад бүх оронд битүү гулгуурын талбайтай болчихсон. Манайхтай адил хогийн шүүр бариад мөсөн дээр зогсдог улс гэж дэлхийд байхгүй. Дээр үед, намайг уралдаж байхад бол яах вэ, манайхтай адил улсууд байсан.

Одоо тиймгүй шүү дээ. Бүр ганц ч биш өч төчнөөн битүү дээвэртэй өвлийн спортын ордонтой байна. Японд маш олон битүү гулгуурын талбай байгаа. Битүү гулгуурын талбайтай учраас л тамирчдын ур чадвар эрс өсч байгаа юм. Бид жилдээ хоёр сар орчим л гулгадаг. Гэтэл гадаадын тамирчид жилийн есөн сард нь гулгаж байна. Бусад нь үед амраад, бие бялдраа хөгжүүлэх дасгал хийж байгаа. Ингээд л дэлхийн улс орнуудын тамирчдын ур чадвар эрс дээшилчихлээ.

Манай улсын хувьд 10-аад жилийн өмнө битүү гулгуурын талбай барья гэж яриад, Дэлхийн Тэшүүрийн холбооны Ерөнхийлөгч хүртэл Монголд ирсэн шүү дээ. Тухайн үеийн Ерөнхий сайд уулзаад, битүү гулгуурын талбай байгуулах Засгийн газрын тогтоол гарсан. Гэвч өнөөдрийг хүртэл 10 жил хөөцөлдөөд барьж чадаагүй л явна. Үүгээрээ л бид хоцорч байна. Уг нь 10 жилийн өмнө шийдсэн асуудлыг 5-6 жил яриад, барьвал барьчихмаар юм даа.

Даанч барих сэтгэл дутсан байх. Дээрээс нь мөнгө төгрөг дутсан, газар нь олдоогүй гээд тоочвол олон юм байна даа. Би хувьдаа битүү дээвэртэй ордонтой болчих юмсан гэж их зүтгэсэн. Багш нь 75 хүртлээ гадаа хүйтэнд зогссон. Өвлийн хүйтэнд гадаа зогсоно гэдэг тийм амар биш шүү. Тийм болохоор битүү ордонтой болох гэж их үзлээ. Даанч бүтээгүй л байна. Тиймдээ ч тэшүүрийн хөгжил манайд тийм ч сайнгүй байна. Уг нь гадаа талбай гэхэд л нэлээд олон байсан. Одоо бүгд байхгүй болчихлоо.

-Манай тамирчид бэлтгэлээ дугуйт тэшүүрээр хангаж байгаа талаар яриад байдаг.  Тэгж бэлтгэл хийгээд гадаадын тамирчидтай өрсөлдөх боломж бага биз дээ?

-Дугуйт тэшүүрээр бэлтгэл хийх нь хэрэгтэй. Америк, Солонгосын тамирчид дугуйт тэшүүрээр уралддаг. Гэхдээ зүгээр машин явдаг засмал зам дээр бэлтгэл хийхээр болохгүй шүү дээ. Бас л зориулалтын талбай байх ёстой юм. Тэгж байж л амжилт гаргана.

Дулаан орнуудад бол дугуйт тэшүүрийн уралдаан өндөр хөгжсөн. Зориулалтын талбайтай, хол зайд уралддаг юм билээ. Манайд бол тийм зориулалтын талбай байхгүй. Тийм болохоор дугуйт тэшүү­рээр бэлтгэл хийлээ гээд нөлөө бага. Уг нь бол тэшүүр бүх хүн хичээллэж болохоор нийтлэг спорт. Эрэгтэй, эмэгтэй, хөгшин залуу гэлтгүй. Манай тамирчид 2016 онд маш их өндөр амжилт гаргалаа. Ялангуяа Б.Сумъяа гэж 17 настай охин байна. Дэлхийн Залуучуудын хоёрдугаар Олимпт оролцож, түрүүллээ. Багийн тэмцээнд оролцсон л доо. Д.Энхбаяр маань сугалаагаар Б.Сумъяагийнхаа багтсан багийг дасгалжуулахаар таарсан.

Б.Сумъяа хамгийн түрүүнд гарсан, их өндөр хурд гаргасан. Тэр хурдыг дараагийн тамирчид нь барьж чадсан. Их хүчтэй багууд байсан ч Б.Сумъяагийн багтсан багийн амжилтад хүрч, хурдалж чадаагүй. Ийм л өндөр амжилт гаргасан. Энэ амжилтыг үнэлэх ёстой. Манай холбоо гэхэд л огт анхаарал хандуулаагүй, үнэлээгүй. Бусад спортынхныг хараад байхад Олимпийн наадмаас медаль авсан тамирчиндаа байр хүртэл өгөөд, дэмжээд байгаа харагдах юм. Гэтэл тэшүүрийн тамирчинд л таг.

