Английн премьер лигийн 36 дугаар тойргийн хүрээнд өнгөрсөн шөнө хоёр тоглолт боллоо. Топ дөрөвт буюу гурав, дөрөвдүгээр байрын төлөө өрсөлдөж буй “Ливерпүүл” клуб талбайдаа “Саутгэмптон”-ыг хүлээж авч, хуурай тэнцлээ. Ингэснээр 70 оноотой болж, гуравдугаар байрт бичигдэж байна. Гэхдээ араас нь шил дарж буй “Манчестер Сити” 69 оноотой, нэг тойргийн тоглолт дутуу яваа. Тэр тоглолтдоо хожвол гуравдугаар байр руу орж ирнэ.
Тэгвэл дөрөвдүгээр байрын төлөө өрсөлдөж буй “Арсенал” болон “Манчестер Юнайтед” клубүүд өнгөрсөн шөнө хоорондоо тулсан. “Эмирейтс” цэнгэлдэхэд болсон энэ тоглолтод “Арсенал” клуб өрсөлдөгчөө 2:0-ээр буулгаж авсан. Тоглолтын 54 дэх минутад Жака, 57 дахь минутад Уэлбек гоолдсон. Ингэснээр 63 оноотой болж, зургадугаар байрт бичигдэж байна. Гэхдээ “Их буучид” хоёр тойргийн тоглолт дутуу яваа. Тэр тоглолтууддаа хожвол 69 оноотой болж ирнэ.
“Манчестер Юнайтед”-ын хувьд 65 оноотой хэвээр үлдлээ. Мөн нэг тойргийн тоглолт дутуу байгаа. Тэр тоглолтдоо хожвол 68 оноотой болох ёстой. Аль аль баг нь “Ливерпүүл”-ийг гүйцэхгүй. Гэхдээ сүүлчийн тойргуудад хэрхэн тоглохоос бүх асуудал шалтгаална. Гурав, дөрөвдүгээр байрт шалгарах боломж эдгээр дөрвөн багийн аль алинд нь байна.
“Ливерпүүл” 37 дугаар тойрогт “Вест Хэм”-ийн талбайд зочлох бол 38 дугаар тойрогт “Мидлбсро”-г талбайдаа хүлээж авах юм. “Вест Хэм”-ийн талбайд оноо алдах магадлал бий. “Арсенал”-ын хувьд энэ лхагва гарагт “Саутгэмптон”-ы талбайд зочилно. Мөн “Сандерланд”-тай хийх нөхөн тоглолт бий. Харин 37 дугаар тойрогт “Сток Сити”-гийн талбайд зочлох бол 38 дугаар тойрогт “Эвертон”-тай тоглоно. Хоёр ч тоглолтод оноо алдах магадлал бий.
“Манчестер Сити”-гийн хувьд нөхөн тоглолтоо “Вест Бромович”-тай хийх бол 37 дугаар тойрогт “Лестер”-ийг талбайдаа хүлээж авч, 38 дугаар тойрогт “Уотфорд”-ын талбайд зочилно. “Лестер”-тэй хийх тоглолтод оноо алдах магадлалтай. “Манчестер Юнайтед” нэг нөхөн тоглолтоо “Саутгэмптон”-тай хийнэ. Талбайд нь хийх болохоор оноо алдах магадлал их. 37 дугаар тойрогт “Тоттенхэм”-ийн талбайд зочлох болохоор хожих магадлал бага, оноо алдаж болно. 38 дугаар тойрогт эвгүй өрсөлдөгч “Кристал Палас”-тай тулна. Учраануудыг нь харвал “Ливерпүүл” дөрөвдүгээр байрт шалгарах магадлал өндөр байна.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.