Н.БОЛД
БНХАУ-ын Чиндао хотноо өнөөдөр Олон улсын жүдо бөхийн холбооны 2016 оны хамгийн сүүлчийн Гран при ангиллын тэмцээн эхлэх юм. Энэ удаагийн Чиндаогийн Гран прид дэлхийн 15 орны эрэгтэй 85, эмэгтэй 70, нийт 155 жүдоч өрсөлдөх юм байна. Хятад улс зохион байгуулагч орон гэдэг утгараа давуу эрх эдэлж, нэг жинд дөрвөн жүдоч оролцуулж байгаа юм.
Тиймдээ ч эрэгтэй 26, эмэгтэй 30 Чиндаогийн татамид гарахаар болжээ. Мөн Азид болж байгаа гэдэг утгаараа Олимпийн наадмаас хойш Гран при тэмцээнд тамирчдаа оролцуулаагүй Япон, Солонгосын баг цөөн тооны жүдочоо илгээсэн байна. Японоос эрэгтэй, эмэгтэй тус бүр дөрвөн тамирчин очиж байгаа бол Солонгос эрэгтэй найм, эмэгтэй дөрвөн тамирчин энэхүү тэмцээнд оролцохоор болсон байна. Мөн Оросын баг эрэгтэй 11, эмэгтэй 12 тамирчнаа илгээсэн нь хамгийн ихэд тооцогдож байгаа юм. Тэгвэл Монголын шигшээ багаас эрэгтэй 11, эмэгтэй хоёр, нийт 13 тамирчин Чиндаог зорьсон билээ. Олимпийн наадмаас хойш хэд хэдэн тэмцээн болоход манайх 1-2 тамирчин л оролцуулсан. Тэр ч битгий хэл Абу Дабигийн “Их дуулга” ангиллын тэмцээнд манайхаас 48 кг-ын жинд Гавьяат тамирчин М.Уранцэцэг ганцаараа оролцсон.
Тэгвэл энэ удаад 13 тамирчин Чиндаогийн Гран прид оролцохоор очсон нь Олимпийн наадмаас хойш хамгийн олон жүдоч хилийн дээс алхсан явдал байлаа. Уг нь Монголын жүдо бөхийн холбооноос энэ тэмцээнд оролцох тамирчдыг өөрсдийнхөө зардал мөнгөөр явахыг сануулсан мэдээлэл гарч байсан. Тэгж үзвэл манай тамирчид өөрсдөө зардлаа гаргаж, Олон улсын тэмцээнд оролцохоор явж байгаа бололтой. Туршлагатай тамирчдаас 60 кг-ын жинд Дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин, дэлхийн аваргын хүрэл медальт Ц.Мөнхзаяа болон ОУХМ А.Батсуурь, Д.Алтансүх нар оролцож байгаа билээ.
Чиндаогийн Гран прид оролцох тамирчид
60 кг: Дашдаваагийн Амартүвшин /Дэлхийн аваргын мөнгөн медальт/
66 кг: Довдонгийн Алтансүх /ОУХМ, Азийн аварга/
66 кг: Адъяагийн Батсуурь /ОУХМ, 2016 оны улсын аварга/
73 кг: Ганболдын Чойжилсүрэн /Жүдо академи/
73 кг: Болдбаатарын Баяндүүрэн /Фүкүй дээд сургууль/
81 кг: Нямсүрэнгийн Дагвасүрэн /ОУХМ, Азийн аварга, багийн ДАШТ-ий хүрэл медальт/
90 кг: Гантулгын Алтанбагана /ОУХМ, "Алдар" спорт хорооны тамирчин/
90 кг: Одхүүгийн Цэцэнцэнгэл /"Тэмүүлэл" дэвжээ/
-100 кг: Хутагын Цогтгэрэл /ОУХМ, "Алдар" спорт хороо/
-100 кг: Батбаатарын Билгүүн
+100 кг: Өлзийбаярын Дүүрэнбаяр /ОУХМ, Залуучуудын дэлхийн аварга/
Эмэгтэй
57 кг: Лхагватогоогийн Энхрийлэн /ОУХМ, ОБЕГ-ын “Аврагч” спорт хороо/
63 кг: Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа /Монгол Улсын гавьяат тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт/
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.