Э.Одонцэцэг: Цагдаагийн ажил зав багатай ч бэлтгэлээ тасралтгүй хийж, ур чадвараа бууруулахгүйг хичээдэг

Э.Одонцэцэг: Цагдаагийн ажил зав багатай ч бэлтгэлээ тасралтгүй хийж, ур чадвараа бууруулахгүйг хичээдэг

Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн II хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, Цагдаагийн ахлагч Э.Одонцэцэгтэй ярилцлаа. Тэрбээр Монголын Үндэсний Сагсан бөмбөгийн холбооны эмэгтэй дээд лигийн  Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн “Best Cashmer” багийн тоглогч юм.

-Цэрэг, цагдаагийн байгууллагуудад олон алдартай тамирчид харьяалагдаж, ажилладаг. Таны хувьд цагдаагийн байгууллагад хэзээ орж, ажиллаж эхэлсэн бэ?

-Анх 2012 онд цагдаагийн байгууллагад орж, ажиллаж эхэлсэн.  Тухайн үед би ШУТИС-ийн оюутнуудаас бүрдсэн “Хөвсгөл нэг үе” багт тоглодог байлаа. Тэр үедээ л “Хүч” спорт хорооны нэр дээрээс тэмцээнд оролцсон юм. Гэтэл тэмцээний дараа цагдаагийн байгууллагад үлдэж ажиллах хүсэлтэй байвал саналаараа орж болно шүү гэсэн.

Тэр хүсэлтийн дагуу манай багаас таван тоглогч үлдэж ажиллахаар болж байсан юм. Ингээд л 2012 оноос хойш цагдаагийн байгууллагад орж ажиллаад таван жил болж байна даа.

-Одоо тэгээд цагдаагийн байгууллагадаа харьяалагдагдаад сагсан бөмбөгөө тоглодог уу. Эсвэл цагдаагийн ажлаа хийхийн хажуугаар сагсан бөмбөгөө амжуулах уу?

-2012 онд 45 хоногийн курст яваад, цагдаа болсон. Би одоо эргүүлийн цагдаа хийдэг. Таван жилийн турш эргүүлийн цагдаагийн ажлаа хийгээд л явж байна даа. Байнга эргүүлд гарна. Хэрвээ тэмцээнд оролцохоор болбол ажлаас чөлөө олгоно. Гэхдээ байнга чөлөө өгнө гэж юу байх билээ. Гол гол тэмцээнд оролцох болохоор л чөлөө гуйна. Өнгөрсөн жил хэлтсийн даргаасаа чөлөө авч, тэмцээндээ орж байсан. Лигийн тэмцээнийн тоглолтууд  1, 3, 5 дахь болно. Би 2, 4 дэх өдөр ажлаа хийчихээд, тоглолттой өдрөө чөлөө аваад л явна. Ажлынхаа хажуугаар бэлтгэл сургуулилтаа амжуулаад л явдаг байсан. Одоо ч гэсэн ажлынхаа хажуугаар бэлтгэлээ хийдэг.

-Цагдаа тамирчин байхын жаргал, зовлонгоосоо хуваалцаач?

-Хэцүү үе зөндөө л гардаг. Наад зах нь л байнгын чөлөө гуйх чинь хэцүү шүү дээ. Ажлаа нэгдүгээрт тавих ёстой болдог. Ерөөсөө цагдаагийн байгууллагад орсон л бол ажлаа нэгдүгээрт тавих хэрэгтэй болно. Тэгээд дараа нь ар гэр, үр хүүхдээ анхаарна. Цагдаагийн байгууллагад орж ажилласнаас спортыг нэгдүгээрт тавихаа больсон доо.

-Улаанбаатар хотын цагдаагийн газрын түүхт 90 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байгаа.  Нийслэлийнхээ амгалан тайван байдлын төлөө ажиллаж байгаа цагдаа хүний хувьд ажлаа бахархаад ярьвал?

-Хуучин Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газар байсан. Хөдөлгөөнт эргүүлийн газар таван жил болоод татан буугдахад албан хаагчид нь дүүргүүдэд хуваарилагдаж очсон. Ингэснээр дүүргүүдийн албан хаагчдын тоо өссөн. Хан-Уул дүүргийнх ч ялгаагүй. Тухайн үед бол Хан-Уул дүүргийн цагдаагийн газар гэж байсан юм. Улмаар албан хаагчид нь нэмэгдээд ирэхээр 2012 оны арванхоёрдугаар сард Хан-Уул дүүргийн цагдаагийн 1, 2 дугаар хэлтэс болж хуваагдсан. Манай цагдаагийн хоёрдугаар хэлтэс 2012 оны арванхоёрдугаар сарын 9-нд байгуулагдаж байлаа. Миний хувьд Нийтийн хэв журмын тасагт харьяалагддаг. Одоогоор Мөрдөн байцаах тасаг,  Эрүүгийн тасаг гэх мэт таван тасагтай үйл ажиллагаагаа явуулдаг. Би 2013 онд Баянзүрх дүүргээс энэ хэлтэст шилжиж ирж байсан. Түүнээс хойш энэ хэлтэстээ дөрвөн жил ажиллаж байна даа.