Манай холбоо муу ажиллаж байгаа байх. Хөөцөлдөхгүй л байгаа болов уу. Хөөцөлдвөл болохгүй юм гэж юу байх билээ. Би дотроо  17-хон настай охин Олимпийн аварга аваад ирж байхад нь сайхан хүлээж аваад, хоёр өрөө орон сууц өгчих юм болов уу гэж бодож байсан юм. Олимпийн аварга гэдэг бол хэн дуртай тамирчинд нь олддог алдар, амжилт ч биш. Хэдийгээр улсуудын хамтарсан баг байсан ч гэсэн энэ бол маш том амжилт.

-Хэрвээ манай тамирчид битүү дээвэртэй ордонтой, системтэй бэлтгэл хийдэг бол том амжилт гаргаж чадахыг харуулсан үйл явдал шүү, энэ?

-Яг тийм. Энэ хүүхэд цөөхөн хоног Солонгост бэлтгэл хийгээд, Хятадад бас хэд хоносон байх. Үндсэндээ 20 гаруйхан хоног бэлтгэл хийчихээд  л 7-8  сар гулгасан тамирчидтай уралдсан. Хоёрдугаарт, Олимпийн наадамд оролцоно гэхээр л хэн дуртайг нь авчихдаг юм биш. Дэлхийн шилдэг 25 хүнийг сонгож авдаг. Б.Сумъяа шилдэг 25 тамирчинд багтаад, Олимпийн наадамд оролцож, амжилт үзүүлээд ирсэн. Тийм болохоор үнэлэх ёстой гэж би ойлгодог. Үнэлэхгүй болохоор нь багш нь жаахан гоморхож л явна. Яагаад гоморхоод байна вэ гэхээр, энэ бол миний отгон шавь. 10 настай байхад нь би аав, ээжтэй нь уулзаж, сонгож авсан юм. Дарханы хүүхэд шүү дээ.

Тэгээд эцэг, эхэд нь “Хотод аваад ир. Би Баянгол дүүргийг хариуцаад, хэдэн хүүхэд бэлтгээд явдаг юм. Энд сургууль соёлд оруулаад, бэлтгэл хийлгэе” гэсэн. Миний саналыг аав, ээж нь хүлээж авч, хүүхдээ хотод авч ирсэн юм. Зургаан жил миний удирдлагад бэлтгэл хийсэн. Харин сүүлийн жил гаруй хугацаанд Д.Энхбаяртай хамт бэлтгэл хийж, тэмцээн, уралдаанд оролцож байна. Д.Энхбаяр чинь миний шавь болохоор бид хоёрын сургуулилт, бэлтгэл хийлгэх аргад нэг их хол зөрөө байхгүй.

-Манай улсад тэшүүрийн спортоор хичээллэж байгаа хүүхэд, залуучууд цөөн байна уу. Эсвэл амжилт гаргаж байгаа нь цөөхөн болохоор тэгж харагдаад байна уу?

-Үгүй ээ, цөөн биш, харин ч олон байгаа. Одоо бол гулгадаг талбай нь цөөхөн болчихоод байна. Улаанбаатар хотод намайг тамирчин байхад стандартын шаардлага хангасан гурван гулгуурын талбай байлаа. Гэтэл одоо хөдөө Хөвсгөл, Орхон аймагт л стандарт талбай байна. Ингээд л болоо. Хэрвээ гулгуурын талбайтай бол маш олон залуучууд сонирхож, хичээллэнэ.

Ялангуяа бид өвлийн спортын битүү дээвэртэй ордонтой болчихвол ганцхан гүйлтийн тэшүүр биш уран гулгалт, хоккей, шорт трек гээд олон спорт зэрэг хөгжих боломжтой. Тиймээс л битүү гулгуурын талбайтай л болох хэрэгтэй байна. Тэгэхгүй бол хэчнээн тамирчдыг “нүдээд” өндөр амжилт гаргахгүй. Нэгэнт л бэлтгэл хийх нөхцөл байхгүй байхад яаж өндөр амжилт гаргах вэ дээ. Тэнд тамирчид гулгаж байхад бид энд дандаа л бие бялдрын, хүчний бэлтгэл хийж байна шүү дээ.

