Их цагийн хүрдний нэгэн дуртгал

Их цагийн хүрдний нэгэн дуртгал

Ямархан төрөлхийтөн бээр их цагийг урьтаж мэдэх буй

Ямарваа бодгалийн хэмжээсийг эгэл нүгүүд ягаахин ухах буй.

Тийн хэмээн миний сонссон нэгэн цаг дор Халх Жэвзүндамба Дөрөвдүгээр Богдын ирээдүйн эш вивангрид дор тодорхой айлдсан "Цагаан морин жил сайн цаг ирмүй" хэмээсэн инү цаг лугаа бууж хар дарсан зүүд мэт олон арван жилийн эцэс дор хүмүүний мянга есөн зуун ерэн оны Цагаан морин жил айлчлан ирж, ардчилал болон олонхын засаглал, хүмүүнлэг нийгэм хэмээхүй дор хүмүүн зон сэргэн баясаж, сайн сайхны зүг хөлтэй инү хөлхөж, хөлгүй инү мөлхөж, ялангуяа настан дээдэс нууж, халхалж агсан ном судар, бурхан шүтээнээ ил залж, өвгөн багш лам нар хийд сүмээ сэргээн байгуулж гайхамшигт үеийг илтээр үзүүлжүхүй.

Алин нэгэн бээр насан өөд болсны хойноос шагшин магтах ба зарим ану гутаан доромжилж бах таваа хангах ану соёлт дээд хүмүүний ёсон дор аль ану ч зохис үгүй бөгөөд ямарваа хязгаарыг үл баримтлан мөхөс би бээр өөрийн нүдээр үзэж, чихээр сонссон нэгэн түүхийг үл өгүүлэн өгүүлбээс ийн; би бээр тэрхүү алдарт Цагаан морин жил дүүтэйгээ "Зарлигаар Байгуулсан Амар баясгалант Хийд" лүгээ одож, шавилан сууж, алдар нугуудыг ану өгүүлэхүйеэ бэрх болоод хэргийн тухай дор алдар нугуудыг ану өгүүлбээс Гандантэгчэнлин хийдийн унзад агсан, Дэчэн Галба дацангийн ловон лам Уран багш Данзан, Дайчин Вангийн хүрээний Гэвш багш Итгэл, Амарбаясгалант хийдийн Унзад багш Сундуй тэргүүтэй багш нарын өлмийг шүтэж, ном дор шамдсаар нэгэн жилийн хойно гайхамшигт өвгөн Богд Гүрү Дэва ринбүчи багшийн алтан нигуур золгож, өлмийг шүтсэнээр судар, тантрын гүн хийгээд агуу номлолын үүдээр орсон буй.

Тэр үе дор өвгөн Богд бээр ная гаруй сүүдэр зооглон ахуй ч залуу хүмүүн адил их үйлс дор өөрийн биеэр ханцуй шамлан орж, олон хүмүүнийг ажил үүрэгтэй болгон манлайлж хоёрхон жилийн дотор арав хүрэх үгүй сар нөр их бүтээл өрнүүлэн Амар баясгалант хийдийг сэргээж засварлаж, ертөнц дахинаа ховор лагшин, зарлиг, тааллын нандин шүтээн нүгүүд мянга мянгаар ану залж, мянга есөн зуун ерэн гурван он дор "Их аравнай" өргөх их хурал чуулган соёрхсон дор олон мянга түмэн сүсэгтэн ард хийгээд олон хэлийн дотоод, гадаад зочид гийчид, хорвоо дор хос үгүй эрдэмтэн мэргэд, хутагт хувилгаад ба ялангуяа аньсага чийгтэй өвгөн хуврагууд зуу зуугаар таалан баясаж морилон саатсан буй.