-Эмэгтэй хүн эргүүлийн цагдаа хийнэ гэдэг тийм ч амар биш. Ер нь яагаад цагдаагийн байгууллагыг сонгож ажиллахаар болсон юм бэ?

-Би цагдаа болох хүсэлтэй хүүхэд байсан. Дунд сургуулиа Дарханд төгссөн. Тэр үед Цагдаагийн академийн хуваарь Дарханд жил алгасч очдог байсан юм. Гэтэл намайг төгсдөг жил Цагдаагийн академийн хуваарь ирээгүй. Тэгэхээр нь Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуульд орсон. Тэнд сурч байхдаа сагсан бөмбөгөө тоглоод л явдаг байлаа. Гэтэл 2012 онд Бүх ард түмний спартикад болж, надад цагдаа болох боломж гарч ирсэн. Тэгэхээр нь тэр дор нь барьж аваад л, цагдаа болох хүслээ гүйцэлдүүлсэн дээ. Одоо бол би эчнээгээр сураад, гурван жилийн дараа офицер болох боломжтой. Миний хамгийн ойрын төлөвлөгөө офицер цол авах л байна даа.

-Цэрэг, цагдаагийн байгууллагуудын хооронд янз бүрийн тэмцээн болж байгаа харагддаг. Тэр тэмцээнүүдэд оролцож, авьяас чадвараа мэдрүүлнэ биз?

-Ямар ч тэмцээнд орсон медалиас мултардаггүй. Цагдаагийн байгууллагуудын дунд “Хүч” спорт хорооноос зохион байгуулдаг “Хүчийн аварга” гэдэг тэмцээн болдог. Дүүргүүд, газар хэлтсүүд тусдаа баг бүрдүүлж оролцоно. Хөдөө, орон нутгаас багууд ирж оролцдог, том тэмцээн болдог. Тэр тэмцээнд 2013, 2014, 2015, 2016 онд Хан-Уул дүүргийн цагдаагийн II хэлтсийнхээ багтай оролцоод, түрүүлсэн. Мөн шилдэг тоглогчийн шагналыг ч авсан. Мөн нийслэлийн цагдаагийн шигшээ багтаа багтдаг. Тэр шигшээ багтайгаа хамт бас  Мэргэжлийн хяналтын нэрэмжит Улаанбаатар хот байгуулагдсаны ойн сагсан бөмбөгийн тэмцээнд дөрвөн жил дараалж аваргалсан.  Ерөнхийдөө манай цагдаагийн эмэгтэй баг амжилттай оролцдог. Би түрүүнд “Хөвсгөл нэг үе” гэдэг багийн таван тамирчин цагдаагийн байгууллагад үлдэж ажиллахаар болсон гэж хэлсэн дээ. Нэг охин маань Төрийн тусгайд ажилладаг. Харин нөгөө дөрөв нь одоо цагдаадаа ажилладаг. Тэр хэдтэйгээ нийлээд, шигшээ баг болоод л орно. Бусад жижиг тэмцээнд бол дөрвүүлээ бие биеийнхээ эсрэг л тоглодог юм. Өөр, өөр хэлтэст ажилладаг болохоор.

-Өнгөрсөн жилээс авахуулаад Монголын Үндэсний Сагсан бөмбөгийн холбооноос эмэгтэйчүүдийн супер лигийн тэмцээнийг зохион байгуулж эхэлсэн. Энэ тэмцээнд өөрийн тань тоглодог Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн “Best Cashmer” баг түрүүлсэн байх аа?