-Өнөөдөр тэшүүрийн дасгалжуулагч хийх хүн Монголд тун цөөн байх шиг байна. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Дасгалжуулагч үнэхээр хомс байна. Яагаад хомс байна гэхээр, нэгдүгээрт ажиллах нөхцөл маш хүнд. Тэгээд их бага цалин авдаг. Гадаа 20 гаруй градусын хүйтэнд мөсөн дээр зогсоод байх тийм амар биш шүү. Дээрээс нь хангамж муу. Тийм учраас аль болох дулаахан, тохьтой газар ажиллахыг хүснэ биз дээ. Яахав дээ, энэ ажилдаа дуртай хүмүүс нь л өнөөдрийг хүртэл явж байна. Бидний үед хэдэн сайхан хөгшчүүл байлаа. Дашням, Ламжав гавьяат, Санжаасүрэн гэх мэт олон хүн байсан. Өөрсдөө энэ спортод хайртай, дурлаж явсан учраас сэтгэлээрээ зүтгэж байж. Одоо бол сэтгэлээрээ зүтгэх бараг л алга байна.

-Залуучуудын Олимпийн аварга Б.Сумъяаг дасгалжуулж, энэ өндөр амжилтад хүргэсэн хүн нь дасгалжуулагч Д.Энхбаяр. Таны ууган шавь нарын нэг байх. Шавийнхаа талаар жаахан дурсамж дэлгээч?

-Би үндэсний шигшээ багт 11 жил багтаж байгаад, 1972 онд Токиогийн Олимпийн наадамд оролцчихоод л зодог тайлсан. 32 нас хүрсэн болохоор больё гэж бодоод зодог тайлсан нь тэр. Тэгээд “Хоршоолол” нийгэмлэгийн орлогч даргаар ажилласан. Ерөнхийдөө спорт хариуцсан л хүн гэсэн үг. Тэнд нэг жил ажилласан.

Тэгээд “Энэ миний ажиллах газар биш байна” гэж бодоод больсон. Түүнийхээ дараа  Улаанбаатар хотын боловсролын хэлтэс дээр очоод, тухайн үед байсан Биеийн тамирын хүүхдийн оройн сургуульд тэшүүрийн анги нээж ажиллах хүсэлтээ тавьсан. Тэд ч миний хүсэлтийг хүлээн зөвшөөрч, 1973 онд би тэшүүрийн анги нээсэн юм.

40-өөд хүүхэдтэй, хичээлийн бус цагаар заана. Тэнд л манай Д.Энхбаяр, Дагвадорж, Эрдэнэ-Өлзий гэх мэт хүүхдүүд орж ирсэн. Тэр үеэс л тэшүүрийн спорт их сайхан болсон. Олон ч сайн тамирчид гарч ирсэн.

Манай Д.Энхбаяр холын зайд маш сайн уралддаг, сайн тамирчин байсан. Яахав, сүүлдээ зах зээл ч гарсан, Д.Энхбаяр Солонгос, Америк явж ажилласан. Тухайн үед би шигшээ багт дасгалжуулагч хийж байсан. Гэвч бие жаахан муу, нас ч дээр гарсан. Тэгээд л “Ерөөсөө л Д.Энхбаярыг л дуудъя. Боломжийн хүн юм байгаа юм” гэж энэ хавиараа ярьж байгаад Америкаас дуудаад авч ирж байлаа даа.

-Яагаад заавал Д.Энхбаяр дасгалжуулагч гэж. Өөр дасгалжуулагч үнэхээр олдоогүй юм уу. Эсвэл ур чадвараас авахуулаад бас бус зүйлийг нь харж сонгосон байх нь уу?

-Тухайн үед дасгалжуулагч үнэхээр хомс болсон. Бидэнд яг л үнэн сэтгэлээсээ ажиллах хүн хэрэгтэй байсан юм. Тэгээд л Д.Энхбаярыгаа дуудаж авчирсан. Америкт боломжийн бизнес эрхэлж байсныг нь хэцүүдүүлсэн л дээ, бид. Сүүлд надад хэлж л байсан, багш тэгсэн шүү гээд.  Тэр үедээ олон жил гадаадад байсан хүн нутагтаа ирье гэж санасан байх. Тиймдээ ч их дуртай ирсэн. Гэвч нөхцөл байдал, мөнгө төгрөг тийм ч таатай байгаагүй.