Тэр цаг дор гурав хоногийн их аравнайн хурлын сүүлийн өдөр болох Ёндаг гова буюу Өглөгийн эзний ёслол хийх цаг лугаа тохиож Монгол Улсын Ерөнхийлөгч морилон саатах болсон дор өвгөн Богд багш бээр хөгшин, залуу бүхүй хийдийн лам нарыг чуулуулж ийн айлджухуй; "Монгол Улсын төрийн тэргүүн, манай ерөнхийлөгч их аравнайн хурал дор морилох болсон ану төр улс түвшин болж, түмэн олон баясаж, шажин төр, тусгаар тогтнол улам бат болохуйн шүтэн барилдлага, бэлгэ дэмбэрэл болох буй. Түүний алдар ану Түшээт Хан Очирай Батын алдар лугаа ч адил буй тэргүүтэй олон сайны шүтэн барилдлага буй. Тиймийн тул бид Монгол Улсын Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат гуайг эртний номт хаадын ёсоор угтаж, анхан хийдийн өмнө буухуй дор сэмбэрэм өргөн угтаж, Тамгын сүм, Махаранзын сүмээр өөд залж явсаар их цогчин дуган дор гол шүтээний өмнө арслант суудал засаж "Ёндаг гова" өргөнө. Тэндээс Өндөр Богдын шар орд дор залж, зоог өргөөд үдэж мордуулмуй хэмээгээд бүх лам нар, ажилчид дор хуваарь өгч бэлдүүлсэн ба мөхөс миний ээж, аав хоёр дор зоог унд бэлтгэх албан дор томилсон тэргүүтэй бүх хүмүүн өндөр хариуцлага хүлээсэн буй.

Чингээд Монгол хэмээх дэлхийн түүхнээ дуурсагдсан ба дуурсагдахуй лугаа болох их улсын ерөнхийлөгч бээр төмөр хүлгээр албаны хүмүүсийн хамт морилон золгохуй дор өвгөн Богд багш бээр алд цагаан Аюуш хадаг барин угтаж өлзийтэй сайхан айлдвар айлдалцаж, бүх зүйл өвгөн Богдын тааллаар өрнөж, ялангуяа арслант суудал дор саатан ахуй дор Богд багш бээр өөрийн мутраар Төрийн долоон эрдэнэ, Өлзийт найман тахил тэргүүтнийг нэг нэгээр үүх түүх, эрдэм чадал, ирээдүй дор гарах шүтэн барилдлага нугуудыг номын хэл бээр хоолой хүржгэнүүлэн аялгуулан татаж ерөнхийлөгчийн мутар дор өргөж байхуй дор бидэн бээр бас хоолой мэдэн түрлэг түржүхүй.

Тэндээс цогчин дуганы өмнө талбай дээр Улсын ерөнхийлөгч бээр нийт олон дор айлдвар айлдсан тэргүүтэй эл түүхэн үйл явдлын тухай тухайн үеийн төрийн болон хувийн зүгээс дүрс бичиж, сүүдэр татаж, соронзон хальсан дор дуу хурааж агсан олон хүмүүн буй учир аль нэгэн цаг дор чин сэтгэлт хүмүүс гаргаж тавина хэмээн найдаж буй.

Юутай ч мөхөс миний оюун бодол дор үлдсэн гайхамшигт нэгэн чухаг дурсамжийг бичиг дор буулгахуйн ялдраа "Их хүмүүний тухай эгэл мунхаг оюунаар хэн бээр ч шүүж эс чадах" хэмээн эртнээсээ монголчууд айлдсан утга лугаа агаад гагцхүү ямарваа дээд төрөлхийтний бүтээсэн зохионгуй, тавьсан ерөөл, шүтэн барилдлага болоод төр гүрэн барьж агсан амар үгүй бодгалиудын сэтгэлийн гүнээс бодож тооцоолж хийсэн бүхэн цагийн хүрдний их эргэлтээр сайн цагийг авч ирэх лүгээ ерөөл тавин, итгэл тээж, басхүү гар хумхин суух үгүй өөрийн аль чадахаар улс орны соёл гэгээрлийн төлөө чадан ядан хичээнгүйлэн зорьсон нь лавтай үнэн ажгуу.

Эл дуртгал дор нийтэлсэн түүхэн мөчийн нэгэн агшныг гэрэл зурагчин Цэвэгмэдийн Батзориг агсан сүүдэрлэн буулгасныг түүний ээж Цэрэннадмид гуай сэрүүн тунгалаг ахуйдаа над дор “өөрийн тань багшийн чухал дурсгал” хэмээн нандигнан жаазалж бэлэглэсэн ажгуу.

Ум сайн амгалан болтугай!

ЗАВА ДАМДИН РИНБҮЧИ

22.01.2025

Улаанбаатарын балгад

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 24. БААСАН ГАРАГ. № 15 (7511)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