Чөлөөт бөхийн ДАШТ Францын Парис хотноо үргэлжилж байгаа билээ. Өчигдөр манай бөхчүүдээс П.Орхон алтан медаль авч, баг тамирчдын гарааг тун сайхан эхлүүлсэн. Тэгвэл өнөөдөр эмэгтэйчүүдийн 48, 53, 60, 69 кг-ын барилдаан болж, манай дөрвөн бөх хүч үзэх юм.
48 кг-ын жинд зодоглож буй үндэсний шигшээ баг, “Хангарьд” спорт хорооны тамирчин ОУХМ Эрдэнэсүхийн Нарангэрэл Нидерландын Жессика Блашкатай оноолт таарчээ. Түүнийг аргалбал БНХАУ-ын Лиуин Кин, Туркийн Эрин Демирхан нарын ялсантай барилдана.
53 кг-ын жинд Үндэсний шигшээ баг, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Отгонцэцэг зодоглож байгаа. Манай бөх нэлээд хүндхэн сугалаа татсан. Тэрбээр эхний тойрогт Нина Хеммертэй хүч үзэх бөгөөд түүнийг ялбал 2012 оны дэлхийн аварга Канадын Жессика Макдональд, энэ жилийн Оросын аварга буриад бүсгүй Сталвира Оршуш нарын хожсонтой нь тулна.
60 кг-д үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Баатаржавын Шоовдор зодоглож байгаа бөгөөд эхлээд гоц мөргөсөн. Харин хоёрдугаар тойрогт “Рио-2016” олимпийн аварга Рисако Кавай, энэ жилийн Европын аварга ОХУ-ын Любовь Овчарова нарын ялсантай хүч үзэхээр болжээ.
69 кг-ын жинд “Алтай” констракшны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа зодоглож байгаа. Манай бөх тэгшитгэлд Киргизстаны Меерим Жуманазароватай хүч үзэхээр боллоо. Хэрэв түүнийг ялбал БНСУ, Энэтхэгийн бөхчүүдийн ялсантай барилдана.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.