Гэхдээ л Д.Энхбаяр өнөөдрийг хүртэл улсын шигшээ багт 10-аад жил ажиллачихлаа. Маш олон сайн тамирчин бэлтгэн гаргасан. Олон улсын хэмжээний мастер тамирчид төрүүлсэн. Г.Ууганбаатар, Б.Ургаацэцэг, Г.Мөнх-Амьдрал, Г.Мөнхдорж гээд л хөвөрнө. Хамгийн сүүлд Б.Сумъяаг дурьдаж болж байна. 17-хон настай хүүхэд. Цаашид олон сайхан амжилт гаргана даа.

Энэ хүүхдийг Олимпийн наадамд түрүүлэхэд хамгийн гол нөлөөлсөн хүн бол Д.Энхбаяр. Тэр хүүхдийн бэлтгэлжилт таарч байна уу, юу нь дутаж байна, одоо яахав гэдэг чинь тэр хүний оюун ухаанаас шалтгаална. Тэгээд тамирчидтайгаа сайн харилцаж, учрыг нь олж ойлгуулж чадаж байна.

Одоо чинь хүүхдүүдийн сэтгэл зүй өөр болсон. Хуучин шиг тэг гэж захиргааддаг үе өнгөрсөн. Би уржнангаас эхлээд мөсөн дээр зогсохоо больчихсон. Гэхдээ өнгөрсөн жил нэг удаа очоод харж байхад бэлтгэл хийж байгаа хүүхдүүд их цөөрсөн байна. Сайхан сайхан тамирчид байсан больчихож. Энэ бол холбооны л үйл ажиллагаатай холбоотой л доо.

-Саяхан дасгалжуулагч Д.Энхбаяр тамирчдаа аваад Хятад руу явж бэлтгэл хийлээ. Бас асуудлыг чадахаараа л зохицуулж, тамирчдынхаа ур чадварыг нэмэх тал дээр ажиллаж байх шиг байна?

-Одоо охидуудаас Б.Сумъяа, Д.Дэлгэрмаа, А.Зул гээд тамирчид байна. Эрэгтэйчүүдээс ч гэсэн овоо хэдэн сайхан тамирчин бий. Я.Зоригтбаатар, Д.Гочоосүрэн гээд тун сайн тамирчид байна. Д.Энхбаяр маань энэ хэдэн хүүхдийг хаяж чадахгүй л байгаа. Энэ хэдэн хүүхдүүдийг дэмждэг газар гэж байхгүй, сэтгэлээрээ л бэлтгэл хийгээд яваад байна. Сая ч гэсэн яаж зардал мөнгийг нь олсон юм, бүү мэд. Цөөхөн хэдэн хүүхэд аваад Хятад явлаа л гэж байсан. Би “Өөртөө ингэж лай удаж яах гээд байгаа юм” гэж загнасан. Гэтэл надад “Өөрийнхөө хөдөлмөрийн үр дүнг үзмээр байна шүү дээ багш аа” гэж байсан. Өнөөдөр ирэх эргээд ирэх. Гэтэл ирэхэд нь манайд мөс байхгүй. Хэзээ ч мөстэй болох юм, бүү мэд.

-Уг нь өвлийн Олимпийн наадамд тамирчдаа оруулаад, мөсөн замд уралдуулчихвал?

-Тэр хүний зорилго нь ерөөсөө л тэр. 2018 оны Олимпийн наадамд орох гээд л энэ хэдэн хүүхдийг бэлтгээд л байна. Гэхдээ Олимпийн нормтив биелүүлнэ гэдэг хэцүү. Нэг удаа биелүүлээд болчихдог юм биш. Гурван удаагийн тэмцээнд оролцож, бүгдэд нь Олимпийн нормтив биелүүлж байж оролцоно. Тэгээд тэшүүрийн спорт гэдэг секунд, долиор хэмжигддэг. Тийм болохоор маш хэцүү. Яахав, Олимпийн нормтив биелүүллээ. Гэтэл 25 хүн л оролцох ёстой. Залуучуудын Олимпийн эрх авахаар  Я.Зоригтбаатар гэдэг хүү, Б.Сумъяа хоёр явсан. Гэтэл тэр хүч 100 гаруй хүн уралдаж байхад 31 дүгээр байрт шалгарч, маш сайн байсан. Харамсалтай нь 25 хүн л авах ёстой болохоор Олимпийн наадамд оролцож чадаагүй.  Ийм л хэцүү спорт шүү дээ. Гэхдээ л миний шавь бэлтгэж байгаа хэдэн тамирчдаа Олимпийн наадамд оролцуулахын төлөө зүтгэж л явна даа.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.