-Хуучин эмэгтэйчүүдийн лиг “Спрайт лиг” гэдэг нэртэйгээр зохион байгуулагддаг байсан юм. Тэр тэмцээнд манай “Хөвсгөл нэг үе” баг гурван жил дараалж түрүүлж байлаа. Би тэр багаасаа гараад, “Танан импекс” гэдэг багт тоглож байлаа. Дундуур нь бас үр хүүхэдтэй болоод, сагсан бөмбөгөөсөө хэсэг зуур завсарлага авсан. Харин өнгөсөн жил буюу 2015-2016 оны улиралд МҮСБХ эмэгтэй дээд лиг зохиохоор болсон. Улмаар бүх эмэгтэй сагсан бөмбөгчдөө драфталсан юм. Улмаар зургаан баг болж хуваагдсан. Манай Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн “Best Cashmer” баг ерөнхийдөө сугалаагаар бүрдсэн гэж ойлгож болно. Тэгэхдээ тун сайн тамирчид энэ багт багтсан болохоор улирлын тоглолтод ердөө л ганц хожигдсон. Улмаар лигийн аварга болж, алтан медаль, аваргын бөгжөөр шагнуулсан.

-Монголын эмэгтэй шигшээ баг Олон улсын тэмцээн уралдаанд оролцдог болж эхлээд байна. Шигшээ багт багтах боломж байгаа юу?

-Шигшээ багт арай залуу тамирчдыг дуудаж байгаа. Мөн илүү туршлагатай, олон жил тууштай тоглосон хүмүүс багтдаг юм.

-Монголын сагсан бөмбөг­ийн спорт харьцангуй хөгжиж эхэллээ. Эрэгтэйчүүдийн лигийн тэмцээнийг бол байнга үзнэ биз. Спортын ордон руу явах зав олдож байна уу?

-Ер нь байнга үздэг. Одоо бүхий л телевизээр гаргадаг болсон. Гадаад, дотоодын лигийн тэмцээнийг гаргаж байна. Ерөөсөө Монголын сагсан бөмбөгийн спорт сайн хөгжиж байгаа. Шүүлтийн хувьд ч давуу талтай болсон. Бичлэг ухрааж үздэг болчихлоо. Хуучин тийм юм байдаггүй л байсан шүү дээ. Спортын орднуудад болж байгаа тоглолтыг үзнэ. Хэдийгээр зав муутай  ч гэсэн бүх ажлаа зохицуулаад л Хандгайт руу ч юм уу явдаг. Эмэгтэй лигийн нээлт Хандгайтын сагсан бөмбөгийн ордонд болж байсан. Хэдий хол ч гэсэн дуртай зүйлийнхээ төлөө явна шүү.
 

-Эрэгтэй тамирчдын ур чадвар харьцангуй дээшилж байна. Гадаадаас тамирчид авчирч ирж байгаа нь ч нэлээд нөлөөлж байгаа болов уу. Харин эмэгтэй сагсан бөмбөгчдийн чадвар ямар хэмжээнд байгаа гэж боддог вэ?

-Тухайн дасгалжуулагчаасаа л шалтгаална гэж боддог. Тэр багтай ажиллаж, нэг баг болгож чадахгүй бол хэчнээн сайн тамирчинтай байсан амжилтад хүрч чадахгүй. Манай багийг өнгөрсөн жил Болормаа гээд Монгол III сургуулийн захирал байсан хүн дасгалжуулсан. Эмэгтэй хүн гэдэг утгаараа бүх тамирчиддаа хүрч ажиллаж байсан. Аваргын төлөөх тоглолтын өмнө сэтгэлзүйч авчираад, бидэнтэй бүгдтэй нь уулзуулж байлаа. Тэгэхээр чинь бүгд аварга болох зорилготой, зоригтой болж байсан. Энэ мэтээр дасгалжуулж л чадвал эмэгтэй тамирчдын ур чадвар тийм ч  муудахгүй гэж би боддог.

-Өмнө нь сагсан бөмбөгт ихэнх цаг заваа зарцуулаад явдаг байсан байх. Харин одоо бол ажлаа нэн тэргүүнд тавихаас өөр аргагүй. Тийм болохоор бэлтгэл сургуулилт хийх цаг олдохгүй, ур чадвар буурах асуудал гарч байна уу?

-Миний хувьд бэлтгэлээ аль болох тасалдуулахгүй байхыг  хичээдэг. Даргаасаа чөлөө авна, бэлтгэлээ хийнэ. Ур чадвараа бууруулахгүй байхыг хичээж байгаа. Долоо хоногтоо мягмар, пүрэв, бямба, ням гээд дөрөв хоног хийдэг. Лигт оролцсон багийнхандаа хамтраад л бэлтгэлээ хийдэг юм. Энэ жилийн хувьд лиг хэзээ эхлэх нь тодорхой биш байгаа. Тийм болохоор албан ёсны бэлтгэл эхлээгүй л байна. Гэхдээ л би хувийн бэлтгэлээ байнга хийгээд, ур чадвараа сайжруулах тал дээр анхаараад л явж байна даа.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.